Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг бараг бүрэн бүрэлдэхүүнээр нь улираах асуудал МАН дотор яригдсан байна. Үүнийг МАН-ын бүлгийн зарим гишүүн эсэргүүцэж одоогоор 30 гишүүн гурван шаардлага бүхий албан бичигт гарын үсэг зураад байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Э.Болормаа, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал нарын байр суурийг хүргэж байна.
Ж.Алдаржавхлан: МАН-ын жагсаалтаар орж ирсэн боловсролтой, хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн хүмүүсээс сайд нараа сонгооч

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Хуучин сайд нарыг улираахыг эсэргүүцэж гарын үсэг зурсан нь үнэн. Манай нам жагсаалтаар салбартаа танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн олон залууг гишүүнээр оруулж ирсэн. Энэ хүмүүсийн мэргэжлийг ашиглаач гэж байгаа юм. Нөгөө л болдог хэдэн нөхөд болоод салбар дамжаад явна гэнэ. Яасан ичдэггүй юм бэ. Одоо дахиад нэг салбарт очвол бүх салбарыг мэддэг хүн болох гээд байна. Дахин, дахин сайд болоод гаргаж байгаа үр дүн алга. Надад сайд болох сонирхол байхгүй. Санал ирсэн ч болохгүй. УИХ-ын гишүүн байх хугацаандаа иргэдтэйгээ ойрхон ажиллая гэж боддог. МАН-ын жагсаалтаар орж ирсэн боловсролтой, хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн хүмүүсээс сайд нараа сонгооч гэж байгаа. Энэ хүмүүсийг Монголын төрд ашиглах ёстой. Тийм учраас дэмжиж гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан ихэнх гишүүн анх удаа сонгогдсон гишүүд байсан. Гэхдээ УИХ-ын гишүүн бол гишүүн. Тиймээс тухайн хүмүүсийн ур чадварыг хармаар байна. Дахиад л байдаг хэдэн хүн сайдаар томилогдвол надад харамсалтай л байна.
Манай УИХ-ын гишүүн Э.Болормаа анх санаачилсан. Ямартай ч саналаа намын удирдлага, Ерөнхий сайдад өгнө. Хэрэгжүүлэх эсэх нь тухайн хүмүүсийн эрхийн асуудал. Хэрэгжүүлэхгүй бол Монголын ард түмэнд ч муухай харагдана. Ер нь мэргэжлийн хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлж цомхон болох ёстой гэж үзэж байгаа. Баахан үндэсний хороог больё. Мөн 3, 4 шадар сайд хэрэггүй гэж бодож байна. Үнэхээр хамтрахаар бол тухайн нам нэг яамыг авч ажиллах ёстой. Жишээлбэл, Иргэний зориг ногоон нам хамтрах гэж байгаа бол Зам тээврийн яамыг ч юм хариуцаад хүчээ үзүүлэх ёстой. Шадар сайд гэж шинэ орон тоо гаргаад тухайн хүн нь давхар орон тоо үүсгээд нээх олон сайд, даргатай улс орон болчих гээд байна. Шинэ Засгийн газар ядаж нэг Шадар сайдтай ажиллаасай. Энэ олон хүнд зориулж сандал, ширээ бэлддэгээ болих ёстой. Гаргалгаа нь Хамтарсан Засгийн газар. Дангаар явбал хүнд, хууль баталж чадахгүй явна. Хамтарч байж хууль ярина, Засгийн газар бүтэн нойртой хононо. Ер нь хамтрахгүй бол Засгийн газар дангаараа ажил хийж чадахгүй.
Э.Болормаа: Улирч байгаа сайд нарт хэлэхэд, улс төрийн жудаг, ёс зүй байх ёстой
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатар дарга нэр дэвшиж байх үед нь санал хураалтаас өмнө миний бие энэхүү албан бичгийг албан ёсоор уламжилсан. Ер нь гурван зарчмын асуудлыг хөндсөн. Үүнд:
Тэгш оролцоо, эв нэгдлийг хангаж ажиллахыг шаардсан. МАН-ын бүлгийн 68 гишүүний 39 нь буюу 57 хувь нь анх удаагаа сонгогдсон. Эдгээр гишүүд дундаас дуу хоолой хангалттай хүрэхгүй байна. Ялангуяа бид мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнийг жагсаалтаар оруулж ирсэн. Жагсаалт, тойрог гэдэг байдлаар ялгаварлахгүйгээр хандахыг хүссэн. Нээлттэй, ил тод, дотоод ардчилалтай байх тусмаа улам илүү эв нэгдэлтэй байдаг. Энэ бол цаашдын Засгийн газар тогтвортой байхад чухал зүйл болов уу гэж харж байна.
Жендерийн тэгш оролцоог хангахыг хүссэн. Үүнд Баасанжаргал гишүүн нэлээд манлайлалтай, дуу хоолойгоо хүргэж байгаа. Одоогоор хуульд Засгийн газрын бүрэлдэхүүний 15 хувь нь аливаа хүйсийн төлөөлөл орсон байх ёстой гэсэн шаардлага байдаг. Энэхүү бичигт 30 хувийн манлайлал үзүүлэх зүйтэй болов уу гэсэн санал тавьсан. Улс төрийн намын тухай хуульд 40 хувь гэсэн агуулгатай байдаг. МАН-ын гишүүдийн олонх нь буюу 60 гаруй хувь эмэгтэйчүүд байдаг. Түүнээс гадна нийт дэмжигчдийн улс төрийн идэвхээрээ эмэгтэйчүүдийн дуу хоолой их байдаг. Иймд үүнийг Эмэгтэйчүүдийн холбооны зүгээс удаа дараа дамжуулсныг энэ бичигтээ уламжилсан.
Улс төрийн легитим чанарыг хүссэн. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сайдын хувьд хэдий улс төрийн туршлагатай ч гэсэн парламентын хувьд дан дээлтэй гэж хэлж болно. Тэгэхээр бүтэц, бүрэлдэхүүнээ улс төрийн легитим байдлыг хүлээн зөвшөөрөгдөх байдлыг харгалзан үзэж УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Яагаад гэвэл 126 гишүүнтэй болсон шалтгаануудын нэг нь энэ болов уу.
Ийм гурван зарчмын зүйлийг дэмжиж 30 гишүүн гарын үсэг зурсан. Нэмээд ч дэмжиж байгаа гишүүд байгаа. Энэ бол аливаа нэг хүний, сандал, суудлын асуудал биш зарчмын асуудал гэдгийг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна. Өчигдөр албан ёсоор энэхүү бичгийг гардуулж өгсөн учир одоогоор бол хариу ирээгүй. Гэхдээ Ерөнхий сайд эдгээр гишүүдийн төлөөлөл болон шинэ гишүүдтэй уулзъя гэж хэлсэн гэсэн. Хувь улстөрчийн хувьд улирч байгаа сайд нарыг харахад улс төрийн жудаг, ёс зүй байх ёстой. Олон нийт манай намын дотоод ардчилал, шинэчлэлийг үнэлээд ялалт бий болсон болов уу. Намайг ийм бичигт гарын үсэг зуруулж байна гээд намын ах нараас дарамтлуулсан зүйл байгаа.
Б.Баярбаатар: Кабинетын буюу хамтын хариуцлага, удирдлага, улс төрийн соёл гэж байх ёстой

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Энэ санаачилгыг хувь хүнийхээ байр суурийг илэрхийлж миний бие гаргасан. Кабинетын буюу хамтын хариуцлага, удирдлага, улс төрийн соёл гэж байх ёстой. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатар нэлээд өндөр саналаар дэмжигдлээ. Үүний цаана хүлээлт байна гэсэн үг. Иймд маш өндөр бүтээмж байх ёстой. Ерөнхий сайд ажлаа өглөө. Дараагийн Ерөнхий сайд гарч ирлээ. Гэтэл бүрэлдэхүүнд нь хуучин сайд нар нэлээд хувийг эзлээд ороод ирэх нь зохимжгүй гэж үзэж байна. Нэгд, хамтын хариуцлага хүлээх ёстой. Хоёрт, энэ Засгийн газрын дараагийн ажлын бүтээмж нь хэр удаан оршин тогтнох вэ гэдэгтээ шууд хамааралтай. Магадгүй нийгэм хэд хэдэн талаас нь шүүж харж байгаа. Ард түмэн нухацтай харж байна. Хамгийн эхний тавигдах үзүүлэлт нь өнөөдөр 23 сайд бий. Үүнийг 15 дотор оруулах боломжтой. Өмнө нь Засгийн газрын түүхийг харвал 13, 15 , 16 сайдтай боломжийн үйл ажиллагаа явуулж байсан байдаг. Мөн яамгүй сайд нарыг болиулах ёстой. Түүнчлэн, бүтээмжийн менежер гээд 400 гаруй хүний асуудал яригдаад байгаа. Үүнийг чөлөөлөх ёстой. Судалгаа явуулахад хэвийн явж байсан ажил хэвийн биш болсон байсан.
Нөгөө талаараа Засгийн газраа байгуулах нь хуулиар олгогдсон Үндсэн хуулийн асуудал мөн. Гэхдээ нийгмийн хүлээлтийг давдаггүй юм гэхэд нийцсэн байдлаар бүрэлдэхүүнээ бүрдүүлэх нь зөв болов уу. Тэрнээс биш надад сайд болох гээд байсан асуудал байхгүй. Нийгэмд хамгийн эхэнд дүнгээ тавиулах зүйл бол Засгийн газрын бүрэлдэхүүнээ бүрдүүлэх юм. Засгийн газрын бүтцийг цомхон болгох талаар бүлэг болон намын Удирдах зөвлөлийн хурал дээр ч нэлээд яригдсан. Нөгөө талдаа зовлон бас байдаг.
Бидний гарын үсэг зурсан бичиг бол шаардлага гэхээсээ илүү ямар нэгэн субьектив явцуу ашиг сонирхолгүйгээр асуудалд хандаасай гэсэн агуулга байгаа. Анх сонгогдсон гишүүн сайд болж болохгүй, ямар нэгэн байдлаар хуучныг нь буцааж томилно гэсэн хууль зүйн заалт байхгүй. Надад Засгийн газрын гишүүн болох санал тавибал татгалзана.
Удирдах зөвлөлийг, Ерөнхий нарийн бичиг ахалж байгаагийн хувьд бичиг очихоор гишүүдтэй уулзаж холбогдох саналуудаа ярилцаад нам дотроо асуудлаа шийднэ. Тодорхой түвшинд улс төрийн намууд хамтарч Засгийн газар байгуулах байх гэж харж байна.
Х.Баасанжаргал: Хэрвээ 23 сайдын 30 хувь гэвэл 5-6 эмэгтэй сайдтай байх боломжтой гэж харж байна

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Миний хувьд улс төрийн нам үл харгалзан Ерөнхий сайдад Засгийн газрын томилгоо, бүрэлдэхүүнээ тогтоохдоо жендерийн квотыг баримтлаач гэдэг агуулгатай хүсэлт тавьсан. Одоогийн байдлаар 126 гишүүнээс 51 нь гарын үсэг зурсан. Хамгийн сонирхолтой нь 51 гишүүний 28 нь эрэгтэй 22 нь эмэгтэй гишүүн зураад Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ерөнхий сайдын хамгийн эхний авч байгаа албан бичиг байх гэж бодож байна. Олон улсын түвшинд Засгийн газрын 40-60 хувь эмэгтэй гишүүн байх ёстой гэсэн тоо байгаа. Харамсалтай нь манай 2011 оны жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиараа Засгийн газрын квот 15 хувь байна. Бид 15 хувьдаа ч хүрдэггүй байсан. Анх эмэгтэй сайдгүй ч Засгийн газар байсан. Хамгийн ихдээ 3 эмэгтэй сайдтай байсан. Хэрвээ 23 сайдын 30 хувь гэвэл 5-6 эмэгтэй сайдтай байх боломжтой гэж харж байна. УИХ-ын гишүүн болон гишүүн биш хүмүүсээс ч кабинет бүрдэж болно. Гишүүдийн хувьд аль ч хувилбараар байсан эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Эмэгтэйчүүдийн идэвх оролцоо, ур чадварын хувьд хаана ч гологдохооргүй ямар ч салбарын асуудал дээр ачаа үүрээд явах бүрэн бололцоотой, потенциалтай гишүүд байна. Сайд нарын тооноос үл хамааран 30 хувьд хүргээсэй гэж санал болгож байгаа. Эмэгтэйчүүдийн оролцоог бий болгож байж нийгмийн асуудлыг шийдвэрлэх гээд байна. Энэ олон асуудлууд илүү үр нөлөөтэй, оновчтой шийдэгдэх боломжтой гэдэг агуулгаар тусгасан. Салбар үл харгалзан хүйсийн ялгаатай байдал байна гэдэг ойлголт байх ёсгүй. Энэ нь асар олон нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд үр нөлөөтэй.