Ирэх жилийн улсын төсвийг боловсруулах ажил явагдаж байгаа энэ үед Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржтой ярилцлаа.
-Ирэх 2026 оны улсын төсвийн төсөлд урсгал зардлыг 2025 оны түвшинд барихаар зорьж байгаа ч хүн амын өсөлттэй холбоотой зардал автоматаар нэмэгдэж байгаа нөхцөлд Засгийн газар хэрхэн хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх вэ?
-Монгол Улсын Засгийн газар ирэх 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулах ажлыг ид явуулж байна. Хуулийн дагуу долдугаар сарын 25-нд яам, агентлагууд төсвийнхөө саналыг Сангийн яаманд ирүүлсэн. Сангийн яам эдгээр саналыг нэгтгэн наймдугаар сарын 15-нд Засгийн газарт өргөн барьсан. Үүний дараа Засгийн газар төсвийн төслийг хоёр удаа хэлэлцэж, есдүгээр сарын 1-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуультай. Энэ жилийн онцлог нь 2026 оны төсвийг боловсруулахдаа иргэдийн саналыг өргөн хүрээнд авч хэлэлцсэн явдал юм. E-Mongolia платформоор дамжуулан санал авч, цахим хэлбэрээс гадна танхимын хэлэлцүүлэг зохион байгуулсан. Танхимын хэлэлцүүлгийн сүүлийн өдөр наймдугаар сарын 14-нд болж, салбар бүрийн төлөөлөл оролцсон. Үүнээс гадна Сангийн яам бүх салбарын саналыг нэгтгэн улсын хэмжээний төсвийн талаар дахин танхимын хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.
Төсвийн агуулгын хувьд урсгал зардлыг 2025 оны түвшинд барих зорилт тавьсан. Гэсэн хэдий ч автоматаар нэмэгддэг зардлууд бий. Тухайлбал, тэтгэвэр авагчдын тоо, сургууль цэцэрлэгт суралцах хүүхдийн тоо жил бүр өсдөг тул энэ хэсгийн зардал нэмэгдэхээс зайлсхийх боломжгүй. Урьдчилсан тооцоогоор зөвхөн эдгээр нэмэгдлээс болж нэг их наяд гаруй төгрөгөөр урсгал зардал өсөх төлөвтэй байна.
-Ирэх жилүүдэд эдийн засаг агшиж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хумигдах эрсдэлтэй нөхцөлд Засгийн газар эдийн засгийг тэлэхийн тулд ямар бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ?
-Эдийн засгийн хөгжлийн яамнаас ирэх жилүүдийн макро үзүүлэлтийн төлөвийг танилцуулсан. Танилцуулгаас харахад, эдийн засгийн өсөлт тийм ч таатай биш байх дүр зураг ажиглагдаж байна. Ийм нөхцөлд төсвийн бодлогоор эдийн засгийн мөчлөгийг сөрж, төрөөс тодорхой арга хэмжээ авах шаардлагатай болдог.
Өөрөөр хэлбэл, эдийн засаг агшиж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хумигдаж, ажлын байр цөөрч буй үед төр өөрөө бүтээн байгуулалтыг идэвхжүүлжж, эдийн засгийг тэлэх ёстой. Харин эсрэгээрээ эдийн засаг өсөлттэй, хувийн хэвшил хангалттай орлого олж, эдийн засгаа тэтгэж чадаж байгаа үед төр зарлагаа хумих шаардлагатай байдаг. Энэ онолоор авч үзвэл ирэх жил төрийн зарлага өсөх нөхцөлтэй ч олон улсын эдийн засгийн нөхцөл байдал нь зарлагаа хэт тэлэхгүй, орлогоо тогтвортой хадгалж ирээдүйд үүсэж болзошгүй хүндрэлд бэлтгэхийг шаардаж байна.
Иймээс Засгийн газар зарлагаа огцом нэмэгдүүлэхгүй, харин хувийн хэвшлийг дэмжсэн төсвийн бодлого хэрэгжүүлэх зорилт тавьсан. Үүнд татварын бодлогоор дамжуулан компаниудын үйл ажиллагааг өргөжүүлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хууль эрхзүйн орчныг хялбарчилж зөвшөөрлийн тоог бууруулах зэрэг багтсан юм. Мөн дотоодын компаниуд хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдэд илүү өргөнөөр оролцох боломжийг бүрдүүлэх замаар эдийн засгийг тэлэх бодлого баримтлах юм.
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлээс хамааралтай, Засгийн газар нөлөөлөх боломжгүй нөхцөлд төсвийн орлогын тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүний орлогын төсөөлөл хоёр хүчин зүйлээс шууд хамаардаг. Нэгд, гаргах биет хэмжээ, хоёрт зах зээл дээрх үнэ. Өөрөөр хэлбэл, экспортлох хэмжээг тухайн үеийн үнээр үржүүлснээр орлогын тооцоо гардаг бөгөөд энэ тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулж төсөвт оруулдаг.
Монгол Улсын хувьд уул уурхай нь эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр байна. Нийт экспортын 93 хувь, улсын төсвийн орлогын гуравны нэгийг энэ салбар бүрдүүлдэг.
Тиймээс уул уурхайн зах зээлд хэлбэлзэл гарах бүрт төсөв дагаад савладаг. Сая болсон төсвийн тодотгол ч үүнтэй холбоотой гарсан. Ирэх оны хувьд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ энэ жилийн дундажтай ойролцоо байх төлөвтэй. Зарим нэр төрлийн бүтээгдэхүүн дээр өсөлт, зарим дээр бууралт хүлээгдэж байна. Үнэ нь гадаад зах зээлээс шалтгаалдаг учраас Монголын тал нөлөөлөх боломжгүй. Харин бидний нөлөөлж чадах зүйл нь нэмүү өртөг шингээх болон экспортын хэмжээг нэмэгдүүлэх явдал юм. Жишээ нь, нүүрсээ угааж, чанарыг нь сайжруулснаар илүү өндөр үнээр борлуулах боломжтой.
Энэ жилийн хувьд гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын зорилт 85 сая тонн гэж тогтоосон бөгөөд гүйцэтгэл ч энэ түвшинд хүрэхээр байгаа. Харин ирэх жил Засгийн газар экспортын хэмжээг илүү нэмэгдүүлэх зорилт тавьж, холбогдох сайдуудаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Үүний хүрээнд шинэ гарцууд нээх, төмөр замын холболтыг өргөжүүлэх, хоёр шинэ боомт байгуулах ажлуудыг эхлүүлээд байгаа. Гэсэн хэдий ч эдгээр зорилт биелэхгүй бол төсвийн орлого тасалдаж, тодотгол хийх эрсдэл гарч ирнэ. Тиймээс Засгийн газар уул уурхайн салбартай холбоотойгоор нэг талаар боломжоо, нөгөө талаар эрсдэлээ зэрэг тооцож ажиллаж байна.
-Иргэдийн саналыг E-Mongolia платформоор цуглуулсан байгаа. Засгийн газар ирэх оны төсөвт эдгээр саналыг хэрхэн тусгаж, бодит үр дүнд хүргэх вэ?
-E-Mongolia платформоор дамжуулан иргэдийн саналыг нэгтгэхэд нийтдээ 185 мянга орчим хүн оролцсон нь маш өндөр тоо юм. Ерөнхий дүнгээр авч үзвэл, хамгийн түгээмэл гарсан санал нь нийгмийн халамжийн зардлыг багасгах хэрэгтэй гэсэн байр суурь байсан. Мөн соёлын салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал олон давтамжтай гарсан.
Нөгөө талаас эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай гэсэн санал хамгийн их ирсэн бол дараагийн ээлжинд боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх хэрэгтэй гэсэн саналууд түлхүү ирсэн юм.
Эдгээр иргэдийн саналыг үндэслэн бид энэ жилийн төсвийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, ирэх оны төсөвт хэрхэн тусгах боломжтойг судлан ажиллана. Ингэснээр одоогийн төсвийг сайжруулах, цаашид илүү оновчтой шийдэлд хүрэхэд иргэдийн оролцоог бодитоор ашиглах зорилготой байна.
-Иргэдийн санал хамгийн их төвлөрч байгаа нь боловсрол, эрүүл мэндийн салбар гэлээ. Мөн эрчим хүчний салбарт төсөв нэмэх тухай санал их байсан уу?
-Дэд бүтцийн салбар бусадтай харьцуулахад иргэдийн анхаарлыг төдийлөн татдаггүй. Учир нь дэд бүтэц нь гарт баригдаж, нүдэнд үзэгддэг зүйл биш бөгөөд газар доогуур шугам хоолой явж, цахилгаан эрчим хүчний сүлжээ дээгүүр нь дамждаг онцлогтой. Тиймээс эрчим хүчний салбарт иргэдийн санал харьцангуй бага ирсэн бол боловсрол, эрүүл мэндийн салбарт санал хамгийн ихээр төвлөрсөн.
Сангийн яам иргэд болон салбарын мэргэжилтнүүдээс ирүүлсэн эдгээр саналыг ач холбогдлоор нь эрэмбэлэн авч үздэг. Дараа нь төсвийн боловсруулалтын шатанд тухайн санал нь улсын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой эсэх, иргэдийн амьдрах таатай орчныг яаж сайжруулах вэ гэдгийг тооцоолж шийдвэрийг нь төсөвт тусган ажилладаг.
-Салбарын яамдууд төсвийн хязгаараас давсан санал ирүүлсэн тохиолдолд Сангийн яам хэрхэн тухайн саналын үндэслэл, үр нөлөөг үнэлж, төсөвт тусгах эсэхийг шийдвэрлэдэг вэ?
-Одоогийн мөрдөж буй Төсвийн тухай хуулиар салбарын яам, агентлагууд төсвийн хязгаарт багтаан саналаа өгөх ёстой гэсэн заалт бий. Энэ нь тухайн салбарын байгууллагууд одоо байгаа төсвөө хэрхэн илүү үр ашигтай зарцуулж, тодорхой зорилгод хүрэхээ нарийвчлан төлөвлөхөд чиглэдэг. Засгийн газар жил бүр төсвийн хүрээний мэдэгдэл баталдаг бөгөөд энэ нь тухайн жилд улсын хэмжээнд зарцуулах нийт зарлагын дээд хэмжээг тогтоосон баримт бичиг юм. Тус мэдэгдэл нь мөнгөний бодлоготой уялддаг. Жишээлбэл, Засгийн газрын зарлага хэт нэмэгдсэн тохиолдолд инфляцад ямар нөлөө үзүүлэхийг тооцоолон, зарлагын хэмжээг барих үүднээс төсвийн хязгаарыг тогтоодог.
Гэвч салбарын яамдууд заримдаа энэ хязгаараас давсан санал ирүүлдэг юм. Ийм тохиолдолд эдгээр санал нь бодлого болон санхүүгийн хувьд хэрэгжих боломжгүйд тооцогдоно. Сангийн яам зөвхөн тогтоосон хязгаарт багтсан саналыг төсвийн төсөлд тусгадаг. Харин зайлшгүй шаардлагатай хязгаараас давсан зардлын саналыг өгөх бол заавал үндэслэл, тооцоо, танилцуулгатай байх ёстой. Тухайн нэмэлт зардал нь ямар зорилгод зориулагдах, ямар үр дүнд хүргэх, одоо байгаа үзүүлэлтийг хэрхэн сайжруулах, иргэдэд ямар эерэг нөлөө үзүүлэхийг тодорхой тайлбарласан тохиолдолд л авч үздэг юм.