Өнгөрсөн долоодугаар сарын эхээр Засгийн газар ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилж, ажиллуулж буй. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн БЭТ У.Бямбасүрэн өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа сарын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
БЭТ У.Бямбасүрэн: Онцгой дэглэм тогтоосон үе буюу 2025 оны эхний хагас жилийн үндсэн гол үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19-61 хувиар буурсан байдалтай байна. Өнгөрсөн жилийн эхний хагаст 17.1 сая тонн олборлож байсан бол энэ жилийн хагас жилийн дүнгээр 13.8 сая тонн нүүрс олборлосон. Борлуулалтын хэмжээ өнгөрсөн жилийн хагаст 16.8 байсан бол энэ жилийн хагаст 10.2 сая тонны борлуулалттай байна. Экспортын хэмжээ өнгөрсөн жил 16.5 байсан бол энэ жил 12 сая тонн болсон. Орлогын үзүүлэлт бол 2024 оны эхний хагас жилийн дүнгээр 1.8 тэрбум доллар байсан бол энэ жилийн хагаст 710 сая доллар болж буурсан. Ийм үзүүлэлттэй байхад нь онцгой дэглэм тогтоосон.
Онцгой дэглэм тогтоосон энэ хугацаанд гадаад талд БНХАУ-ын Ганц мод боомт дахь нүүрсний үнэ өсөж, наймдугаар сарын 10-ны байдлаар мянга орчим юань болсон. Гадаад зах зээлийн таатай нөхцөл байдлыг Засгийн газраас томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг аль болох соргогоор ашиглаж ажиллаж байна. Хамгийн гол нь биржийн борлуулалт нэмэгдлээ.
2025 оны эхний хагас жилд нийтдээ 85 арилжаа зохион байгуулсны 20 нь л амжилттай болсон. Энэ 20 арилжааны үр дүнд 1.3 сая тонн нүүрс зарж, 95.5 сая доллар олсон. Долоодугаар сарын 1-ээс наймдугаар сарын 11-ийг дуустал зохион байгуулсан 29 арилжааны 23 нь амжилттай болж 382 мянган тонн нүүрс борлуулж, 80.3 сая долларын арилжаа хийсэн. Өнөөдөр наймдугаар сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн бирж дээр Эрдэнэс тавантолгой ХК амжилттай гурван арилжаа зохион байгууллаа. Тодруулбал, 64 мянган тонн эрчим хүчний нүүрс, 512 мянган тонн гуравны нэг коксжих нүүрс, 19 мянга 200 тонн баяжуулсан коксжих нүүрсийг хөрөнгийн биржээр дамжуулан гурван арилжаагаар борлуулсан. Ингэснээр 43.6 сая долларын орлого буюу онцгой дэглэм тогтоосон хугацаанд олсон орлогын талыг зөвхөн өнөөдөр олсон. Өнгөрсөн долоодугаар сар сая 24 мянган тонн нүүрс зөвхөн биржээр борлуулснаар 63.2 сая доллар олсон. Нүүрс тээвэрлэлт, борлуулалт, биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулсны үр дүнд долоодугаар сард сард:
Олборлолтын хэмжээ 1.2 сая тонн байсан бол 2.7 сая болж 126 хувь,
Борлуулалтын хэмжээ 900 мянган тонн байсан бол 2.6 сая тонн хүрч 197 хувь,
Экспортын хэмжээ 1.6 сая тонноос 1.9 сая тонн дээр очиж 23 хувь,
Орлогын хэмжээ 54 сая доллароос 142 сая доллар болж 160 хувь,
Биржийн тээвэр 100 мянган тонн байсан бол 400 мянга болж өссөн үзүүлэлтүүд гарсан.
Нүүрсний ачилт, мөнгөн дүн сүүлийн таван долоо хоногт тогтмол өсөж, долоо хоногт дунджаар 600 мянган тонн нүүрс ачиж 30 гаруй сая ам.доллар олоод явж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо 765 болж нэмэгдлээ. “Чайна энержи”-гийн гэрээний ачилт 5.5 дахин, урт хугацаат тээвэр 74 хувь, биржийн гэрээний өдрийн дундаж өсөлт 76 хувиар тус тус өссөн байна.
Мөн зарим төсөл дээр онцгой арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ хүрээнд нүүрс ачиж буулгах логистикийн төвд дотоод хяналт шалгалт хийсэн. Төлөвлөлт, бүтээн байгуулалтын явцад хууль зөрчсөн асуудлыг АТГ-т өгсөн. Түүнчлэн, нүүрс баяжуулах үйлдвэрийн байршлыг үндсэн уурхайгаас хол сонгож, конвейрээр нүүрс зөөх шаардлага үүсгэсэн асуудлыг бас шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн байна.
Логистикийн төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд төсөл хэрэгжүүлэгч “Бодь интернэйшнл групп”, “Тавантолгой төмөр зам” компани хамтран дөрвөн ачилт хийлээ. Одоогоор илрээд байгаа доголдолд эвдрэл гэмтлийг засах тохиролцоонд хүрсэн. Хамгийн их маргаан дагуулдаг худалдан авах ажиллагааг нэгдсэн удирдлагатай болгох ажлыг есдүгээр сарын 1 гэхэд хийнэ.
ЭТТ компанийн үйл ажиллагааны зардлыг 16 хувиар бууруулна. Мөн хөрөнгө оруулалтын зардлыг 200 тэрбумаар хасна. Түүнчлэн, ЭТТ ХК-иас төрд төлөх ёстой ногдол ашгийн өглөгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр төсөл хөтөлбөрт холбоотой өглөг авлагыг суутган тооцож байна. Мөн компанийн бизнес төлөвлөгөөг 2026-2028 онд боловсруулж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн стратегитай нягт уялдуулна.