Ховд аймгийн Зэрэг сум, Баатарын нурууны өвөр бэл, Бураа багийн нутагт 1992 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Баярхүүгийн ууган хүү болж мэндэлжээ. Дороо гурван дүүтэй.
Б.Бат-Өлзий зааны хувьд өвс хадлан авах ажил бие бялдрын хүмүүжилд нь голлон нөлөөлсөн гэдэг. Өөрөө энэ тухайгаа “Аав өвсөө хадна, би бухалдаад, уснаас нь мөрөөр чирч гаргаад хатааж, баглаад тэмээгээр ачна. Олон жил аавыгаа дагаж хадлан хийсэн дээ. Таван тэмээгээр ачлаа гэхэд хоёр хүн чинь өдөрт 2-3 удаа ачдаг. Зай нь ойрхон 5-6 км ч ажиллагаа бол их шүү дээ” гэж нэгэн ярилцлагадаа дурдаж байсан.
Тэрээр 16 настайдаа хонио хариулж байгаад сумын заан цолонд хүрсэн байдаг. 2008 онд сумын заан болсон цагаасаа заалны барилдаанд алгасахгүй оролцсон.
Түүнчлэн, 2013 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин", мөн ондоо Ховд аймгийнхаа баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. Мөн 2014 онд аймгийн заан, арслан цол хүртсэн юм.
Б.Бат-Өлзий нь 2015 онд анхны улсын наадамдаа дөрвийн даваанд өвдөг шороодож байсан бол 2016 онд аймгийн арслан цолноос харайж улсын харцага цол хүртсэн.
Түүний дараагаар 2019 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ч.Эрдэнэсайханаар дөрөв, улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн заан Э.Энх-Амгалангаар зургаа, улсын харцага Н.Золбоогоор долоо давж Монгол Улсын заан цол хүртсэн.
“Цар тахлын” жил /2021 он/-ийн зун наймдугаар сард болсон улсын наадмыг орлосон наадамд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон байдаг. Сумын цолтон болон залуу бөхчүүд багтаагүй чансаа өндөр энэ наадамд Б.Бат-Өлзий түрүүлсэн ч “Улсын арслан” цолоо авч чадаагүй.
Бөх сонирхогчид түүний цол нь багадсан, хэзээ нэгэн цагт арслан, аварга болно гэж ярьдаг. Б.Бат-Өлзий заан заалны барилдаанд олон ч удаа түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн юм.