Төвдийн Буддизмын нэрт мастер Кансэр Ринбүүчи энэ оны дөрөвдүгээр сард Харвардын их сургуульд тавьсан "Сэтгэлээ хэрхэн дасгалжуулж амьдралаа өөрчлөх вэ?" нэрт лекцээ Яармаг дахь Нароба Институтийн бясалгалын танхимд өнгөрсөн ням гаригт сүсэгтэн олондоо тавилаа. Энэхүү лекцийг тоймлон хүргэж байна.
Өртөг төлөхгүйгээр олох нэг л зүйл бий. Тэр нь...
Амьдралд хамгийн чухал гурван зүйл юу вэ гэж та нараас асуувал мөнгө, амьдрах байр орон сууц, эд баялаг, алдар нэр гэж хариулж магадгүй юм. Эдгээр зүйлийг бүрдүүлж чадсанаараа хүн амар амгалантай баяр баясгалантай амьдарч чадах уу. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол амар амгалан, баяр баясгалан юм. Шашингүйгээр хүн амьдарч чадна. Гэхдээ амар амгалан, баяр баясгалан аз жаргалгүйгээр амьдрах хэцүү.
Хүн бага балчир насандаа мөхөөлдөсөнд дуртай байдаг. Арай өсөж томроод унадаг дугуй, мотоцикльд дурлаж эхэлдэг. Бүр төлөвшөөд ирэхийн цагт унаа машин, тохьтой орон сууцыг хүсэмжилдэг. Таны баяр баясгалан чинь илүү их өртөг өндөртэй болж байгааг та анзаарч байна уу. Үүнийг би энгийнээр аз жаргал амар амгалангийн инфляц буюу савлагаа гэж нэрлэж байгаа юм. Амар амгалан гэдэг чинь өртөг төлөхгүйгээр олддог зүйл юм шүү дээ. Нэг балгах дуртай хүнээс аз жаргал чинь юу вэ гэж асуувал нөгөөх л уудаг зүйлээ хэлэх байх. Шашинлаг хүнээс дээрх асуултыг асуувал мэдээж хэрэг “Ариун орон диваажинд төрөх” гэж хэлж магадгүй юм. Өөр бусад шашингүй хүнээс асуувал эд баялгийг хэлэх байх. Гэтэл энэ гурван хариулт ямар ч утга учиргүй зүйл юм. Яагаад гэвэл амар амгалан, аз жаргалыг бид гаднаас бий болгож олж авдаг зүйл биш. Өөрийн оюунаа хөгжүүлж, номын зүгт эргүүлж байж дотроосоо бий болгож олж авдаг.
Хэн нэгэн хүн сугалаанаас 100 мянган доллар олоод хэдэн өдрийн дараа 100 мянган доллараа гээчихлээ гэж бодьё л доо. Тэгэхэд 100 мянган долларыг хожоод тэр хүнд бий болсон баяр баясгалан нөгөө талдаа мөнгөө гээчихээд гуниглаж гутрах сэтгэл энэ хоёрын аль нь удаан үргэлжлэх вэ. Би очсон газар бүртээ энэ асуултыг асуухад гуниглаж гутрах сэтгэл илүү удаан үргэлжилнэ гэж хариулдаг. Энэ хариулт хаана ч ижилхэн байдаг. 100 мянган доллар үнийн дүн өөрчлөгдөөгүй боловч бидний сэтгэл зүйд үзүүлж байгаа нөлөөлөл нь өөр, өөр байна. Тэгвэл яагаад гуниг гутралын сэтгэл илүү хугацаанд удаан үргэлжлээд байна вэ. Гуниг гутралыг багасгаж, амар амгалантай сэтгэлийн төлөвийг уртасгах бололцоотой юу. Та бүхэн энгийн бясалгал хийснээрээ амгалантай сэтгэлийг илүү уртасгаж, зовлонт сэтгэлийг богиносгох бүрэн боломжтой.
Одоо цагтаа оршин амьдрахаас сэтгэлийн амар амгалан эхэлнэ...
Үүний тулд хамгийн эхний шалтгаан нь ахуй үйлс дээрээ буюу одоо цагтаа оршиж түүнд сэтгэлээ тогтоох хэрэгтэй. Хэрэв та гуниг гутралын сэтгэлд автаж байгаа бол энэ нь таныг өнгөрсөндөө амьдарч байгааг илтгэнэ. Хэрэв та түгшүүртэй, зовнилын сэтгэлд автаж байвал энэ нь таныг ирээдүйд байгааг илэрхийлнэ. Хэрэв таны сэтгэл амар амгалантай тайван байвал та одоо цаг үед өөрийн ахуй үйлс дээрээ сэтгэлээ тогтоож байгаа хэрэг. Тэгвэл одоо цагтаа буюу ахуй үйлс дээрээ сэтгэлээ хэрхэн тогтоох вэ гэдэгт хариулъя. Та алхаж байхдаа өөртөө “Би энэ агшинд алхаж байна” гэж өгүүлэх хэрэгтэй. Та цэцэг харж байвал “Яг энэ агшинд би цэцэгсийг харж байна” хэмээн өөртөө өгүүлэх нь яг одоо цагтаа ахуй үйлс дээрээ сэтгэлээ тогтоож байгаа хэрэг. Өдөр тутамдаа энэхүү дадлуудыг оруулж чадвал та одоо үедээ сэтгэлээ тогтоож чадна. Та бүхэн энэ аргад заавал суралцаарай. Өнгөрсөн болох ирээдүйгээ бодож яг одоо цагтаа сэтгэлээ тогтоож чадаагүйн улмаас бид нарт стресс бий болдог. Гуниг гутралд автсанаар амьдрах хором бүрийг баяр баясгалантай өнгөрүүлж чадахгүй. Өнгөрсөн, ирээдүйтэйгээ зууралдахгүйгээр яг энэ цагт ахуй үйлс дээрээ орших аргыг танд бясалгал мэдрүүлэх юм.
Гурван бясалгалын аргыг өөртөө төлөвшүүлээрэй...
Богд хааны туурвисан Бодь мөрийн зэрэгт тулгуурласан тайлбар номонд энэхүү аргыг өгүүлсэн байдаг юм. Та бүхэнд нэг зөвлөгөө өгөхөд машин барьж явахдаа л бясалгаж болохгүй. Нэлээд балгадаг хүнд бясалгал зааж өгч болох уу гэж надаас асууж байсан. Та архи ууж байхдаа ч бясалгаж болно гэж би хариулсан. Тэр үедээ “Би архи ууж элгээ хордуулж байна” гэж та өөртөө өгүүл. Анхнаасаа л “Архи битгий уу” гэж хэлсэн бол хүлээж авахгүй байсан болов уу.
Хүмүүс надаас хэдэн цаг бясалгал хийдэг талаар асуудаг. Нарийндаа бол би хэдэн цаг бясалгал хийдгээ мэддэггүй. Миний хувьд агшин хором болгон бясалгалын агшин байдаг. Гудамжинд явж байсан ч мэдэмсэр дүүрэн төгөлдөр байх хэрэгтэй. Гудамжинд машин харж байвал машин харж байгаа гэдгээ ухамсарла, цэцэгс харж байвал цэцэгс харж байгаагаа ухамсарла.
Бясалгалын хоёр дахь алхам бол даган баясгаланг төрүүлэх арга юм. Та өөрөөсөө гурван сайн чанарыг олж харж тоолох хэрэгтэй. Хувь төгөлдөр гэдгээ мэдэхийн тулд гурван сайн чанараа бодож баясах учиртай. Тэрхүү өгүүлсэн гурван сайн чанараа бодож олоод ийм учраас би хувь төгөлдөр байгаа юм. Ийм л учраас хувь сайтай байгаа юм гэж өөртөө дахин дахин өгүүлэх хэрэгтэй. Энэ бол би ямар учраас хэрхэн эрдэнэт хүний төрлийг олсон бэ гэдгээ тодруулж байгаа бясалгалын нэг арга юм. Та бүхэн өөрөөсөө өөрийг тань хувь төгөлдөр, буянтай болгодог гурван сайн чанарыг заавал бодож олоорой.
Гурав дахь алхам бол бид буруу дадал зуршлыг л өөрчлөх ёстой. Нэн ялангуяа таны сэтгэлд элдэв ертөнцийн атгаг бодлууд маш ихээр төрөх үед амьсгалаа тоолж эхлээрэй. Амьсгал авч буцаад гаргах болгондоо 1, 2 гээд үргэлжлүүлэн 10 хүртэл тоолж байгаарай. Сэтгэлийн амар амгаланг алдагдуулдаг хортой бодол, хүсэл төрөх үед амьсгалаа тоолох энэ аргыг хэрэглээрэй.
Надаас хүмүүс хамгийн сайн шилдэг бясалгалын арга юу вэ гэж их асуудаг. Энэ аргуудыг мэднэ гэдэг нь өөрөө хамгийн шилдэг арга юм гэж би хэлдэг.
Бясалгал бол ганцхан сэтгэлийн амар амгаланг бий болгох увидас биш. Энэ гурван энгийн бясалгалын аргыг хүн өдөр тутамдаа хийснээр хүний биеийн дархлааны тогтолцоо сайжирдаг болохыг Азийн хамгийн шилдэг анагаахын шинжлэх ухааны шилдэг эмч нартай хамтарч судалж тогтоогоод байна. Бясалгалаар дамжуулан хавдрын эсийг цааш нь улам нэмэгдүүлэхгүй байх боломж байгаа эсэхийг тогтоохоор дараагийн шатны судалгаа туршилтыг бид хийж байна. Хавдрын эцсийн шатанд байгаа хүнийг эдгээх эм тариа байна уу гэвэл үгүй юм. Хүний урт богино амьдрах нь тухайн хүний дархлааны тогтолцооноос хамаарна. Бид одоогоор 12 хүнийг судалгаанд хамруулаад нааштай үр дүн харагдаж байгаа. Цаашлаад 200 хүнийг энэхүү судалгаанд хамруулж, үр дүн батлагдвал энэхүү бясалгалын аргыг үнэ төлбөргүйгээр олны хүртээл болгохоор зорьж байгаа.
Кансэр Ринбүүчи гэж хэн бэ
1975 онд Балбын Катманду хотод төрсөн.
Таван настай байхдаа Кансэр Ринбүүчийн 8 дахь дүрээр тодорсон.
Кансэр Рэнбүүчи бол 14-р далай ламын тодруулахад оролцсон гурван том ламын нэг ажээ.
Анх Дарамсала дахь буддын диалектикийн их сургуульд суралцаж буддын гүн ухааныг судалжээ. Дараа нь Сера Жей хийдэд судар тарнийн чиглэлээр ахисан шатанд суралцаж, 2002 онд гэвш лхаарамба цолтой төгсчээ.
27 насандаа Дарамсалад байдаг Жүд дацанд суралцаж буддын гүн ухааны докторын зэрэг эзэмшжээ.