Хүүхдүүдэд ухаалаг утас, ялангуяа сошиал медиа хэрэглүүлэхээс эцэг эхчүүд зайлсхийх хэрэгтэй гэж судлаачид анхааруулсаар байна. Даваа гарагт нийтлэгдсэн нэгэн судалгаагаар 13 нас хүрэхээс өмнө ухаалаг утас хэрэглэж эхлэх нь хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Эрсдэл охидын дунд илүү өндөр байна
Journal of Human Development and Capabilities сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар, 13-аас доош насандаа ухаалаг утас хэрэглэж эхэлсэн хүүхдүүдийн дунд амиа хорлох тухай бодол, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар муудах, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, бодит байдлаас тасрах зэрэг шинж тэмдгүүд охидын дунд илүүтэй ажиглагджээ.
Судалгаагаар ухаалаг утсыг 13 нас хүрэхээс өмнө хэрэглэж эхэлсэн жил бүр нь тухайн хүний ирээдүйн сэтгэл зүйн болон нийгмийн сайн сайхан байдал буурахад хамааралтай болохыг тогтоосон байна.
Нойр муудах, цахим дарамт, гэр бүлийн зөрчлийг нэмэгдүүлдэг
Судлаачдын үзэж байгаагаар, бага наснаасаа ухаалаг утас хэрэглэж эхэлсэн хүүхдүүд сошиал медиад илүү өртөмтгий болж, улмаар нойрны хэм алдагдах, цахим дарамтад өртөх, гэр бүлийн харилцаа муудах зэрэг асуудал үүсдэг аж.
Судалгааны үр дүн маш ноцтой байсан тул судлаачид дэлхий даяар 13-аас доош насны хүүхдүүдийн ухаалаг утас болон сошиал медиа хэрэглээг хязгаарлах шаардлагатай гэж уриалжээ.
Судалгааны ахлах зохиогч, Sapien Labs төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүлэх эрдэмтэн Тара Тиагаражаны хэлснээр “13 наснаас доош хүүхдүүдийн ухаалаг утас, сошиал медиа хэрэглээг хязгаарлах, тэдний хүрээлж буй цахим орчныг илүү нарийвчилсан бодлогоор зохицуулах шаардлагатай байна” гэжээ.
Өмнөх судалгаанууд ихэвчлэн ухаалаг утас хэрэглээ нь сэтгэл түгших, сэтгэл гутралтай хэрхэн холбоотойг судалж байсан бол энэ удаагийн судалгаа нь сэтгэл хөдлөлийн зохицуулалт, өөрийгөө үнэлэх үнэлэмж гэх мэт илүү гүнзгий шинжүүдийг авч үзсэн нь онцлог юм гэж Тиагаражан тайлбарласан байна.
Охид хөвгүүдээс илүү эмзэг байна
Судалгаанд 18–24 насны 100,000 гаруй залуус оролцсон бөгөөд тэд сэтгэлзүйн шинж тэмдэг болох түрэмгий байдал, тусгаарлагдсан мэдрэмж, хий юм харах, амиа хорлох бодол орж ирдэг зэргээр хариулжээ. Ухаалаг утсыг бага насандаа хэрэглэж эхэлсэн хүмүүсийн хувьд эдгээр сөрөг үзүүлэлт өндөр гарсан байна.
Охидын хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал багассан бол хөвгүүдийн хувьд тайван бус, тогтворгүй, өрөвч нинжин сэтгэл багатай болсон хандлага ажиглагджээ.
5-6 настайдаа ухаалаг утас эзэмшсэн охидын 48 хувь нь амиа хорлох хүчтэй бодолтой байна
5–6 настайд нь ухаалаг утас хэрэглэж эхэлсэн охидын 48 хувь нь "ноцтой" амиа хорлох бодолтой байсан бол 13 наснаас хойш утас авсан охидын хувьд энэ үзүүлэлт 28 хувь байжээ.
Хөвгүүдийн дунд 5–6 настайд нь утас хэрэглэж эхэлсэн залуусын 31 хувь нь, 13 наснаас хойш хэрэглэсэн залуусын 20 хувь нь ийм бодолтой байжээ.
Судлаачид эдгээр ялгааг гол төлөв сошиал медиа хэрэглээтэй холбоотой гэж дүгнэсэн байна. Мөн нойр муудах, цахим дарамтад өртөх, гэр бүлийн уур амьсгал муудах зэрэг нь сэтгэлзүйд сөргөөр нөлөөлсөн байна.
Санал болгож буй шийдлүүд
13 нас хүрээгүй хүүхдүүдэд ухаалаг утас, сошиал медиа хэрэглүүлэхгүй байх
Цахим хэрэглээний боловсрол олгох
Технологийн компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх
Нийгмийн сэтгэлзүйчид ч ижил байр суурьтай байна
Энэхүү судалгааны үр дүн нь сэтгэлзүйч Жонатан Хайдтын санаачилсан “Anxious Generation” буюу “Түгшсэн үеийнхэн” хөдөлгөөний хүрээнд гарч ирж буй санаачилгуудтай давхцаж байгаа юм. Хайлт хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах үндэсний жишиг тогтоохыг уриалж, дараах гурван заалтыг санал болгожээ:
Сургуулийн өмнөх насанд ухаалаг утас өгөхгүй байх
16 нас хүрээгүй бол сошиал медиа хэрэглүүлэхгүй байх
Сургуулийг гар утасгүй бүс болгох
Хүүхдийн эмч Наташа Бургерт мөн эцэг эхчүүд өөрсдөө ухаалаг утсыг хэрхэн зөв ашиглахыг үлгэрлэн харуулах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.