Монголын төрийн данхайсан бүтцийг өөрчлөх шаардлага бий болсон. Социализмын үеэс уламжлагдан ирсэн олон давхардсан яам, агентлаг, шаардлагагүй төрийн өмчит компаниуд өнөөдөр нийгмийн асуудлын нэг хэсэг болсон. УИХ-ын хаврын чуулганаар төрийн процессын дахин инженерчлэлийн үзэл баримтлалыг баталж, Засгийн газарт хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Үүний хүрээнд давхардсан, ард иргэдэд хүндрэл учруулдаг олон мянган шаардлагагүй процессыг цэгцэлснээр төрийн үйлчилгээ илүү хурдтай, илүү ойлгомжтой, иргэдэд хүнд сурталгүй хүрэх боломж бүрдэнэ. Энэ ажлын хэрэгжилтэд УИХ хяналт тавьж, Засгийн газарт шаардлага тавин ажиллана. Хууль тогтоомжийн өөрчлөлт ч чухал байр суурь эзэлж байна. Манай улсад 350 гаруй хууль, 2700 гаруй дүрэм журам үйлчилж байгаа нь нийгмийн харилцааны 70 хувийг журамд тулгуурлуулан зохицуулдаг эмх замбараагүй тогтолцоог бий болгосон. Энэ нь хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй хүмүүст давуу байдал олгож, эгэл иргэдэд тэгш бус нөхцөл үүсгэх гол шалтгаан болж байна. Тиймээс ирэх оны тавдугаар сарын 1-н гэхэд эдгээр дүрэм журмуудыг хуулийн түвшинд шингээж, нийгмийн харилцааг илүү ойлгомжтой, цэгцтэй, шударга болгох ажлыг хийхээр төлөвлөж байна. Татварын тогтолцооны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд татварын хувь хэмжээтэй холбоотойгоор иргэд, бизнес эрхлэгчдийн гомдол, хүсэлт их гарсан. Одоо өргөн баригдаж байгаа татварын багц хуулийн төсөл нь зөвхөн жижиг хэмжээний, өнгөц өөрчлөлт хийхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ нь бизнес эрхлэгч, иргэдийн хүлээлтэд нийцэхгүй. Монгол Улсад жинхэнэ утгаараа татварын реформ хийх, орлогоо зөв бүтэцтэй бүрдүүлж, зардлаа зөв зарцуулах шинэ тогтолцоо зайлшгүй шаардлагатай байна. Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл чухал асуудал болоод байна. Засгийн газраас өргөн барихаар бэлдсэн нийгмийн даатгалын багц хуулийн төсөл нь зөвхөн алдагдлыг нөхөхөд чиглэсэн байсан. Энэ төслийг миний бие хүлээж аваагүй. Иргэдийн зүгээс хувь хэмжээг бууруулж, хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгох шаардлага тавьж байна. Энэ нь иргэдийн ирээдүйг хамгаалсан, илүү шударга системийг бий болгох үндэс болно.
