Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Трамп, Зеленский болон Европын удирдагчид Орос-Украины дайныг зогсоох гарцыг хэлэлцлээ

Трамп, Зеленский болон Европын удирдагчид Орос-Украины дайныг зогсоох гарцыг хэлэлцлээ
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 19
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын холбооны удирдагчидтай уулзаж, Украины аюулгүй байдал болон ОХУ-тай ирээдүйн энхийн яриа хэлэлцээний талаар хэлэлцлээ.
Трамп Украинд НАТО-той төстэй аюулгүй байдлын баталгаа санал болгож, эвслийн бүрэн гишүүнчлэлээс өөр хувилбарыг дэвшүүлэв. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Киир Стармер зэрэг Европын удирдагчид аюулгүй байдлын бат бөх баталгааг дэмжсэн ч Украины газар нутагт ямар нэгэн албадан буулт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ онцоллоо. Европын удирдагчид аливаа яриа хэлэлцээ газар дээрх гал зогсоохоос эхлэх ёстой гэж шахсан ч Трамп түүнийг урьдчилсан нөхцөл болгоогүй юм. Тэрээр гал зогсоохоос илүү шууд энхийн тохиролцоо руу шилжихийг илүүд үзэж байгаа аж.
Европын долоон удирдагч, Украины ерөнхийлөгч, Трампын засаг захиргааны ажилтнууд, 100 гаруй сэтгүүлч Цагаан ордонд цуглав. Энэхүү уулзалтын тухайд хоёр асуулт яригдаж байлаа. Трамп, Зеленский нар энхийн замын талаар тохирох уу? Эсвэл хоёрдугаар сард болсон шиг маргаантай уулзалтаар дуусах уу?
Гэсэн хэдий ч аль аль нь болсонгүй. Энэ удаа Зеленский илүү албан ёсны хувцас өмсөж, Трампад талархлаа илэрхийлсээр байсан юм. Трамп ч илүү сайшаалтайгаар угтан авсан ч газар нутгийн наймаа, аюулгүй байдлын баталгаа, хориг арга хэмжээний асуудлаар бодит ахиц харагдсангүй. Тийнхүү Трамп уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нарыг оролцуулсан гурван талт уулзалтыг зохион байгуулна гэсэн амлалтаар өндөрлүүллээ.
Зеленский Европын холбоотнуудаар хүрээлүүлэн, Украины хүүхдүүд болон олзлогдогсдыг эргүүлэн авчрах асуудлыг нэн тэргүүнд тавьж, “Иргэдээ гэр бүлд нь буцаах нь хэлэлцэх зүйл биш” хэмээн мэдэгдсэн юм.

Зеленский өнгөрсөн удаагийн алдаагаа заслаа

Хоёрдугаар сард АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Вэнс Зеленскийг “хангалттай талархдаггүй” гэж шүүмжилж байв. Энэ удаа Зеленский Трампад хандан үг хэлэхдээ найман удаа “баярлалаа” гэж хэлсэн бөгөөд Трампын эхнэрийг Путинд Украины хүүхдүүдийн асуудлаар захидал бичсэнд талархлаа илэрхийлжээ.

АНУ-ын оролцоо: Цэрэг үү, зэвсэг үү?

Уулзалтын хамгийн тодорхойгүй сэдэв бол АНУ Украинд урт хугацаанд ямар баталгаа өгөх явдал байв. Трамп АНУ-ын цэргийг оруулахыг санал болгоогүй бөгөөд үүнийг АНУ-ын цэргийн мөргөлдөөнд татагдахгүй гэсэн болгоомжлолтой нь холбон харж байна. Түүний оронд зэвсгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа амласан ч энэ нь жинхэнэ аюулгүй байдлын баталгаа биш гэж украинчууд үзэж байна. Европын орнууд өөрсдийн хүчээр энхийг сахиулах ажиллагаанд бэлдэж байгаа аж. Гэсэн ч Трамп АНУ-ын цэргүүдийг оруулах боломжийг бүрмөсөн үгүйсгээгүй юм.
Энэ удаагийн уулзалтын уур амьсгал өнгөрсөн хоёрдугаар сард болсон айлчлалаас илүү дулаан, илүү уялдаа холбоотой өнгөрч, талууд ахиц гарсныг тэмдэглэж байлаа. Хэдийгээр албан ёсны гэрээ байгуулагдаагүй ч даваа гарагийн дээд хэмжээний уулзалт Украинд шинэ хамгаалалтын хүрээ бий болгох, Москватай шууд яриа хэлэлцээ эхлүүлэх боломжийг нээж өглөө гэж судлаачид харж байна.
Гэсэн хэдий ч Путин ийм уулзалтад оролцох эсэх, ямар нөхцөлөөр оролцох нь тодорхойгүй хэвээр байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн