Намрын улиралд эрүүл мэнддээ хэрхэн анхаарах, дархлаа дэмжих аргуудын талаар “Ачуут гол” уламжлалт эмнэлгийн их эмч Л.Энхмаатай ярилцлаа.
-Улирал солигдохоор хүмүүсийн бие сульддаг шүү дээ. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Уламжлалт анагаах ухааны онолоор хүний биед хий, шар, бадган махбод байдаг. Тухайн махбодууд улирал солигдоход ихсэж, багасдаг буюу тэнцвэр нь өөрчлөгддөг. Иймээс улирал солигдох үед хүний бие сульдах, тамирдах, өвчин амархан хүрдэг. Улирлаас улирал руу шилжих үед хүний биед дасан зохицох үйл явц явагддаг.
-Дархлаа гэж юу вэ. Ядаргаа тайлах, дархлаа дэмжих ямар аргууд байдаг вэ?
-Дархлаа гэдэг энгийн үгээр тайлбарлавал хүний бие махбодын өвчин эсэргүүцэх чадвар.
Жишээлбэл, гурван хүн тутмын нэг нь яагаад ханиад хүрдэг вэ гэвэл тухайн хүний өвчин эсэргүүцэх чадвар сул байгаагийн шинж. Дархлаа сул байна гэдэг нь хий, шар, бадганы тэнцвэр алдагдаж байна гэсэн үг. Ядаргаа тайлах олон арга уламжлалт анагаах ухаанд бий. Тухайлбал, идээ, ундаа, явдал мөр, эм засал гээд дөрвөн эмчилгээний арга байна. Энэ аргуудыг дөрвөн ерөндөг гэж нэрлэдэг. Тухайн хүн ажлын ачааллаас эсвэл ямар нэгэн хавсарсан өвчлөлтэй болоод ядарч байна уу гэсэн гол шалтгаан чухал. Ингэснээр тухайн хүний өвөрмөц чанар, амьдарч буй орчин нөхцөл, улиралтай уялдуулж дээрх аргуудаар эмчилдэг. Уламжлалт анагаах ухаанд ядаргаа тайлах, дархлаа дэмжих хамгийн энгийн арга бол хооллолтоос эхэлнэ. Ямар чанартай хоолыг ямар хугацаанд яаж идвэл хоол болох уу, хор болох уу гэдэг нь шийдэгдэнэ. Улиралтай холбогдуулах хооллох нь зүйтэй. Хооллолт хамгийн чухал гэсэн үг. Намрын улиралд цус шарын халуун ихэсдэг. Өөрөөр хэлбэл, намар хүний биеийн шар махбод илүү давамгай байдаг гэсэг үг. Тэгэхээр махбодоо тэнцвэржүүлэхийн тулд дотор халуунаа дарах зорилгоор аль болох сэрүүн чанарын хөнгөн идээ, удаа хэрэглэвэл илүү тохиромжтой. Сэрүүн чанартай хүнсэнд хүнсний ногоонууд ордог. Амьтны махнаас илүү шинэ ургацын ногоо хэрэглэвэл таны бие илүү хөнгөн байна. Мөн байгалийн зэрлэг жимснүүдийг буцалсан усанд найруулж уух эсвэл ямар нэгэн байдлаар хэрэглэвэл таны дархлаа илүү сайжирна. Ингэснээр өвчлөх эрсдэлтэй өвчнүүдээсээ урьдчилан сэргийлэх боломжтой. Үхрийн болон ямааны мах буюу сэрүүн чанартай амьтны мах хэрэглэвэл илүү тохиромжтой.
-Ханиад томуунаас хэрхэн урьдчилсан сэргийлэх, хүрсэн бол ямар арга хэмжээ авах вэ?
-Уламжлалт анагаах ухаанд өвчнийг эмчлэхээс гадна урьдчилан сэргийлэх олон арга бий. Өвөл ханиад томуу хүрэхээс намар урьдчилан сэргийлж дээр дурдсан дөрвөн ерөндгийн аргыг ашигладаг.
Нэгдүгээрт, идээ, ундаанд аньс, чацаргана гэх мэтчилэн байгалийн зэрлэг жимсийг түүж хэрэглэвэл илүү тохиромжтой. Мөн үхрийн мах бага зэрэг сэрүүн чанартай, томууг анагаадаг. Иймээс үхрийн махтай, сармистай шөл хэрэглэх нь зүйтэй.
Хоёрдугаарт, явдал мөрд бидний ярьж буй, биеэр үйлдэж, сэтгэлдээ бодож байгаа бүхэн багтдаг. Иймээс явдал мөр маш чухал үүрэгтэй. Жишээлбэл, дархлаагаа дэмжиж ханиад томуунаас сэргийлье гэвэл хамгийн түрүүнд уурлахгүй байх хэрэгтэй. Стресстэхгүй байж сайн амрах ёстой. Түүнчлэн, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байх ёстой. Тэгвэл таны дархлаа сайжирч бие чийрэг болно.
Гуравдугаарт, эм засалд уламжлалт анагаах ухааны норов долоо, мана дөрөв гэх мэтчилэн эм бий. Ковидын үед маш их хэрэглэж байсан эдгээр эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэж болно. Түүнээс гадна хувь хүний өвөрмөц чанарт тохирсон эм өгдөг.
Дөрөвдүгээрт, ханиад томуунаас сэргийлэх зорилгоор бариа засал хийж болно. Жишээлбэл, хүүхдэд хонины сүүлэн тосоор зөөлөн халуун тосон бариа хийх боломжтой. Айргийг бүлээсгэж байгаад уушгины гадна хэсгийг шавшиж, биедээ шингээж өгч болно. Энэ нь биеэ чийрэгжүүлж буй арга. Мөн голын урсгал ус, булгийн усыг бүлээсгэж байгаад усанд орж болно. Түүнчлэн, уламжлалт анагаах ухаанд шөлөн бариа гэж бий. Энэ нь дархлааг маш сайн дэмждэг. Үүгээр зогсохгүй сүүн бариа нь маш сайн хордлого тайлж, дархлаа дэмждэг.
-Шөлөн болон сүүн бариаг гэрийн нөхцөлд хийх боломжтой юу?
-Шөлөн бариаг хонины борви, тайга, дал, архаг сүүлний ясыг зөөлөн гал дээр буцалган шөл гаргаад, бүлээн болгож байгаад хүүхдээ усанд оруулах боломжтой. Мөн дээрх шөлөөрөө хүүхдийн биеийг шавших боломжтой. Ер нь аль ч насны хүмүүс хийхэд тохиромжтой арга. Сүүн барианы сүү маш халуун байх ёстой учраас гэртээ хийхэд тохиромжгүй. Уламжлалтын эмчийн заавар, хяналтанд хийх нь зүйтэй. Халуун чанартай учраас уламжлалтын эмч өвөрмөц чанарт тохируулан хийдэг.
-Хүйтний улиралд хүмүүсийн архаг өвчин сэдрэх гээд байдаг шүү дээ. Тэр дундаа намар юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Намрын улиралд уушги, элэг, цөсний өвчлөл ихсэх гээд байдаг. Яагаад гэвэл намар хүний биеийн шар махбод илүү давамгайлдаг. Намар хурц нар гардаг учраас хүний дотор халуун ихэсдэг. Өөрөөр хэлбэл, халуун өвчнүүд дийлэнхдээ ихэсдэг гэсэн үг. Тухайлбал, артерийн даралт ихсэх, зүрх, судасны өвчнүүд, цус өтгөрөл ихэсдэг.
Өвөл болохоор бөөр, давсгийн өвчин илүү ихэсдэг. Учир нь өвөл сэрүүн болохоор өвчин үүсэх нөхцөл нь нөлөөлдөг. Бөөр нь хүний доод биед байрладаг. Доод биед хий байрладаг. Хий нь сэрүүн чанартай учраас өвөл илүү нөлөөлдөг.
-Намрын улиралд цусны өтгөрөл ихэсдэг гэсэн. Ковидоос хойш цус өтгөрөл их болсон. Цус өтгөрлийг хэрхэн эмчлэх вэ?
-Ковидын вакцин, вирустэй холбоотой цус өтгөрөл маш их байна. Үүнийг уламжлалт анагаах ухааны хануур, тулга заслын аргаар эмчлэх боломжтой. Эдгээр эмчилгээг хийлгэх илүү тохиромжтой цаг нь намрын улирал. Учир нь намар халууны улирал. Мөн хүний биеийн дотор халуун ихэсдэг болохоор дарах зорилгоор сэрүүн заслуудыг хийнэ гэсэн үг. Хануур засал нь хүний биеийн цул эрхтнүүдийг цэвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хүний биед байгаа муу цус, илүүдэл өөх тос, уураг, хордлого, үрэвслийн эсүүдийг биеэс гаргадаг арга. Туулга засал нь хүний биеийн сав эрхтнүүдийг цэвэрлэдэг.
-Хүмүүс дусал хийлгэж, витамин ууснаар ядаргаа тайлагдчихлаа гэж ойлгодог. Энэ тохиолдолд ядаргаа бүрэн тайлагдана гэж байдаг уу?
-Дусал, тариа хийлгээд гоё болчихлоо гээд санаа дагаад бие нь аятайхан болчихдог. Мөн дусал, тариа хийлгэснээр тодорхой хэмжээнд өөрт хэрэгтэй эрдэс, минералаа авч байгаа болохоор дархлаа сайжирна. Гэхдээ юу юугүй дусал, тариа, эм гэхээс илүү ядаргаа тайлах, дархлаа дэмжих хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол та нойроо сайн авах ёстой. Мөн өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй. Биеэ чийрэг байлгах тал дээр анхаарах нь зүйтэй.
-Сүүлийн жилүүдэд нойргүйдэл улам ихсэж байгаа. Энэ тал дээр зөвлөгөө өгөхгүй юү?
-Нэгдүгээрт, ажил, амьдралын тэнцвэрээ зохицуулах шаардлагатай. Үнэхээр нойроо авч чадахгүй байгаа бол уламжлалтын эмчид үзүүлэн өвөрмөц чанараа тодорхойлоод, хий дарах эмчилгээ хийлгэх боломжтой. Хүмүүс нойргүй хоносноос шалтгаалан хий маш их хэмжээгээр ихэсдэг. Хий ихсэхээр улам нойргүйднэ. Шээс ойр ойрхон хүрнэ, сэтгэл санаа тогтворгүй болно, зүрх гол дэлсэнэ гэх мэтчилэн олон шинж тэмдэг илэрдэг. Хүндэрвэл бүр аюултай өвчин рүү ч хүргэх магадлалтай. Өдөрт дунджаар найман цаг, багадаа зургаан цаг унтах ёстой.