Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ

Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 15
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан суралцах төлөвтэй байна. Тэдэнд сургалтын төлбөр нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байна. Их, дээд сургуулиуд хичээлийн шинэ жилийн өмнөх хичээл сонголтыг явуулдаг. Уг хичээл сонголтыг хийхдээ сургалтын төлбөр бүрэн төлөхийг шаарддаг. Гэвч сургалтын төлбөр жил бүр нэмэгддэгээс болж оюутнуудын тооцоолсон дүнгээс өндөр болж, үүнээс болж зарим оюутан сургалтын төлбөрөө олохын тулд жилийн чөлөө авч, ажиллах тохиолдлууд цөөнгүй. Иймд 2025-2026 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр хэрхэн өөрчлөгдсөн болохыг танилцуулж байна.
ШУТИС кредитийн үнэлгээ 190 мянган төгрөг болж нэмэгджээ
Шинээр элсэн орж байгаа оюутнуудын төлбөрийг салбар сургуулиар нь салгавал:
  • Барилга архитектур, геологи, уул уурхайн, технологийн, механик инженер тээврийн, мэдээлэл, холбооны технологийн, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны, хэрэглээний шинжлэх ухааны, эрчим хүч инженерчлэлийн салбар сургуулиуд-190 мянган төгрөг
  • Гадаад хэлний, менежментийн, нийгэм хүмүүнлэгийн салбар сургуулиуд- 185600 төгрөг байна.
Харин 2021-2024 онд элссэн оюутнууд дунджаар162812 төгрөгөөр нэг кредитийг тооцож төлөх юм. Гэтэл өмнөх хичээлийн жилд нэг кредит цагийн үнэлгээ 148-179 мянган төгрөг байсан бол энэ жил 190 мянга болж өссөн нь нэг кредитийн 11-42 мянган төгрөгөөр өссөнийг харуулж байна.
АШУҮИС-ийн хамгийн өндөр төлбөр нь  5.4 сая төгрөг болжээ
АШУҮИС-ийн жилийн төлбөр мэргэжлээсээ хамаарч дунджаар таван сая 270 мянган төгрөг бол хамгийн багадаа гурван сая 540 мянга байна. Түүнчлэн, нэг багц цаг нь мэргэжлээсээ хамаарч 118-170 мянган төгрөг байна. Харин өмнө жил нэг кредитийн төлбөр 67-130 мянган төгрөгийн үнэлгээтэй байсан. Жилийн төлбөр мэргэжил, салбар сургуулиасаа хамаарч харилцан адилгүй дунджаар дөрвөн сая 300 мянган төгрөг байжээ.
МУИС нэг кредитийн үнэлгээ 177.1 мянган төгрөг болж нэмэгджээ
Монгол Улсын Их Сургуулийн 2-4 курсийн нэг кредитийн төлбөр 178-205 мянган төгрөг байна. Шинээр элсэгчдийн нэг кредитийн төлбөр 177.1 мянган төгрөг болжээ. Тэгвэл өмнө жил 2-4 курсийн нэг кредитийн төлбөр 135,600 төгрөг байсан.  Харин шинээр элсэгчдийн нэг кредитийн төлбөр 154 мянган төгрөгийн үнэлгээтэй байжээ. Ингэснээр нэг кредитийн үнэлгээ 23 мянгаар нэмэгджээ.
МУБИС-ийн суурь төлбөр 3.7 сая төгрөгийн үнэлгээтэй байна
МУБИС 21 багш, 15 багш бус мэргэжилтэн бэлтгэдэг. Суралцагч судлах хичээлийн кредитээс хамааран төлбөрөө төлнө. Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн нэг кредитийн үнэлгээ салбар сургуулиасаа хамаараад  91.1-135.4 мянган төгрөгийн хооронд байна. Харин бусад мэргэжлийн нэг кредитийн үнэлгээ 87.3-129.8 мянган төгрөгийн хооронд байна.  МУБИС-ийн нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 2024-2025 оны хичээлийн жил гурван сая 561 мянган төгрөг байсан бол энэ жил 139 мянган төгрөгөөр нэмэгджээ.
СЭЗИС нэг кредитийн үнэлгээ 282 мянган төгрөг болж нэмэгджээ
СЭЗИС-д суралцагчид тухайн мэргэжлээсээ хамаарч 126-132 кредит хичээл үздэг. Тэгвэл 2025-2026 оны хичээлийн жилд тус сургуулийн үндсэн болон хамтарсан хөтөлбөрүүдийн нэг кредит хичээлийн төлбөр 282 мянган төгрөг болсон байна. Харин өнгөрсөн хичээлийн жилд нэг кредитийн төлбөр 215 мянга байсан бол өдгөө 67 мянган төгрөгөөр өсжээ.
СУИС нэг кредитийн үнэлгээ 155 төгрөг болж нэмэгджээ
СУИС-ийн оюутнуудын нэг кредитийн төлбөр өмнө жил 91-99 мянган төгрөг байсан бол энэ жил 155 мянган төгрөг болж нэмэгджээ. Соёл урлагийн их сургууль нь бүрэлдэхүүн зургаан сургууль (Дүрслэх, дизайн урлагийн сургууль, Театрын урлагийн сургууль, Радио, телевиз, медиа урлагийн сургууль, Соёлын сургууль, Хөгжмийн урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургууль), Бадмаараг ахлах сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн , Завхан дахь Хөгжим бүжгийн коллежтой, бакалаврын 26, магистрын 34, докторын хоёр хөтөлбөрөөр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байна.
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн