Open iToim app
Улс төр | 7 мин уншина

С.Ганбаатар: АТГ У.Хүрэлсүхийн хувийн цагдаа шиг ажиллаж байна

С.Ганбаатар: АТГ У.Хүрэлсүхийн хувийн цагдаа шиг ажиллаж байна
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 11
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлж, түүнийхээ хариуд аж ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Тэгвэл энэ талаар болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын гишүүний хувьд 2026 оны төсөвт хэрхэн анхаарах шаардлагатай гэж харж байгаа вэ?
-2026 оны төсвийн материалыг яг аваад ажиллаж байна.  Улсын өр арай хэтэрч байна. Тооцоо, судалгаа, үндэслэл байх хэрэгтэй. Төсвийн мөнгийг үрэн, таран хийгээд дуусах биш яаж ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингээх, бүтээгдэхүүн хийж гадагшаа гарга вэ гэдэг гол асуудалд анхаарах хэрэгтэй байна.
-Тойргийн гишүүдэд 15 тэрбум төгрөг хуваарилахаар гишүүдээс санал авч байна гэсэн яриа гарсан. Танаас санал авсан. Ер нь Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Үүнийг Төсвийг байнгын хорооны даргаас тодруулж асууна.
-Таныг АТГ-аас мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хахууль авах гэсэн гурван зүйл ангиар шалгасан. Танд эдгээр зүйл ангиудаар шалгагдах үндэслэл бий юү?
-Миний хийсэн гэм бол үг хэлсэн. Дуугүй байж чадаагүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дарангуйлагч болсон байна гэж үзэж байгаагаа хэлсэн. Өнөөдөр уранаар Монголыг хордуулах нь. Баялгийн сангийн хуулийг У.Хүрэлсүх самарлаа. "Баялагтаа эзэн монгол" гэдгийнхээ эсрэг ард түмнээсээ урваж ажиллаж байна. Баялгийн санг дээрэмдэг хүмүүсийн суганы үс болчихлоо гэдэг байр суурь хэлсэн. Намайг буруутгаж байгаа зүйл бол улсаас юу ч идээгүй байна. Тендер, төсөв, төрийн өмчийн компани, лиценз ямар ч зүйл байхгүй. Харин миний удирдаж байсан төрийн бус байгууллага буюу үйлдвэрчний эвлэлийг баахан шалгалаа. Тухайлбал, 24 улсын байцаагч, гурван прокурор өдөр,  шөнөгүй шалгаж байна. Олсон зүйл нь үйлдвэрчний соёлын төв ордны газруудыг зарсан байна гэж байна. 2007-2013 оны хооронд үйлдвэрчний алдсан газруудыг буцааж авч байсан болохоос биш нэг ч газар дээр барилга барьж, шийдвэр гарч байгаагүй. 2012 онд Үйлдвэрчний соёлын төв газарт барилга барихаар шийдвэр гараад түүнийг нь миний хүсэлтээр цуцалж байсан. Соёлын төв ордны ойролцоо газрууд бол Улаанбаатарын өмчлөлд, Үйлдвэрчний эзэмшилд байдаг. Тэнд бид зүлэг ногоо л тарьдаг. Тэгэхээр ийм арчаагүй гүтгэлгийн чанартай зүйлийг АТГ зохион байгуулалттайгаар тарааж, мөрдөн байцаалтын нууцад хамаарах материалуудаа өөрсдөө гуйвуулан тарааж байгаад үнэхээр харамсаж байна.
Хоёрдугаарт, намайг Үйлдвэрчний эвлэлийг удирдаж байхад 186 айлыг шинээр орон сууцад оруулж байсан. Анх 72 сая төгрөгийн өртэй байгууллага авч байлаа. Зургаан жилийн дараа 1.6 тэрбум төгрөгийн орлоготой байгууллагыг манай хамт олон бий болгож өгсөн. Үйлдвэрчнээрээ найман удаан жагсаал, цуглаан хийж цалин, тэтгэвэр нэмж байсан. Миний хамт олон намайг нийгмийн зүтгэлтэн болгосон . Би үйлдвэрчний эвлэлд ажиллаж байснаараа бахархдаг. Харин 33 компаниар мөнгө угаасан байна гэж байгаа. Миний компаниудаас хоёроос бусад нь бүгд татан буугдсан. Бүгд экс тайлантай буюу үйл ажиллагаа явуулдаггүй, ашиг олдоггүй. Татан буулгах гэж олон жил хөөцөлддөг юм байна. Товчхондоо, гүжир гүтгэлгэ гүнзгий уснаас ч аюултай гэж үнэн юм даа. Мөнгө угаагаад байх зүйл юу ч байхгүй. АТГ ийм гүжир гүтгэлэг тарааж байгаад дэндүү харамсаж байна.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн явуулга гэлээ. Та ер нь Ерөнхийлөгчтэй ямар харилцаатай вэ?
-Бид дотно харилцаатай ш дээ. Үе тэнгийн ойролцоо насны улс. Гэхдээ би У.Хүрэлсүхэд зарчмын шаардлага тавьсан. Тэр хүнийг гурван эхнэртэй гэж яриагүй. Мөн ордны ар талын “Хүрээ” гэдэг оффисыг ямар мөнгөөр авсан бэ гэж яриагүй. Тэрэлжид байгаа том амралтын газрыг ямар эх үүсвэр, татвар төлж олсон бэ гэж ярьсангүй. Тэрбум мод хөтөлбөр чинь уул уурхайн компаниудыг дарамталж, чиний ойр тойрны хүмүүс мөнгө иддэг болсон байна гэж хэлсэнгүй. Уранаас монголчуудыг битгий хордуулаач гэж ярьсан. Чи Макронтой очиж тэврэлдээд Монголыг уран буюу цацраг идэвхтээр хордуулахаар болчихлоо. Ураны цахилгаан станц барих гэж байгаа бол өөр хэрэг. Француудыг хямд ногоон эрчим хүчээр хангахын тулд бид ураны түүхий эдийг нийлүүлнэ гэдэг бол гамшиг болно, болиоч ээ гэсэн. Мөн газрын тосны үйлдвэр чинь луйвар болж байна. Энэ бол Монголын ард түмэн дараа нь хүүтэй төлдөг мөнгө. Газрын тосны үйлдвэр баригдвал сайн. Гэхдээ одоо юу ч баригдахгүй болчхоод байна. Чи үүнийг ухаараач ээ гэсэн. Баялгийн сангийн хууль хэрэгжих гэж байхад чи Засгийн газрыг унагалаа. Чи энэ Баялгийн сан дээр сандайлаад суусан бүлэглэл мафид элсчихлээ. Баялагтаа эзэн монголчууд гэдэг урианаасаа урвалаа. Болиоч ээ, ярилцъя л даа. ГОК, Төмөр зам, Төрийн өмчийн хороонд дандаа У.Хүрэлсүхийн найзууд удирдаж байна. Энд чинь идээ, уугаа, тендерийн луйвар хэрээс хэтэрлээ. Үүнийг шалгуулъя гэсэн. Саунд сууж байхдаа хууль хяналтын байгууллагуудыг удирдаж үүрэг даалгавар өгдөг боллоо, болиоч. АТГ У.Хүрэлсүхийн хувийн Цагдаагийн байгууллага шиг ажиллаж байна, болиоч ээ л гэсэн.
quote photo
Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр чинь нэг тэрэгний хоёр дугуй юм. Энэ хоёр сиамын ихрүүд. У.Хүрэлсүх Х.Баттулгыг муулж байгаа бол өөрөө өөрийгөө муулж байгаа гэсэн үг. Би үнэт зүйл, зарчимдаа алтан гадас од шиг үнэнч байдаг, хатуу зогсдог.
С.Ганбаатар

АТГ-ын 24 байцаагч намайг шалгаж байна. Олсон зүйл нь төрийн бус байгууллага буруу удирдсан байна гэнэ. Энэ улсын төсөвт хамаагүй. АТГ төрийн бус байгууллагын дотоод нийгмийн асуудлаа шийдсэн зүйл рүү орох ёсгүй. Ингэж улстөржиж, хов жив, хонзонгоор хамаг ажлаа явуулж болохгүй. Үүнийг л хэлсэн. Би үг хэлсэн. Үзэл бодлоо илэрхийлснээрээ бурууддаг бол Монголын шударга олон хүн буруудна.
Үндсэн хуулийн 21-р зүйлд УИХ-ын гишүүн хэнээс ч айж эмээхгүйгээр ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой гэж заасан байгаа. Өнөөдөр дарангуйлал тогтсон. Чуулган дээр гишүүд хоорондоо дохио зангааны хэлээр ярьж байна. Энэ тэнэглэлийг харчхаад дуугүй байж чадаагүй. Хэрэв дуугүй байвал дараа нь өөрийгөө өршөөхгүй. Мэдээж хувь хүний хувьд надад аюултай. У.Хүрэлсүх шөнө, өдөргүй АТГ-ыг ажиллуулж намайг колонид явуулахыг хүсэж байгаа байх. Монгол оронд хэрэгтэй бол хамаагүй. Гэхдээ дарангуйлагч тогтох гэж байгаа бол "ёстой хуцав аа" гэж хэлнэ.
-Танд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн шиг бусдын гар, болоогүй гэсэн баталгаа бий юү?
-Х.Баттулга гишүүний гар, хөл болж У.Хүрэлсүх рүү дайрч байна гэсэн комментыг тэд явуулж эхэллээ. У.Хүрэлсүхийн талаас болов уу гэж бодож байна. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр чинь нэг тэрэгний хоёр дугуй юм. Энэ хоёр сиамын ихрүүд. У.Хүрэлсүх Х.Баттулгыг муулж байгаа бол өөрөө өөрийгөө муулж байгаа гэсэн үг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ хоёр нэг талд ажилласан. Би өрсөлдөж, тэмцэлдэж байсан. У.Хүрэлсүх МАН-аас Х.Баттулгыг дэвшүүлье гэдэг санал гаргаад явж байсан. Энэ хоёр шууд гэрээ гэдгийг моодонд оруулж Голомтоос оффтейк гэрээгээр маш олон луйвар хийсэн гэж боддог. Гэхдээ Х.Баттулга нь Ерөнхийлөгч байхдаа таван улсын шүүхэд Рио Тинтог өгсөн. Үүн дээр би хамтарч ажилладаг. Баялгийн сангийн хуулийг дэмжиж улс орон даяар гарын үсэг цуглуулж явахад хамтарч ажилласан. Би үнэт зүйл, зарчимдаа алтан гадас од шиг үнэнч байдаг, хатуу зогсдог. Харин над дээр улстөрчид ирдэг, буцдаг. Энэ бол байдаг зүйл. Агуу хүн үзэл санаа ярьдаг. Дунд хүн үйл хэрэг ярьдаг. Адгийн хүн хүн ярьдаг гэдэг. Би дандаа У.Хүрэлсүхийн үйлдэл, шийдэл, үзэл санааг ярьж байна."Дарангуйлал тогтчихлоо" гэж үзэл санаа ярьж байна. Баялгийн эх оронч үзэлдээ хамт байя. Баялгийн сангийн хууль хэрэгжвэл монгол орон жил болгон 10 тэрбум долларын ногдол ашиг ард түмэнд өгөх гээд байна. Үүнийг хэрэгжүүлье гэдэг үзэл санаа ярьж байгаа. Түүнээс биш У.Хүрэлсүх гурван эхнэр эсэх нь надад үнэхээр хамаагүй асуудал.
-Та 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
-Энэ ч дээ. Миний хувьд мөрөөдлөө нуудаггүй. Ерөнхийлөгч болж монгол орныг аврах юм сан , надад төлөвлөгөө байна гэдгээ хаана ч нуухгүй хэлдэг. Бараг 20 жил ярьж байна. Монголыг аврах юм сан гэж зүүдэлдэг. Надад ямар эрх, ямба, албан тушаал хэрэгтэй биш. Эрх, ямба, албан тушаал хэрэгтэй бол дуугүй байгаад энэ эрх, ямбатнуудын суганы үс болоод явж магадгүй. Харин 20 жил ганцаардсан чоно шиг тэмцэж байна. Дарангуйлагчийн өөдөөс үг хэлснийхээ төлөө колонид явах гээд 12 жилийн ял сонсчхоод, АТГ-т шөнө, өдөргүй байцаагдаад зовж байна гэдэг бол Ерөнхийлөгч болох мөрөөдөл алсарч байх шиг байна. Гэхдээ хярж хэвтчихээд, чимээгүй байж байгаад Ерөнхийлөгч болно гэж бодвол болоод ч хэрэггүй. Тийм Ерөнхийлөгчөөр яах юм бэ. Тэгэхээр мөрөөдлөөсөө хэзээ ч ичдэггүй, мөрөөдөлдөө үнэнч байдаг. Гэхдээ Монголын ард түмэн шийднэ. Өнөөдөр монголчуудын эрх ашиг ноцтой байдалд орчихлоо. Бид Непалын араас орох вий гэж айж байна. Өнөөдөр миний ярьсан асуудлуудаар У.Хүрэлсүх ширээний ард сууж байгаад сэтгүүлчидтэй ярилцах ёстой. Тэрнээс биш шууд АГТ-т өгөөд наадхаа авдарт хий гэж заваардаг зүйл байж болохгүй гэж ярьж байна. Миний мөрөөдөл бол дараагийн асуудал.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн