Open iToim app
Нийгэм | 6 мин уншина

Т.Энхтайван: Макраме урлал нь анхаарал төвлөрлийг сайжруулж стресс тайлахад тусалдаг

Т.Энхтайван: Макраме урлал нь анхаарал төвлөрлийг сайжруулж стресс тайлахад тусалдаг
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Макраме урлаач Т.Энхтайвантай ярилцлаа. Тэрээр макраме урлал хийж эхлээд таван жил болж байгаа бөгөөд EVN.23 кофе шопын үүсгэн байгуулагч юм. Түүний кофе шопод 18 гар урлаачийн бүтээгдэхүүн худалдаалдаг. Макраме урлал нь математикийн тооцоолол шаарддаг. Хийх бүтээлийнхээ хэлбэр хэмжээ, сүлжээсийг нарийн тооцож, олсоо хэмжсэний дагуу тастаж бэлдэхээс эхэлж ажил үе шаттайгаар үргэлжилнэ.  Орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулахаас гадна чамин, чанартай байхад цаг тутамд анхаарал хандуулдаг аж. 
-Макраме урлалыг яагаад сонирхож эхлэх болсон бэ?
-Багадаа хөдөө өвөө, эмээгийндээ өссөн. Хөдөөгийн хүмүүс хазаар, ногт, чөдрөө зангиддаг. Иймд багаасаа үндэсний сүлжээс, зангилаагаа өвөөгөөсөө сурсан. Манай эмээ их уран хүн байсан. Макраме урлалыг монголоор уран зангилаа гэдэг. Том болоод өвөөтэйгөө хамт сур элдэж мориныхоо хазаар, чөдрийг зангидаад үндэсний сүлжээс, зангилаасаа сураад л явж байсан. ЕБС-аа төгсөөд өөр мэргэжил сонгосон л доо. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд цахилгааны мэргэжлээр ажиллаж байгаад ажлынхаа хажуугаар гар урлалын зүйл хийх гээд оролддог байлаа. Хамгийн эхэнд хоёр модны дунд зүүсэн сүлжмэл ор хараад их гоё харагдаад хийж үзсэн. Ингэхэд сүлжээс, зангилааг нь амархан ойлгоод макраме урлалтай танилцсан эхэлсэн. Багадаа өссөн ахуй, хүмүүжилтэй холбоотойгоор хурдан сураад дурлаад амархан хийгээд явсан. Намайг макраме урлалыг сурч эхэлж байхад урлаачид мэр сэр байдаг байсан. Гэхдээ нэлээд ховор. Одоо ч гэсэн. Иймээс Youtube гээд багшаас бие дааж сурсан. 
-Мэдээж сонирхлын түвшинд авч явах өөр. Яагаад макраме урлалыг ажил болгох болов?
-Хөдөө өссөн болохоор илүү их дотогшоогоо төвлөрдөг болчихдог юм билээ. Ганцаараа өөрийнхөө зүйлийг хийхдээ маш их кайф авч аз жаргалтай байдаг. Өмнөх ажилдаа хэдийгээр ажлаа хийгээд яваад болоод байсан ч яг ийм таатай, тухтай, аз жаргалтай байгаагүй. Макраме урлал хийхээрээ жинхэнэ өөрийгөө мэдэрч аз жаргалтай болоод байсан. Энэ маш их нөлөөлөөд дуртай зүйлээ олсон болохоор түүнийгээ хийгээд явах ёстой юм байна гээд шийдсэн. Ингээд ажлаасаа гараад макраме урлалаа ажил болгоод явсан. Санхүүгийн асуудлууд тулгарсан ч өөрийнхөө дуртай зүйлийг ажил болгон хийх нь хамгийн гоё.
-Ямар төрлийн бүтээл ихэвчлэн хийдэг вэ. Хийж байсан бүтээлүүдээс нь хамгийн их ажиллагаа шаардсан нь ямар бүтээл байв?
-Говийн зураг авалтад зориулсан бүтээл л хамгийн их ажиллагаа шаардаж байсан. Ноос, ноолуураар бүтээгдэхүүн хийхээр илүүдэл утас, хаягдал гардаг. Говиос байгальд ээлтэй, хаягдалгүй гэдэг үүднээс шинэ коллекц гаргасан. Түүнд нь дахин боловсруулсан гэдгийг нь илэрхийлэх бүтээгдэхүүн хэрэгтэй байна гээд надаар бүтээл хийлгэсэн. Тухайн бүтээл нь долоон хоногийн ажил болсон. Хамгийн олон хийж байгаа бүтээл гэвэл дүүжин сандал, цүнх, эмэгтэй хүний гоёл топ, юбка. Гэхдээ өдөр тутамд өмсөх хувцас хийх боломжгүй. Харин хөгжмийн фестивалийн хувцас олон хийдэг. Гар урлал гэдэг утгаараа аливаа загварыг өнгө, хэмжээгээр нь нэг л хийхийг хичээдэг. Энэ нь авч байгаа худалдан авагчдаа илүү үнэ цэнтэй. Дахин давтагдахгүйн тулд загваруудыг байнга шинэчилдэг. Үнийн хувьд ажиллагаа, материал, хэр их цаг хугацааг зарцуулснаас хамаардаг. Мөн гэрийн декорууд хийдэг. Ер нь хүн сэтгэж чадвал макраме урлалаар юу л бол юу хийж болно. 
-Гар урлал учраас дахин давтагдашгүй байдал чухал гэлээ. Бүтээлийн сэдэл, санаагаа хэрхэн олдог вэ?
-Мэдээж шинэ бүтээл хийхийн тулд санаагаа олох нь хамгийн чухал. Санааг бол хаанаас ч олж болно. Жишээлбэл, хүмүүсийн хувцас, барилга, байшингийн хэлбэр, заримдаа хаяг хараад үг, нэрээс ч юм уу санаа ургаад гараад ирдэг. Түүнийг хамгийн гол нь мартахгүй тэмдэглэж авах нь чухал байдаг. Санаа бол надад байнгын төрдөг. Даанч ихэнхийг нь алддаг. Боломжтой үедээ тэмдэглээд явдаг. Захиалга авахдаа бол хэрэглэгчдийн санаанд тулгуурлан хийдэг.
-Нэг бүтээл хийхийн тулд хэр хугацаа зарцуулдаг вэ. Ямар үед хамгийн гоё байдаг вэ?
-Жишээлбэл, өдөрт жижгэвтэр цүнх 3-4-ийг хийж чадна. Том ажиллагаа ихтэй цүнх бол нэгийг эсвэл магадгүй хоёр өдөрт хийнэ. Дүүжин сандал загвараас нь хамаарч 2-3 өдөрт хийдэг. Ер нь хаана нь ямар сүлжээс, зангилаа ажиллагаа орж байна гэдгээс хамаарна. Шинэ санаа олчхоод хийж амжихгүй явж байгаад бүтээлээ "өлгийдөж" авах мэдрэмж маш гоё байдаг. Мөн захилгаа хүлээж авч байгаа хүмүүсийн талархал илэрхийлэхийг харах гоё мэдрэмж.
-Макраме урлалын түүхээс бидэнтэй хуваалцахгүй юү?
-Макраме урлал нь арабаас үүсэлтэй. Европын далайчид 13-р зуунд далайн аялалдаа хөлөг онгоцон дээр жимсний тор, шуудай зэрэг зүйлсийг сүлждэг байсан аж. Эх газарт очихдоо сүлжээсээ эхнэр, хүүхдэдээ зааж өгдөг, бүтээлээ зах дээр борлуулдаг байсан. Ингэж тухайн үеийн далайчид макраме урлалыг Арабаас Европ руу түгээсэн. Ер нь эрэгтэй хүмүүс тухайн үед ч голлох үүргийг гүйцэтгэж байсан. Аж үйлдвэржилтийн эрин үед Английн хатан хаан хүртэл өөрийн ордондоо макраме урлал хийдэг байсан гэж яригддаг. Тухайн үедээ макраме урлалыг тансаг зэрэглэл рүү илүү оруулсан. Түүний дараа аж үйлдвэрлэл хөгжөөд бүх зүйлийг техник, технологийн хүчээр олныг үйлдвэрлээд ирэхээр гар урлал хаягдаж эхэлсэн. Харин 19-р зууны дунд үеэс буцаад гар урлал сэргэж эхлээд интерьер тал руугаа илүү орж ирсэн. Жишээлбэл, гараар хийсэн ханын гоёл чимэглэлүүд, декор,  далайн эргийн гоёл чимэглэлүүд илүү их хийгдэх болсон. Ингээд интернэтийн хүчээр дэлхий даяар тархаж байна. 
undefined
-Эрэгтэй хүн макраме урлалын бүтээгдэхүүн хийдэг гэхээр хүмүүс эхлээд гайхдаг байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Одоо болтол гайхдаг. Эвэртэй туулай харсан юм шиг. Их сонин санагддаг юм шиг байдаг. Ялангуяа би цахилгааны хүн байсан. Ажлаасаа гараад макраме урлалаа ажил болгоно гэхэд хүн болгон “Чи галзуурсан байх аа. Чиний ажилд хүмүүс орох гээд оочирлодог байхад ийм гоё ажлаа хаяад олс сүлжээд явах гэж байдаг” гэж байсан. Хамгийн ойр дотнын гэр бүл, найз нөхөд хүртэл гайхсан. Одоо бол дассан. Макраме урлалаар тууштай явж байгаа эрэгтэй хүн миний мэдэхийн надаас өөр байхгүй.
-Макраме урлалын бусад гар урлалаас ялгарах онцлог юу вэ?
-Нэгдүгээрт, хийх техник нь өөр. Хоёрдугаарт, 100 хувь гараар урладаг. Гуравдугаарт, хийж байгаа утас материал нь өөр. Дөрөвдүгээрт, утсыг нь маш нарийн тооцож бэлддэг. Утсаа буруу тайрч дутаавал голд нь залгаж болдоггүй. Ямар нэгэн байдлаар залгаас оруулбал бүдүүлэг, муухай болно. 
-Яагаад макраме урлал хийж сурах хэрэгтэй вэ. Таны хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Макраме урлалыг хийж сурснаар стресс маш сайн тайлдаг. Стресс гэдэг хэрэггүй олон бодлоос үүсдэг. Тэгэхээр макраме урлал хийж байхад бодол их цэгцэрдэг. Макраме урлал нь анхаарал төвлөрлийг сайжруулдаг. Учир нь макраме урлалын сүлжээс, зангилаас харьцангуй хэцүү. Миний хувьд харьцангуй стрессгүй тайван болсон. Макраме урлалын нөлөөгөөр сэтгэл зүйн хувьд амар амгалан, эрүүл болсон гэж болно. Түүнчлэн, дуртай зүйлээ хийж байгаа хүн байнга л жаргалтай. Намайг жаргалтай байхаар гэр бүл, найз нөхөд дагаад л гоё болсон. 
-Ярилцлагынхаа төсгөлд кофе шопынхоо талаар танилцуулахгүй юү. Мөн хүмүүст хандаж хэлэх үг бий юү?
-Анх гар урлалын бүтээгдэхүүнээ борлуулахад чадахгүй, мэдэхгүй зүйл олон байсан болохоор хэцүү байлаа. Бага багаар сурч хөгжөөд л явж байна. Над шиг бас хүмүүс байгаа болохоор гар урлаачдын бүтээгдэхүүн зардаг дэлгүүр байх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд урлангаа жаахан ахиулаад дэлгүүр болгосон. Мөн кофенд дуртай. Нэг л өдөр тохижилт бүх зүйл нь гар урлалаар хийгдсэн кофе шоп байж болох юм байна гэж бодсон. Түүн дотроо гар урлалын бүтээлүүдээ зарж урлангаа ч дотор нь байлгаж болох юм байна гээд кофе шопоо нээсэн. Манайд 18 урлаачийн төрөл бүрийн бүтээгдэхүүн бий.
Хэрвээ таны эргэн тойронд гар урлал хийдэг хүмүүс байвал аль болох худалдан авалт хийхийг бодоорой. Гэхдээ мэдээж таалагдсан зүйл байвал аваарай. Нөгөө талдаа гар урлал хийж байгаа, хийхийг хүсдэг хүмүүстээ хэлэхэд дуртай зүйлээ үргэлжлүүлж хийхийн тулд орлоготой байх ёстой. Ингэхийн тулд танд итгэж худалдан авалт хийж байгаа хүнээ хэзээ ч гомдоож болохгүй. Хүлээлтийг нь 200 түүнээс ч илүү хувь давтал нь бүтээлийг нь хийж өгч байгаарай. Тэгвэл заавал худалдан авалт дахиж орж ирдэг шүү. Тэгж чадвал гар урлалаа бизнес болгоод явах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн