Open iToim app
Спорт | 2 мин уншина

Улсын арслан Э.Оюунболдын онцлох 8 баримт

Улсын арслан Э.Оюунболдын онцлох 8 баримт
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 3
Допингийн шийтгэлийн улмаас барилдах эрхээ хасуулсан улсын арслан Э.Оюунболд энэ жилээс зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж барилдаж байгаа билээ. Бөх сонирхогчид түүнийг төрмөл бөх хэмээн хүндэлдэг. Хэдийгээр удаан хугацаанд барилдаагүй ч төрийн наадамд нэг өдөр Э.Оюунболд түрүүлж аварга цолоо хүртэнэ гэх таамгийг байнга дэвшүүлдэг. Ингээд Э.Оюунболдын онцлох найман баримтыг хүргэж байна.
  1. 1993 оны гуравдугаар сарын 14-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд мэндэлжээ. Айлын ууган хүү. Нэг дүүтэй. Э.Оюунболд 14 настай байхаасаа бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. 
  2. Тэрээр Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Г.Эрхэмбаяр зэрэг аваргыг болон Ц.Цэрэнпунцаг гарьдыг ихээр хүндэлж явдаг хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан удаатай.
  3. Чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан бөгөөд 2010 оны Өсвөрийн улсын аваргад түрүүлж байжээ. Мөн Ташкент хотноо болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүүхдийн олимпод оролцох эрхээ авч байсан гэдэг. 2010 онд Сингапурт зохион байгуулагдсан хүүхдийн анхдугаар олимпийн наадамд Монгол Улсынхаа төрийн далбааг өргөж явах хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээж байсан аж.
  4. Э.Оюунболд 2007 оноос Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аваргын байгуулсан “Аварга” дээд сургуульд Б.Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.
  5. Тэрээр Улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж байсан. 2011 онд сумын начин болж сумын заануудын барилдаанд хөлс гаргалгүй түрүүлж явсан билээ.
  6. Түүний амжилтын түүхээс дурдвал 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болсон. Түүнчлэн, 2015 оны хавар Монголын Үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол юм байна.
  7. 2014 онд "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг төгссөн даруйдаа Их засаг олон усын их сургуулийн хууль, эрх зүйн ангид суралцаж, төгссөн юм. Тэрээр багадаа эмч болно гэж мөрөөддөг байжээ.
  8. Бөхийн өргөөнд есөн удаа түрүүлж, 10 удаа үзүүр булаажээ. Түүнчлэн, 2019 оны Улсын баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлж “Монгол Улсын аварга” болсон ч допингийн шинжилгээнд удаа дараа бүдэрсэн. Улмаар аварга гэх эрхэм цолоо хураалгаж, барилдах эрхээ хасуулаад байв. Түүний барилдах эрх сэргэснээс хойш заал танхимын барилдаан алгасахгүй оролцож байгаа юм.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн