Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл зургаадугаар сарын 12-нд хуралдаж, тэтгэврийн зээлийг цалингийн зээлтэй адилтган хэрэглээний зээлийн ангилалд оруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаа 50:50 болж өөрчлөгдсөн юм. Энэхүү шийдвэрийг ахмадууд эсэргүүцэж, суулт зарлаад байгаа. Тэгвэл Монголбанк тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас хасаж, арилжааны банкууд өөрсдийн журмын дагуу ахмадуудад зээл олгох эрхийг өгнө гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдэгдэв.
Тэрээр "Хараат бус Мөнгөний бодлогын хороо хуралдаж, тэтгэврийн зээлтэй холбоотой шийдвэрийг гаргасан. Шийдвэр гаргахдаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал, нөгөө талд хадгаламж эзэмшигчдийн хууль ёсны эрх ашиг, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашиг гэсэн үндсэн үзүүлэлтүүдийг харгалзан үздэг.
Хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлахгүй бол энэ нь хөрөнгө оруулалтын зээлд нөлөөлдөг. Хэрэглээнд зээл ихээр гарснаар хөрөнгө оруулалтын зээлийн олдоц буурч, хүртээмж хумигддаг. Мөн хэрэглээний зээлээр дамжиж импортын хэмжээ нэмэгдэж, төлбөрийн тэнцэл дээр том дарамт ирэх, үүнээс шалтгаалж валютын ханш өсөх зэрэг сөрөг үр дагавар гардаг. Тиймээс санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Мөнгөний бодлогын хороо хараат бусаар хуралдаад шийдвэрээ гаргасан.
Гэхдээ Төв банкны зүгээс хэрэглээний зээлийн ангиллаас тэтгэврийн зээлийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Арилжааны банкууд өөрсдийн бодлого үйл ажиллагаагаараа зээлдэгч бүрд нь тохирсон зээлийн бүтээгдэхүүн гаргаж, өөрсдөө зээлий шийдвэрлэх нь зүйтэй юм” гэлээ.