Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар төсвийн 33 хувь, экспортын 94 хувийг дангаараа бүрдүүлдэг. Дэлхийн зах зээл дээр Монгол Улсын гол түүхий эдийн үнэ унаж байгаатай холбоотойгоор цаашдаа ямар арга хэмжээ авч ажиллах талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж, тодорхой шийдвэрүүд гарсан байна.
Эдийн засгийн хямралын амь тариа нь АЛТ...
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд уул уурхайн бодлогыг зөв зохистой авч явах асуудлыг хийх ёстой.
Нэгд, манай эдийн засаг овор хэмжээ ихтэй нүүрс, зэс, жонш, төмрийн хүдэр зэрэг эрдэс бүтээгдэхүүн дээр суурилсан байдаг. Мөчлөг дагаж унаж босдог салбарын хувьд дотроо төрөлжүүлж ажлуудыг хийх ёстой байдаг. Манай улс өнгөт металлын салбараа дэмжих ёстой. Өнгөт металл болон масс тээвэрлэлт хийдэг түүхий эдийн үнэ сөрж савладаг учраас уул уурхайд суурилсан эдийн засагтай орнууд үүн дээр тоглож, гол бодлогоо явуулдаг.
Энэ бодлогын суурь болгож манай яам Алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар бэлдэж байна. Алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан бөгөөд одоо УИХ-ын шийдвэр зайлшгүй шаардлагатай байна.