УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцээд, нууц санал хураалтад оролцсон 82 гишүүний 44 нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн бол 38 нь дэмжээгүй юм. Үндсэн хуульд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг нийт гишүүдийн 64 гишүүн дэмжсэнээр батлагдсанд тооцохоор заасан. Дэмжсэн гишүүний тоо 44 буюу хуульд заасан 64 саналын босгод хүрээгүй учраас итгэл хүлээлгэх тогтоолыг батлагдсанд тооцохгүй бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрөөс Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний тэргүүлсэн Хамтарсан Засгийн газар огцров.
Одоо дараагийн процесс хэрхэн өрнөхийг тайлбарлая.
Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилно
Монгол Улсын Үндсэн хуулийн 44.2-д зааснаар Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэж заасан.
Мөн Үндсэн хуулийн 40.2-т Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно гэж заасан.
Л.Оюун-Эрдэнийн хийх ёстой хоёр чухал ажил үлдсэн
Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэлх хугацаанд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байхыг УИХ-аас даалгасан. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн хийх эхний чухал ажил.
Хоёр дахь нь Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд намын Их хурлаа зарлаж, дараагийн намын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхмийг сонгох хурлыг явуулах учиртай. Учир нь, МАН-ын дүрмийн:
Энэ дагуу МАН Их хурлаа хуралдуулж, дараагийн намын даргын асуудлыг эхлээд хэлэлцэн шийдвэрлэх юм.
Үүний дараа эрх баригч намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
Ингээд хуулийн дагуу Үндэсний их баяр наамдын өмнө Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг УИХ-аас томилно.