Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр захирамж гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхий сайдын захирамжийн дагуу Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, “Transparency International” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индекс дэх Монгол Улсын оноо, эрэмбийг сайжруулах, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, иргэдэд учирч буй хууль бус дарамтыг арилгах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллуулахаар болжээ. Ажлын хэсгийн төлөвлөгөө батлагдсан байна.
Ерөнхий сайд Үндсэн хуулиар Засгийн газарт олгосон эрхийн хүрээнд төрийн хуулийн биелэлтийг УИХ-д хариуцан, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг шалгах, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр Улсын ерөнхий прокурортой хамтран ажиллах үүрэг өгсөн.
Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдэд хуульд зааснаас бусад нэмэлт зөвшөөрөл, бүртгэл, гэрээ, гэрчилгээ, санал дүгнэлт зэрэг нэрийн дор бий болсон хүнд суртал, хууль бус дарамтыг бүрэн арилгах, хуульд заагаагүй дүрэм журам, зааврыг хүчингүй болгох асуудлыг 2025 оны есдүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах багц хуулийн төслийг боловсруулж, 2025 оны аравдугаар сарын 1-ний дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгасан байна. Мөн төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хязгаарлаж буй “албаны нууц” гэх нэрийн дор Авлигын индекст сөргөөр нөлөөлж буй зохицуулалтыг хүчингүй болгох чиглэлээр Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, есдүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулах үүрэг өгчээ.
“Transparency International”-ын зөвлөмжийн дагуу Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай болон гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх хуулийн төслийг яаралтай боловсруулж хэлэлцүүлэхээр болсон байна. Хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжид хууль бусаар дарамт үзүүлсэн албан тушаалтанд шуурхай хариуцлага тооцохыг Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгожээ.
Түүнчлэн, 2025 оны арван хоёрдугаар сарын 15-19-нд Катарын Доха хотноо болох НҮБ-ын Авлигалын эсрэг конвенцын оролцогч талуудын бага хуралд Монгол Улсын зүгээс “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн компанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх” тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Гадаад харилцааны сайдад даалгав.