Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

Их, дээд сургуульд суралцагчид нэмэгдэж, багш, ажилчдын тоо буурчээ

Их, дээд сургуульд суралцагчид нэмэгдэж, багш, ажилчдын тоо буурчээ
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 12
2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан суралцах төлөвтэй байна. Ажиллагсдын тоо өмнөх жилээс бага зэрэг буурч, нийт 11,143 багш, ажилтан ажиллахаар тооцоолжээ. Үүнээс 5142 нь үндсэн багшаар ажиллах юм. Эдгээр 65 сургуулийн бүтэц, өмчийн хэлбэрийн хувьд 17 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, үлдсэн 3 нь орон нутгийн шашны өмчийн сургууль гэдгийг Боловсролын яамнаас мэдээллээ.
2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын дээд боловсролын сургалтын тогтолцоонд нийт 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийт 150,282 оюутан суралцсан байна. Энэ хугацаанд нийт 11,403 багш, ажилтан ажилласан ба тэдний 5151 нь үндсэн орон тооны багш байжээ.
Суралцагчдын хувьд 2024-2025 оны хичээлийн жилд 81,571 оюутан төрийн өмчийн их, дээд сургуульд, 60,111 оюутан хувийн өмчийн сургуульд суралцаж байв. Харин 2025-2026 оны хичээлийн жилд элсэлтийн урьдчилсан байдлаар төрийн өмчийн сургуулиудад 16,097 оюутан, хувийн өмчийн сургуулиудад 6735 оюутан шинээр элсэх төлөвтэй байна. Монголын дээд боловсролын салбарт оюутны тоо жилээс жилд өсөх хандлагатай байгаа ч багш, ажилтны тоо харьцангуй буурсаар байна. Мөн өмчийн хэлбэрийн хувьд төрийн өмчийн сургуулиудад суралцагчдын тоо давамгай хэвээр байгаа юм.

"Илгээлт-2100" хөтөлбөрт шалгарсан оюутнууд

"Илгээлт-2100" нь Монголын сум, хороодын шилдэг төгсөгчдийг сонгон авч, гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад сургах замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой үндэсний хэмжээний тэтгэлэгт хөтөлбөр юм. Хөтөлбөр нь 2021 оноос хэрэгжиж байгаа бөгөөд жил бүр Монгол Улсын бүх сум, хороодын хэмжээнд нэг шилдэг төгсөгчийг тодруулан бэлтгэл сургалтад хамруулдаг. Бэлтгэл сургалтын үеэр оюутнууд гадаадад суралцахад шаардлагатай хэлний болон академик чадвараа хөгжүүлж, олон улсын боловсролын орчинд дасан зохицох мэдлэг, ур чадварыг эзэмшдэг байна.
2024 онд тус хөтөлбөрт нийт 338 оюутан бэлтгэл шатанд тэнцэж оролцсон бол 2025 онд оролцогчдын тоо нэмэгдэж 516 оюутан 16 улсад суралцах боломжтой болсон юм. Эдгээр улс орнуудын дотор дэлхийд боловсролын чанараараа тэргүүлдэг олон орны их, дээд сургуулиуд багтсан бөгөөд оюутнууд шинжлэх ухаан, инженерчлэл, нийгмийн ухаан, менежмент зэрэг олон чиглэлээр мэргэжил эзэмшиж байна.
2025-2026 оны хичээлийн жилд "Илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман Улсад суралцах тэтгэлэгт хамрагджээ. Герман нь инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, инноваци, судалгааны салбарт дэлхийд тэргүүлэгч орны нэг бөгөөд тус улсад суралцахаар тэнцсэн оюутнуудын хувьд олон улсын түвшинд өрсөлдөх чадвар, мэргэжлийн өндөр мэдлэг эзэмших томоохон боломж нээгдэж байгаа юм.
"Илгээлт-2100" хөтөлбөр нь Монголын алслагдсан бүс нутгийн шилдэг залуусыг дэлхийн боловсролын тавцанд гаргаж, ирээдүйд улс орноо хөгжүүлэх чадварлаг боловсон хүчнээр хангахад чухал хувь нэмэр оруулсаар байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн