Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хиймэл оюун ухаанд суурилсан хүний угаалгын машиныг танилцуулж байна

Хиймэл оюун ухаанд суурилсан хүний угаалгын машиныг танилцуулж байна
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 31
Ердөө 15 минутын дотор таныг угааж, хатаагаад цэвэрхэн болгох хүний угаалгын машин зохион бүтээжээ. 2025 оны Осакагийн дэлхийн экспод Японы Science Co. компани энэ төрлийн шинэ технологийг олон нийтэд танилцуулсан байна.
Хүний угаалгын машин нь хиймэл оюун ухаанаар удирдагддаг бөгөөд хэрэглэгчийн биеийн онцлогт тохируулан усны температур, даралтыг автоматаар хянадаг байна. Арьсыг гүн цэвэрлэхийн тулд тусгай микро хөөс ашиглаж, арьсыг гэмтээлгүй зөөлөн угаах боломжтой аж. Үүнээс гадна зөвхөн бие угаагаад зогсохгүй хэрэглэгчийн сэтгэлзүйн байдлыг оношлон, түүнд тохирсон тайвшруулах дүрс болон хөгжим тоглуулж, стрессийг бууруулах зорилготой юм.
undefined
Япон инженерүүд хүний өдөр тутмын амьдралыг хялбарчлахын тулд бүтээлч санаануудыг эрт үеэс танилцуулдаг байв. Тухайлбал, 1970 онд Осака хотод болсон дэлхийн үзэсгэлэн дээр Sanyo Electric компани хүний угаалгын машины анхны хувилбарыг сонирхуулж байсан түүхтэй. Харин өнөөдөр тухайн үеийн санаа шинэ үеийн технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, автоматжуулалтын шийдлүүдээр илүү дэвшилтэт бүтээгдэхүүн болон хөгжсөн байна.
Одоогоор энэ бүтээл зах зээлд худалдаалагдаагүй бөгөөд хөгжүүлэлт нь 70 орчим хувьтай яваа юм. Үнэ болон хэрэглэгчдийн гарт очих хугацаа тодорхойгүй ч шинжээчид ийм төрлийн төхөөрөмж ахмад настнуудад асаргаа сувилгаа хийхэд, хөдөлмөрийн чадвар алдалттай хүмүүст өдөр тутмын амьдралд тус болох өндөр боломжтой гэж үзжээ. Үүний зэрэгцээ тансаг хэрэглээний зах зээлд, спа үйлчилгээ болон эрүүл мэндийн салбарт өргөн хэрэглээтэй болох магадлалтай юм.
Эрдэмтэд, зохион бүтээгчид энэхүү хүний угаалгын машиныг зөвхөн ариун цэврийн хэрэгсэл бус, хүнийг амраах, тайвшруулах, эрүүл мэндийг дэмжих иж бүрэн төхөөрөмж гэж тодорхойлж байна. Иймээс ойрын жилүүдэд энэхүү санаа туршилтын түвшнээс худалдааны түвшинд шилжиж, дэлхий нийтийн сонирхлыг татах боломжтой юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн