Ардчилсан нам удирдлагын асуудал ярихаас өмнө дүрмээ шинэчлэн батлах ёстой талаар тус намын гишүүн О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал наймдугаар сарын 28-нд, харин Их хурал нь 30-ны өдөр болох юм. Энэ хурлаар намын удирдлагын асуудал болон дүрмийн шинэчлэлийг хэлэлцэнэ гэж зарласан байна. Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн нам дүрмээ шинэчлэн баталж Улсын Дээд шүүхэд хүргүүлэх ёстой бөгөөд шүүх 30 хоногийн дотор бүртгэх журамтай байдаг. Гэвч Ардчилсан намын удирдлагууд шинэчилсэн дүрмийн хэлэлцүүлгийг гишүүддээ хүргүүлээгүй, анхан шатны нэгжүүдээрээ хэлэлцүүлж санал аваагүй нь гишүүдийн оролцоог хязгаарлаж байгаа хэрэг юм. 2017 оны сунгаанаас хойш намын удирдлагууд гишүүдтэйгээ огт уулзаагүй, санал бодлыг нь сонсоогүй хэвээр байна.
Өнөөдөр ч мөн хурлыг яаран зарлаж, хэдхэн хүний хүрээнд намын даргыг сонгох тухай ярьж байгаа нь буруу юм. Юуны өмнө намын дүрмээ шинэчлэн баталж, гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой. Дүрмээ баталсны дараа удирдлагын асуудлыг ярих нь зүйтэй. Хурлын өмнөхөн яаран зарладаг энэ үйлдэл нь зөв зүйл биш бөгөөд дүрэм нь хуулиас давж үйлчилж болохгүй. Гэвч одоо дүрэмд байхгүй заалтыг дур мэдэн оруулж, нэр дэвшигчидтэй холбоотойгоор зохиомол хязгаарлалт бий болгож байгаа нь санаатайгаар өрсөлдөгчөө хаах оролдлого гэж хардахад хүргэж байна.
Нам гишүүдээсээ улам холдож байна. Тиймээс гишүүдтэйгээ ойр ажиллаж, тэдний саналыг сонсох нь чухал юм. Дүрмээ баталсны дараа тэр дүрмийн дагуу өрсөлдөж, хэн нь намыг удирдахаа шийдэх хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуулиа хэрэгжүүлж, хамтын удирдлагын зарчмыг баримтлах ёстой. Дараагийн удирдлагыг сонгохдоо гишүүдийн оролцоотой, хуульд нийцсэн дүрмийн дагуу явах нь чухал.
Миний хувьд намын дүрэм хамгийн түрүүнд хэлэлцэгдэж батлагдах ёстой гэж үзэж байна. Мөн авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой хуулийн төсөл дэвшүүлсэн. Хэрэв энэ үзэл санааг дэмжсэн нэр дэвшигч байвал би түүнийг дэмжинэ. Харин эсрэг байр суурьтай байвал би өөрөө Ардчилсан намын даргад нэр дэвшиж өрсөлдөх болно.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Бидний хэдэн залуус улс төрд орж, намд элсэхдээ нэг зарчмыг үргэлж барьж ирсэн. Энэ нь хэдхэн хүний тохиролцоонд, цөөнхийн зурсан зураг дээр тулгуурлан бүх асуудлыг шийддэг хуучин хэв маягийг өөрчлөх ёстой гэсэн байр суурь юм. Өөрөөр хэлбэл, цөөн хүний хаалттай хүрээнд хийгддэг шийдвэрийн эсрэг шинэ үеийнхэн болж улс төрд орсон гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд намын тамга, гэрчилгээ болон Улсын дээд шүүхтэй холбоотой маргаан зэрэг яаран хийсэн бүх үйлдэл дээр гишүүд, ялангуяа залуу үеийнхэн нэг л байр суурьтай байсан. Тэд ил тод, шударга зарчим баримталж, бүх гишүүдийн оролцоотойгоор асуудлаа шийдэхийг хүсэж ирсэн. Шинэчилсэн Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуульд намын гишүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, удирдах түвшинд өрсөлдөх боломжийг бүх гишүүдэд тэгш олгох тухай тодорхой заалтууд орсон. Тиймээс хуучин журмаар яаравчлан дарга сонгох нь буруу бөгөөд шинэ хуулийн шаардлагад нийцүүлэн дүрмээ эхлээд шинэчлэх ёстой.
Намын гишүүд дундаасаа сонгогдсон Үндэсний бодлогын хороо гишүүдийнхээ саналыг сонсох боломжийг хангах ёстой. Өөрөөр хэлбэл, хэнийг намын даргаар сонговол илүү зөв гэж үзэж байгаа талаарх санал, байр сууриа гишүүд илэрхийлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх нь зүйтэй. Үндсэн дүрмээ шинэчлэн, хуулийнхаа шаардлагад нийцүүлж баталсны дараа намын даргаа сонговол илүү шударга, ил тод, хуульд нийцсэн сонголт хийгдэх боломжтой юм.