УИХ-ын нэгдсэн чуулганы \2025.06.13\ үдээс өмнөх хуралдаан эхэллээ. Хуралдаанд 65 гишүүн ирсэн байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар танилцууллаа. Үүнд:
Ингээд Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулга хийлээ.
Хот төлөвлөлтийн хариуцлага бүхий эрх зүйн зохицуулалт цаг үеийн шаардлагаа хангахаа больсон
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Хот байгуулалтын тухай хууль 1998 онд анх батлагдаж, 2008 он шинэчлэгдэн батлагдсан. Энэхүү хуульд тухайн үеийн нөхцөл байдал, төвлөрөл багатай хүн амын байршлыг харгалзан үзэж, хот байгуулалтын ерөнхий зураг төслийг гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэн. Хот төлөвлөлтийн хариуцлага бүхий эрх зүйн зохицуулалт цаг үеийн шаардлагаа хангахаа больсон гэж үзэж байна.
Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж, нийгмийн суурь дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. Хот байгуулалтын тухай хууль болон тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн Хот төвлөвлөлтийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон боловч хүн амын төвлөрөл, хотжилтын эрчимтэй нөхцөлд дасан зохицохгүй байгаа нь өнөөгийн хүртээмжгүй, зохион байгуулалтгүй төлөвлөлтийн суурь шалтгаан болсон гэж үзсэн. Энэ бүхний үр дагаварт хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн ихээр зөрчигдөж байна.
Бидний хувьд хүртээмжтэй, чанартай боловсролын талаар олон асуудлыг хөндөж ярьдаг ч түүнийг бүрдүүлэх шаардлагатай эрх зүйн орчныг орхигдуулсан байгаа юм.
Үүний улмаас сургууль, цэцэрлэг төлөвлөсөн ч түүнийг хэрэгжүүлдэггүй төлөвлөлтүүд нийслэлд маш их байна. Жишээлбэл, Баянгол дүүргийн Алтай хотхон 2008 онд ашиглалтад орсон боловч 5000 гаруй өрх 16 мянга орчим хүнтэй ч нэг ч сургууль, цэцэрлэггүй байна. Мөн Эрин, Хархорин зэрэг хотхонууд улсын цэцэрлэг, сургуульгүйгээр ашиглалтад орсон. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье.
Төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Төслүүдийн талаарх эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн танилцуулна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас 2025 оны тавдугаар сарын 2-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны зургаадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн зүгээс хот байгуулалт, барилгажилт, газар олголтын талаар авч байгаа зөрчлийг арилгах, иргэдийн эрүүл аюулгүй таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хот суурин газарт орон сууцны төлөвлөлтийг хийхдээ эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой тооцож, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулжээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуугаагүй бөгөөд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн орон сууцны хотхон, хороолол сургууль, цэцэрлэгтэй байхаар төлөвлөх болон орон сууцны гадна авто зогсоол, явган хүний зам, ногоон байгууламжийн төлөвлөлтийн стандартын талаарх зохицуулалтыг заавал биелүүлэх шинж чанартайгаар боловсруулсныг дэмжиж байгаа талаар санал хэлсэн болно.
Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнболд: Парламент өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүн төвт таван тулгуурт бодлогыг хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнд энэ орж байгаа төсөл хэр зэрэг хангагдсан бэ. Хоёрдугаарт, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудалд энэ төсөл хэр уягдсан бэ?
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Энэ хуулийн гол зорилго нь хүний эрх, хүүхдийн эрхийг хангах юм. Манай Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэггүй төлөвлөлтүүд маш их болсон. Яагаад гэвэл Улаанбаатар хотын ерөнхий архитектор гэдэг хүний зөвшөөрлөөр төлөвлөж байна. Ингэхдээ барилгын норм, дүрмийг баримталдаг. Зарим тохиолдолд сургууль, цэцэрлэгийн зөвшөөрлийг өгдөггүй. Иймээс миний хувьд сургууль, цэцэрлэгийг заавал хуульд оруулж ирж байж хотхон, хорооллоо төлөвлөх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн 1000 хүртэлх өрхтэй хотхон хороолод нэг улсын сургууль байна гэж төлөвлөж байгаа. Хамгийн сайн сургууль бол гэрийн ойролцоо сургууль. Ингэснээр аюулгүй байдлыг хангана. Энэ хууль батлагдвал Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэггүй хотхон төлөвлөхийг шууд хориглоно.
УИХ-ын гишүүн Б.Уянга: Хуулийн төслийн 2-р зүйлийн 12.4.1 дэх заалт, 12.5 дахь хэсэгт сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нэмээд байгаа. Гэтэл та бүгдийн нэмж оруулж ирж байгаа 12.6.4-т эмнэлгийг орхигдуулсан юм шиг уншигдаад байна. Тэгэхээр эмнэлгээ яах вэ.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Миний энэ хуулийн төслийг санаачлахдаа сургууль, цэцэрлэгт гол анхаарлаа хандуулж боловсруулсан. Хэрэв УИХ дээр ажлын хэсэг гараад эмнэлгийн асуудлыг нэмж оруулах нь зүйтэй гэж үзвэл дэмжиж ажиллахад бэлэн. Гэхдээ эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь авч үзэхгүй бол энэ хуульд оруулахад хэцүү. Иймд хамгийн тулгамдсан асуудал гэж үзээд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг оруулсан.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: Энэ олон сургууль цэцэрлэгийг барих тооцоо гаргаж үзсэн үү. Манай улс төсвөөсөө энэ их зардлыг хэдэн жилд багтааж гаргах вэ.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Бидэнд Статистикийн үндэсний хорооноос орон нутаг болон Улаанбаатар хотын дүүрэг бүрд судалгаа гаргаж өгсөн. Жишээлбэл, Баянгол дүүрэгт 1000 өрх тутамд 2637 18 нас хүртэлх сургуулийн насны, 1481 цэцэрлэгийн насны хүүхэд гарч ирсэн. Тэгэхээр 1000 хүртэлх өрх тутамд нийт 967 хүртэлх хүүхдийн сургууль төлөвлөнө гэж үзэж байгаа. Хүртэлх гэдэг нь 500 өрхтэй бол багасгаж болно гэсэн үг. Хотхон, хороолол төлөвлөж байгаа хүмүүс сургууль, цэцэрлэгийн зардлыг гаргах ёстой. Жишээлбэл, Алтай хотхон 15000 хүнтэй боловч нэг ч сургууль, цэцэрлэггүй хаясан. Санхүүжилтийнх нь асуудлыг хөрөнгө оруулагчид өөрсдөө шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Оройтсон бороо гэдэг шиг Улаанбаатар хотод дахиад сургууль барих зай талбай байхгүй. Хэрэв стандартыг мөрдөхгүй бол яах вэ. Өөр зөрчилдөх хууль байгаа эсэхийг харж үзсэн үү. Дагалдах ямар хариуцлагын механизмыг хууль тогтоомжоор оруулж өгсөн бэ. Түүнчлэн, Төр орон сууцны хотхон хорооллын асуудлыг хэлэлцэж байгаа бол хотын төвлөрөл зэргийг харгалзаж ажиллаж байгаа хүмүүсийн орон сууцыг шийдэж өгвөл нэг сумаар олон туулай буудах боломжтой. Мөн дээрээс нь газар хөдлөх зэрэг эрсдэл тохиолдвол нэг нэгнээ хааж барьсан хотхон хорооллууд их байна. Газар хөдөлбөл ёотон шиг нурах хотхонууд зөндөө бий. Тиймээс хотын стандарт дүрэм журмыг шинэчлэх ёстой.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Хэрвээ энэ хууль заасныг биелүүлээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлагын арга хэмжээ авна. А даалгаврыг авсан хүмүүс энэ шаардлагад нийцүүлэх нөхцөл тавьж байгаа. Дагаж мөрдөх журмын тухай хуульд бий. Барилга нь эхлээгүй, явж байгаа бүх хотхон хороололд энэ хууль нийцүүлэх шаардлагыг оруулсан.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Хот төлөвлөлтийн асуудал газартайгаа салшгүй холбоотой. Одоо төлөвлөгдөж байгаа болон төлөвлөлт хийх гэж байгаа хотхонуудад хууль үйлчилнэ гээд байгаа. Тэгвэл газрын асуудлыг хэрхэн шийдэх юм бол. Орц, гарц, тоглоомын талбайн хэсэг дээр сургууль, цэцэрлэг барина гэх юм уу, газраа яаж төлөвлөх юм бол. Дагаж мөрдөх журмын төлөвлөлттэй яаж уялдах вэ. Гуравдугаарт, зардлын тооцоолол. Энэ хууль батлагдсанаар аж ахуй нэгжүүд болон төрд үүсэх зардлын тооцооллыг нарийвчлан хийсэн болов уу?
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Хот төлөвлөлтөд хамаарах зүйлийг Нийслэлийн газрын албаныхан хариулна. Ажлын хэсэг дээр боловсруулсан хүмүүсээс нэмэлт мэдээллийг авч өгнө.