Open iToim app
Спорт | 2 мин уншина

"Аархаж" улсын цолтны эгнээнд шилжсэн О.Наранбаатар харцагын онцлох 8 баримт

"Аархаж" улсын цолтны эгнээнд шилжсэн О.Наранбаатар харцагын онцлох 8 баримт
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 15
Энэ жилийн улсын баяр наадмаар улсын аварга О.Хангайгаар тав, улсын гарьд Ө.Бат-Оршихоор зургаа давж, улсын харцага цолтны эгнээнд шилжсэн О.Наранбаатарын онцлох найман баримтыг хүргэж байна. Түүнийг олон ч жил бөх сонирхогчид улсын цолны эгнээнд шилжих бөхчүүдийн нэгээр нэрлэсэн билээ.
  1. Оюунгэрэлийн Наранбаатар нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1992 оны хоёрдугаар сарын 19-нд төржээ. Биеийн өндөр 185 см, жин 135 кг. 
  2. Хамгийн анх 2012 онд сумын заан цол хүртсэн. "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, ЗХ-016 анги, Алтан Жолоо группын нэр дээрээс барилддаг.
  3. 2016 онд Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "аймгийн харцага", 2018 онд Өвөрхангай аймгийн баяр наадамд одоогийн улсын начин, тухайн үеийн аймгийн арслан Т.Довчинсэмбээгээр найм даван түрүүлж "аймгийн арслан" цол хүртжээ. Улмаар 2021 оны Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Бямбадоржоор долоо даван түрүүлж “хурц" чимэг нэмсэн.
  4. Тэрээр бөхийн өргөөний аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр түрүүлж, түрүүлсэн. Тодруулбал, 2023 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин Содномын Эрхэмбаярын нэрэмжит барилдаан, 2022 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит барилдаанд тус тус түрүүлжээ.
  5. Түүнчлэн, гурван ч удаа үзүүрлэсэн. 2024 онд Дашчойлин хийдийн нэрэмжит, Сар шинийн аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан 2022 онд Улсын харцага Жамцын Борын нэрэмжит барилдаан, Дашчойлин хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд тус тус үзүүрлэсэн.
  6. Мөн Бөхийн өргөөнд таван удаа их шөвөгт шалгарсны хоёр нь улс, аймагт, гурав нь аймаг, цэрэгт юм.
  7. О.Наранбаатар улсын наадамд гурван жил дараалан тавын даваанд барилдсан бөгөөд гурав дахь жилдээ О.Хангай аваргад амлуулан барилдан давж, улсын цолтны эгнээнд шилжсэн.
  8. Энэ жил өөрийн хүчээр цол авсан гэдгээ баталж, Өндөр гэгээний даншиг наадмын чансаа өндөр 512 бөхийн барилдаанд зургаа давсан юм. Түүнийг бөх сонирхогчид төрийн наадамд түрүүлж ч мэдэх бөх хэмээн бэлгэшээдэг.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн