Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалж, банкны зээлийн буюу тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулснаа танилцуулсан. Үүний дараа Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нүүрсний хэмжээ буурч байна. Энэ нь цаашдаа Монголын эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах шаардлагатай бол?
-Нүүрсний хэмжээ тодорхой хэмжээгээр буурсан ч огцом бол буураагүй. Харин чанарын хувьд өөрчлөлт орсон. Өмнө нь гаргаж байсан нүүрсний 70 гаруй хувь нь коксжих нүүрс байсан бол одоо коксжих нүүрсний хэмжээ 50 хувьд бууж, бага үнэтэй буюу эрчим хүчний нүүрс нь 50 хувьд ойртож өссөн байна. Энэ нь экспортын орлого, түүхий эдийн, экспортын ашигт малтмалын ашигласан татварын орлого буурч, төсвийн орлого тасалдах хэмжээнд хүргэж байгаа юм. Монгол Улсын шинэ Ерөнхий сайд өчигдөр томилогдсон. Ерөнхий сайд Их хурал дээр асуултад хариулахдаа төсвийн тодотголыг удахгүй хийх талаар дурдсан. 2.3 их наядын төсвийн орлогыг бууруулж тодотгол оруулж ирэх тоон хэмжээ яригдаж байна. Ингэснээр төсвийг алдагдалгүй байлгаж, төсвийг дэмжиж, эдийн засагт очиж буй их хэмжээний санхүүжилтийн тоо хэмжээ буурах үр дүн гарна. Эерэг талаас нь харвал ханшинд ирж буй дарамт, импортыг тодорхой хэмжээнд өндөр байлгаж буй зүйл дээр доош нь буулгах нөлөө үзүүлнэ гэж ярьж байгаа. Энэ нь төлбөрийн тэнцэл болон Монгол Улсын валютын нөөцийн дарамтыг багасгах юм. Нөгөө талдаа сөрөг зүйл гэвэл том мега төслүүд яригдаж байгаа. Эдгээр төслүүдийн хэрэгжилт дээр цаг хугацааны тодорхой өөрчлөлтүүд гарах болно. Төсвийн хувьд 2.3 их наяд буюу том дүнгээр танагдаж байгаа тул урсгал зардлууд яаж буурах уу гэх асуудал яригдана. Энэ нь өөрөө эдийн засгийн идэвхжилийг саармагжуулах юм.
-Тэтгэврийн зээлийн өсөлтөөс гадна хэрэглээний зээлийн өсөлт сүүлийн саруудад нэмэгдсэн. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Монголбанкны мөнгөний бодлого өнгөрсөн оноос хатуураад явж байна. Энэ удаагийн мөнгөний бодлогын шийдвэр гарахад хэвээр үргэлжлэх шийдвэр гарсан. Бодлогын хүү 12 хувь байна. Мөнгөний бодлогын хорооны хурал дээр Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн албан тоот, мөнгөний даатгалын газраас Монголбанканд ирж танилцуулсан танилцуулгын хүрээнд тэтгэврийн зээлийг нэлээд хатууруулсан байсан. Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд оруулсан. Эдгээр арга хэмжээний нөлөө гарч тодорхой хэмжээнд хэрэглээний зээлийн өсөлт харьцангуй буураад явна. Үр дүнгээ өгч байгаа учраас энэхүү бодлого цаашдаа ч үргэлжлэх юм.
Тэтгэврийн зээлийг амьжиргааны баталгаажих доод түвшнээс доош оруулахгүй байхаар гаргасан нь тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан зээлтэй адилхан учраас хэрэглээний зээл гэх ерөнхий ангилал руу орсон. Тиймээс тэтгэврийн зээлийг ялгаж үзэлгүй хэрэглээний зээлтэй адилхан тооцно. Цалингийн зээлтэй адилхан өр орлогын харьцааг 50:50 хувиар шийдэж байгаа юм. Энэ нь өөрөө олон улсын жишигт нийцсэн харьцаанд очиж буй хэрэг. Олон улсад өр орлогын харьцаа 50:50 хувьтай байдаг. Манай улсын хувьд ч олон улсын жишиг стандартад нийцсэн зохицуулалтаар шийдэж байна. Бодлогоор гаргасан шийдвэрийн үр нөлөөг харж байж үүнээс илүү хатууруулах эсэхийг шийдэх юм.
-Хэрэглээний зээлийг хязгаарлах чиглэлээр Төв банк тодорхой арга хэмжээ авч бизнесийн зээлийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гэвч сүүлийн таван сарын статистик тоог харахад нийт зээлийн өрийн үлдэгдэл их байна. Бодитоор бизнесийн зээл өсөж байна уу, Төв банкны зүгээс ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-Өмнө нь банкны зээл 20 хувьд хүрдэггүй байсан бол одоо 50 хувь руу дөхөж байгаа юм. Тэр хэмжээгээр хэрэглээний зээл хумигдаж байна. Арилжааны банкнуудын үйл ажиллагааны онцлогоос хамаарч санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 12 банкны гурван банк нь илүү корпорэйт буюу бизнесийн томоохон ААН-д зээл гаргаж өгдөг үйл ажиллагааны зорилготой. Үлдсэн нь жижиглэнгийн болон хэрэглээний зээлээр иргэдэд үйлчилдэг банкнууд бий. Тэр утгаараа хэрэглээний зээл хумигдаж байгаа ч тодорхой хэмжээнд бол гарч байгаа. 50:50 хувь нь тэнцвэржсэн зөв хэлбэр бөгөөд энэ ондоо багтаад энэхүү хэлбэр лүү орохоор төлөвлөж байна. ДНБ өнгөрсөн онтой харьцуулахад 2.4 хувийн өсөлттэй байгаа. Энэ оны Монгол Улсын эдийн засаг зургаан хувиар өсөх төсөөлөлтэй байна. Энэ нь өөрөө нэгдүгээр улирлын төсөөллөөс хоёр гуравдугаар улиралд огцом нэмэгдэж гарах тооцоолол бий. Өнгөрсөн онд хаваржилт нэлээд хүнд болсон. 9 сая гаруй толгой мал хорогдсоноор хөдөө аж ахуйн салбарт бууралт болсон.
-Арилжааны 12 банкны хувьд зээлийн хүүг монопол байдлаар тогтоож зээлийн хүүг тогтоож байна гэсэн. Энэ зээлийн хүүг Төв банкнаас оролцож бууруулж болдог уу. Гаднын улсаас банк орж ирэх нь хуулийн хүрээнд боломжтой юу?
-Зээлийн хүү гэдэг нь зах зээлийн эдийн засагт харилцан шилжсэн тогтолцооны хувь юм. Энэ хүрээнд ойлговол зээлийн хүү гэдэг нь санхүүжилтийн өртгийн хэмжээ. Энэ нь эрэлт нийлүүлэлтээсээ хамаарч буй зүйл. 12 банк үйл ажиллагаа явуулж, эдгээр банк хоорондоо хуйвалдаж өндөр зээлийн хүү тогтоогоод байгаа зүйл байхгүй юм. Зээлийн эрэлт өндөр хэвээрээ байна. Дөрвөн сарын тайлангийн дүн гарахад зээлийн хүү 30 гаруй хувийн өсөлттэй гарсан. Өнгөрсөн онд 35 хувийн өсөлттэй байсан юм. Шинээр олгож буй зээлийн өсөлтийн хэмжээ буураад явж байна. Энэ бол мөнгөний хатуу бодлоготой нийцэж буй хэрэг юм. Үүний 40 хувь нь бизнесийн зээл, 60 хувь нь хэрэглээнд гарч байгаа. Хүү өндөр байгаа нь инфляц болон эх үүсвэрийн зардал өндөр байгаатай холбоотой. Арилжааны банк бол санхүүгийн жуулчлагч тул тодорхой хэмжээний эх үүсвэрийг иргэдээс харилцах хадгаламж хэлбэрээр татаж байна. Эх үүсвэрийн хүү өндөр байгаа тохиолдолд зээлийн хүү ч мөн өндөр байна. Гэхдээ зах зээлийн макро эдийн засгийн тогтвортой байдал бий болж инфляц өөрөө нам дор түвшинд очиж, бодлогын хүү буурч эхлэхэд зээлийн хадгаламжийн хүү буурах юм.
Гаднын арилжааны банк Монгол Улсад орж ирэхийг Төв банкны зүгээс дэмжээд явж байгаа. Хууль тогтоомж, журмуудад хөнгөвчилсөн заалтыг оруулж өгсөн. Одоогийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулъя гэх хүсэлт ирээгүй байна. Бидний зүгээс Азийн өндөр хөгжилтэй орнуудад санал тавьж ажиллаж байгаа. Хэрэв Монгол Улсад томоохон мега төслүүд болон томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжихээр болбол уг төсөлд гаднын томоохон хөрөнгө оруулагчид орж ирж, үйл ажиллагаа явуулбал гаднын банк санхүүгийн байгууллагууд Монгол Улсад орж ирэх боломжтой болно.
-Инфляц өссөн энэ цаг үед төр засаг ирэх саруудад бүсээ чангална гэж байна. Ирэх саруудад Монголын эдийн засагт ямар ямар хүлээлт байна вэ. Ипотекийн зээлийг Монголбанк цаашдаа хариуцсан хэвээр байх уу?
-Инфляц таван сарын сүүлийн байдлаар 8.3 хувьтай гарсан. Монголбанкны зорилтот дээд түвшин 8 хувь юм. Монгол Улсын эдийн засаг нэлээд улирлын шинжтэй байдаг. Өвлийн улиралд зогсонги байдалд ордог гэсэн үг. Мөн өвөл хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байдаг. Харин зуны улиралд шинэ ургацын ногоо гэдэг ч юм уу, долоодугаар сар гараад шинэ махны нийлүүлэлт орж ирдэг. Ерөнхийдөө зуны улиралд хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч эхэлдэг. Энэ утгаараа улирлын шинжтэй нөлөөлөл их бий. Жил болгон ажиглагддаг зүйл бол есдүгээр сарын 1-ний өдөр болж хичээл сургууль эхлэхтэй зэрэгцээд их сургуулиудын төлбөр нэмэгдэх үзэгдэл байдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд ийм зүй тогтол ажиглагдаж байна. Их сургуулиудын төлбөр 10-15 хувиар нэмэгдсээр байна. Энэ жил мөн адил өсвөл үйлчилгээний байгууллагуудын үнэ дагаад өсөх юм.
Ипотекийн зээлд эргэлдэж буй хөрөнгө 4.6 их наяд төгрөг байна. Үүнээс Монголбанкны оролцоо 3.6 их наяд юм. Монголбанк үүнийг Засгийн газар луу шилжүүлэх саналаа өгсөөр байгаа. Бидний зүгээс 3.6 их наядыг Засгийн газарт бэлэг маягаар зүгээр өгөх боломжгүй юм. Санхүүгийн тайланд өр авлага үүснэ. Төсөвт 3.6 их наяд төгрөгийг үүрэх боломж огт байхгүй юм. Сүүлд шинээр санал гарч ирсэн нь ипотекийн банк байгуулна гэж яригдсан. Иймэрхүү жишээ олон улсад их байдаг.