Open iToim app
Боловсрол | 12 мин уншина

Дэлхийн топ сургуулиудаас 3.6 тэрбум төгрөгийн тэтгэлгийн санал авсан Т.Тансагмэргэнийг онцолж байна

Дэлхийн топ сургуулиудаас 3.6 тэрбум төгрөгийн тэтгэлгийн санал авсан Т.Тансагмэргэнийг онцолж байна
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 3
Нийт 3.6 тэрбум төгрөгийн тэтгэлгийн эзэн болсон Т.Тансагмэргэнийг “Тэтгэлэг” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна. Тэрээр Америк, Испани, Итали, Швейцар зэрэг орны ойролцоогоор 7-8 сургуульд тэнцсэн. Тэр дундаа дэлхийн хамгийн шилдэг цэргийн академи West point-д тэнцсэн. Мөн түүний сурахаар төлөвлөж буй Испани улсын IE их сургууль бизнесийн чиглэлээр дэлхийд 32-т эрэмбэлэгддэг. Т.Тансагмэргэн нь 2006 онд Баянхонгор аймгийн Баацагаан сумд төрж өвөө, эмээ дээрээ өссөн. Түүнчлэн, 13 настайдаа хотод орж ирсэн бөгөөд Нийслэлийн Ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд сурч төгссөн. Тэр завсар жил авч тэтгэлэгт бэлдээд дэлхийн томоохон их сургуулиудын  тэтгэлэгт амжилттай тэнцсэн юм.  Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд дэлхийн томоохон их сургуулиудад тэнцсэнд нь баяр хүргэе. Тэтгэлэгт тэнцсэн мэдээгээ хэзээ авсан бэ. Гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Баярлалаа. Тэтгэлэгт тэнцсэн гэдгээ хэлэхэд манай гэрийнхэн мэдсэн байсан юм шиг хүлээж авсан. Угаасаа мэдэж байсан шүү гэсэн агуулгатай зүйл ярьсан. Анх Испанийнхаа сургууль тэнцсэн гэдгээ мэдсэн ч гэрийнхэндээ хэлээгүй. Бүх сургуулийн хариу ирэхээр нийтэд нь хэлье гэж бодоод бараг сарын хугацаанд хадгалсан. Бүх хариу ирж дууссаны дараа гэрийнхнийгээ бүгдийг нь байхад тэтгэлэгт тэнцсэн сургуулиудаа харуулаад нийт 3.6 тэрбум төгрөг гэж хэлсэн. Тэгэхэд баяр хүргэе гээд нээх сэтгэл хөдлөлгүй хүлээж авсан. Уг нь нэлээд сэтгэл хөдлөлтэй хүлээж авах байх гэж бодсон. Гэхдээ баярласан л даа. Миний сэтгэлийг хамгийн их догдлуулсан зүйл бол 100 хувийн тэтгэлэг. Сургуульдаа тэнцэхээ  мэдэж байсан. Гэхдээ надад 100 хувийн тэтгэлэг өгөх үү гэдэг нь эргэлзээтэй байлаа. Тэтгэлгийн хариугаа авахад 100 хувийн тэтгэлэг, ирж, буцах онгоцны тийз, эрүүл мэндийн даатгал, хоол, лап топ гээд бичсэн байхаар нь үнэхээр баярласан. 
-Гэрийнхэн нь их дэмждэг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Манай ээж намайг их дэмждэг. “Миний хүү мундаг шүү” гээд шууд хэлдэггүй ч гэсэн цаагуураа миний хүү чадна даа гэдэг итгэлтэй байдаг. Түүнийх нь үр дүнг гаргачхаад одоо энд сууж байна гэхээр сайхан байна.  Айлын ганц хүүхэд болохоор надаас маш их зүйл хүлээдэг байх гэж боддог. Гэхдээ өвөөгийнхөө хамгийн том ач нь болохоор ойр өссөн олон дүүтэй. Ер нь олон дүүтэй юм шиг байдаг.
 -Тэтгэлэгт бэлдсэн туршлагаасаа бидэнтэй хуваалцахгүй юү?
-Намайг завсар жил авахад хүмүүс нээх дуртай байгаагүй. Гэхдээ завсар жил авсны үр дүнд ийм хэмжээний тэтгэлэг авч чадсан гэж боддог. Энэ хугацаанд олон хүнтэй танилцсан. Жишээ нь Gobischolars-д хамт бэлдсэн хүүхдүүд надад маш их тусалсан. Хэрвээ өргөдлөө ганцаараа бэлдсэн бол чадахгүй байлаа. Өмнө жил  12-р ангидаа өргөдлөө ганцаараа бэлдэж байхад надад маш хэцүү байсан. Ийм амжилт гаргахад хамгийн их тусалсан зүйл бол хамт олон гэж хэлж болно. 
-Яагаад завсар жил авах шийдвэр гаргасан бэ?
-ЭЕШ-ийн оноогоороо МУИС, ШУТИС-д тэнцсэн байсан л даа. Гэхдээ завсар жил авах талаар арваннэгдүгээр ангиасаа бодож эхэлсэн. Монголд биш гадаадад маш сайн сургуульд сурах хэрэгтэй гэж боддог байсан. Улсын сургуульд сурдаг болохоор зарим талаараа гадаадад сурахад хол байсан. Иймд завсар жил авч зорьсондоо хүрэх хэрэгтэй гэж бодсон. 
-Тэтгэлэгт бэлдэхдээ юунд хамгийн их анхаарав?
-Улсын сургуулийн хүүхэд болохоор шалгалтын оноонууд хэцүү байсан. Мана сургууль Кеймбрижийн хөтөлбөргүй. Тийм болохоор TOFL, SAT зэрэг шалгалт өгөхөд хүнд байсан. Яах вэ, хувийн сургуулийн хүүхдүүдэд ямар байдгийг мэдэхгүй. Улсын сургуулийн хүүхдийн хувьд бүх хичээлээ англи хэлээр үзээд шалгалтаа өгнө гэдэг хэцүүхэн даваануудын нэг байсан. Ер нь аравдугаар ангиасаа хойш сурах ёстой гэж маш их шамдаж англи хэл сурсан. Тэрнээс  өмнө англи хэлийг хэрэглээндээ л ашигладаг байсан. 
-Англи хэлийг ямар арга барилаар сурсан бэ?
-Англи хэл сурахыг хүмүүс хэцүү гэж ярьдаг. Гэхдээ миний бодлоор амархан. Харин англи хэл сурах шийдвэр гаргах нь хэцүү гэж боддог. Хүмүүс шалтгаангүй англи хэл сурах, шалгалтаа өгөх ёстой гээд хийгээд байдаг. Гэвч яагаад шалгалт өгмөөр, сурмаар байгаагаа мэддэггүй юм шиг санагддаг. Миний хувьд гадаадад сурна, тэндээ 4-5 жил болох ёстой учраас англи хэлдээ ус, цас болох хэрэгтэй гэж бодсон учраас сурсан. Арваннэгдүгээр ангидаа сурагч солилцооны хөтөлбөрөөр Америк явж байсан. Зориг сангийн тэтгэлэгт  сонгогдсон л доо. Тэр үед англи хэлтэй байх, сайн сургуульд сурах шаардлагатай гэдгээ илүү ойлгосон. Хүмүүс нүд нээгдэнэ гэдэг дээ. Зорилгодоо хүрэхийн тулд өдөр болгон хүсэл тэмүүлэлтэйгээр англи хэлээ давтдаг байсан. Миний англи хэл сурсан арга барил гэвэл ямар нэгэн зүйл бодохдоо англиар боддог. Хэлэхээсээ өмнө дотроо англиар боддог байсан. Энэ нь надад их тус болсон байх аа. Мөн кино их үздэг байсан. Өдөртөө ядаж 30 минут үздэг байлаа. 
-Олон сургуулийн тэтгэлэгт тэнцэхэд тань юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ?
-Шалгалтын оноогоороо сургуулиудад тэнцсэн гэж хэлэхгүй. Эсээ болон хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг сайн хийсэн гэж итгэдэг. Миний эсээ  намайг хэн бэ, юуг хэрхэн боддог, юу туулж ирсэн гэдгийг харуулсан. 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны хувьд маш хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор юм болгонд оролцдог байлаа. Улаан загалмай, сурагчдын зөвлөл, Лантуун дохио гээд олон газрын үйл ажиллагаанд оролцсон. Завсар жилээрээ хувийн болон улсын компаниудад дадлага хийж үзсэн. Энэ болгон миний CV-нд бичигдэхдээ намайг ямар их хүсэл зорилготой, сониуч болохыг харуулсан гэж боддог.
-Тэтгэлэгт хамрагдахын тулд хүмүүс эсээ дээрээ их алддаг юм шиг харагддаг. Тэгэхээр эсээгээ хэрхэн бичсэн талаараа илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юү?
-Эсээг хичээлээс гадуурх үйл ажиллагаатай холбож ярих дуртай. Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд их оролцсон хүнд эсээ бичих чадвар нь арай илүү хөгжсөн байдаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл тухайн хүн олон зүйл туулж үзсэн байдаг. 
Эсээний тал дээр миний өгөх хамгийн чухал зөвлөгөө бол хүмүүс хэтэрхий хайрцагт баригдах гээд байдаг. Жишээ нь би л мундаг. Энэ сургуульд орвол улс орноо хөгжүүлнэ гэж яриад байдаг нь надад таалагддаггүй. Яагаад гэвэл маш олон хүн тэгж бичиж байгаа. Харин тухайн сургуульд чи яг хэн бэ, ирээдүйд юу хиймээр байгаа гэдгээ тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Угаасаа чи тийм хүн болохоор ирээдүйд юу хийх нь ойлгомжтой хэмжээний бичсэн эсээ таалагддаг. Америкийн их сургуулиуд бакалаврын зэрэгт албан бус эсээ шаарддаг юм шиг харагддаг. Харин бусад сургуулиуд арай албан эсээ шаарддаг.
Би хот төлөвлөлт болон байгаль орчны шинжлэх ухаан мэргэжлээр өргөдлөө явуулсан. Эсээндээ мэргэжил болон өөрийгөө хэн бэ, хаанаас ирсэн бэ гэдгээ харуулах ёстой байсан. Иймд багадаа легогоор тоглох дуртай байснаа өвөө эмээгийндээ өссөнтэйгөө холбож бичсэн. Лего хэрхэн эвлүүлэх заавартайгаа ирдэг. Харин монгол гэр барих бичигдсэн заавар байхгүй хэр нь бид өв уламжлалаа даган хэдэн зуун жил барьсаар ирсэн. Яг үүнтэй адилхан амьдрал зааваргүй ирдэг. Амьдралын үйл явдал болгонд хүн өөрийнхөө зааврыг бичээд явж байгаа. Тийм болохоор танай сургуульд орж өөрийн гэсэн зааврыг бүтээхийг хүсэж байна гэсэн утгатай эсээ бичсэн. 
-Хэд хэдэн төрлийн мэргэжлээр өргөдлөө явуулсан болохоор ялгаатай тал гарсан уу?
-Ер нь сургуулиудад нэмэлт эсээ явуулах боломжтой байдаг. Түүндээ сургуультайгаа үнэт зүйлээрээ хэрхэн холбогдож байгаа болон мэргэжилтэй холбож оруулж өгвөл сонирхдог. Харин миний хувьд хувийн эсээндээ мэргэжилтэй холбоогүй. Гол нь үнэт зүйлээ харуулахыг голчилж анхаарсан.
-Тэтгэлэгт бэлдэх явцдаа шантарч байсан удаа байгаа юу. Хэрвээ байсан бол түүнийгээ хэрхэн даван гарсан бэ?
-Сүүлийн хоёр жил бараг шантарч байна. Ер нь их шантарсан. Завсар жил авах нь өөрөө шантрах бас шалтгаан байсан. Учир нь завсар жил авсан гээд хүнд хэлэхэд бүтэлгүйтсэн юм шиг санагддаг байлаа. Цэргийн сургуульд бэлдэж байсан болохоор давхар дасгал сургуулилт хийх шаардлагатай байсан. Тэгэхээр долоо хоногийн дөрвөн өдөр фитнест явах хэрэгтэй. Мөн эсээгээ бичих, шалгалтдаа бэлдэх ёстой. Ингэхээр маш их ганцаарддаг. Өргөдөл гэдэг шалгалтын дүн болон хамаг зүйлээ бичээд л болчихдог зүйл биш. Эсээгээ бичихийн тулд өөрийгөө таньж мэдэх ёстой. Яагаад гэвэл хэдэн  зуун мянган хүүхэд эсээ бичдэг. Тэр болгон өөрийнхөө үнэт зүйлийг харуулах ёстой. Тийм болохоор чинийх дахин давтагдашгүй, өөрийн үнэт зүйл болон эрхэмлэж явдаг зүйлийг харуулсан байх шаардлагатай байдаг. Түүнийг олох гэж зовсон. Бид яг л өсвөр насан дээрээ явж байгаа хүүхдүүд. Энэ үе маш сонин гэгэлзсэн, савлагаатай, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдаг юм билээ. Миний хувьд бусад өргөдлийн систем нь болж байсан ч өргөдлөөс гадуурх зүйлс маш их санаа зовоосон. Жишээлбэл, багаасаа сагсан бөмбөг тоглодог байсан болохоор хэрвээ монголд сурсан бол оюутны лигт тоглох байсан даа. Манай найзууд тоглоод медаль аваад байхад монголдоо сурдаг байж дээ гэж боддог байсан. Мөн манай найзууд өөрсдийн бизнесээ эхлүүлээд явж байхад би тэтгэлэгт хамрагдах өргөдлөө бэлдсээр байсан. Бусдыг өөртэйгөө жишиж муухай санагдах ч үе байлаа. Тэр үеүдэд өөртөө итгэж л давдаг байсан. Мөн хамт өргөдлөө бэлдэж байгаа найзууд их тусалдаг байсан. 
-Шантрах үедээ хамтдаа бэлдэж байгаа найзууд нь их тусалдаг байсан гэсэн. Хамт олныхоо талаар танилцуулахгүй юү?
-Миний хувьд 11, 12-р ангидаа академи болон тэтгэлэгт бэлдэх хөтөлбөрүүдэд тэнцэж байсан л даа. гэхдээ санхүүгийн байдлаас болоод орж чаддаггүй байсан. Хонхны баярын өмнөхөн Gobischolars ашгийн бус байгууллагаас 12 scholars хөтөлбөр зарласан. Ингэхдээ үнэ төлбөргүй, гадаадын томоохон их сургуулиудын тэтгэлэгт бэлдэх процесст эхнээс нь визний ярилцлага хүртэл тусалж өгдөг газар байсан. Надтай цуг маш олон хүүхэд өргөдлөө явуулж байсан. Тэнцсэн гэдгээ мэдээд маш их баярласан. Хонхны баярынхаа дараа академи дээрээ ирээд тэтгэлэгт бэлдэж эхлэхэд шалгарсан 12 хүүхэд байсан. Өөрийгөө гайгүй гэж бодож байсан ч надаас хамаагүй дээр олон хүүхэд байлаа. Энэ болгон Gobi scholars академийн үнэт зүйл гэх юм уу. Тэр хүмүүсийн ачаар одоо яг энд сууж байгаа юм шиг санагдаж байна. 
Өргөдлийн системийг ганцаараа давж туулна гэдэг юу зөв, буруу хийж байгаагаа мэдэхгүй хар дарсан зүүд байх. Яагаад гэвэл өргөдөлд бэлдэх явцад шантардаг үе үнэхээр олон. Эсээгээ бичихээр болохгүй, эсээгээ бичээд дууссан ч өөрөө бичээгүй юм шиг санагддаг үе  бий. Шалгалтдаа сайн авахгүй үе олон. Тэр болгонд хажуудаа байгаа найзтайгаа ярилцаж урам зориг авдаг байсан. Хамтдаа жаахан л хичээчихвэл удахгүй тэтгэлэгт хамрагдана гэдэг байлаа. Иймээс дандаа туслалцаа авдаг нь биш хүмүүст тусалдаг байх хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгож авсан. Ганцаараа цэцэг шиг услуулж нарны тусламж аваад байж болохгүй. Манай эсээний тал дээр зөвлөдөг хүмүүс багш шиг байгаагүй яг л найз шиг байсан. Өөрсдөө ч тэтгэлэгт хамрагдсан хүмүүс болохоор сэтгэл зүйгээр маш сайн дэмждэг байлаа. Манай академи сэтгэл зүйчтэй болохоор их дэм болсон.
-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Ер нь онц сурдаг байсан уу?
-Ковидоос хойш тэтгэлэг авч байгаа хүүхдүүдийг харахад хичээлдээ гоц юм шиг харагддаггүй. Миний хувьд онц сурдаг байсан. Гэхдээ ангийнхаа хамгийн онц сурдаг нь байгаагүй. Алтан дунджаас арай жаахан дээгүүр л байсан байх. Заавал онц сураад тэтгэлэг авдаг байсан цаг үе өнгөрсөн. Сургалтын систем болон яаж хүүхдүүдээ шалгаруулж авч байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөөд байгаа. Хүн болгон хичээвэл онц сурч чаддаг. Тийм болохоор тэтгэлгийн гол шалгуур нь тухайн хүн хэн бэ, юу хиймээр байгаа вэ гэдэг чухал санагдсан.
-Тэтгэлэгт бэлдэхдээ хичээлээ хийх ямар арга барилыг ашиглаж байв?
-Ер нь удаан сууж чаддаггүй. Багаасаа л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Иймээс хичээлээ хийхдээ помодоро аргыг ашигладаг. Гэхдээ помодоро аргыг ашиглахдаа аль болох богино хугацаанд буюу 30 минут хичээлээ хийгээд 10 минут амрах маягаар явдаг. 
-Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд их оролцдог байсан гээд хэлсэн. Хичээл гадуурх үйл ажиллагаанаас юуг хамгийн их сурсан бэ?
-Хүн болгон шинэ компани, төрийн бус байгууллага эхлүүлэхэд хэцүү. Яагаад гэвэл тухайн хүнд хөтлөх мөрөөдөл хэрэгтэй болно. Ихэнх хүүхдүүд сайн дурын ажил хийх хэрэгтэй гээд хаа сайгүй очоод хог түүгээд эхэлдэг. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэдэг нь зөвхөн сайн дурын ажил биш. Ирээдүйнхээ төлөө өөрөө яг юу хийж бүтээсэн нь чухал. Уншиж байгаа хүнд ч энэ хүүхэд мөрөөдөлдөө хөтлөгдөөд ийм зүйл хийсэн юм байна гэдэг бодол төрдөг гэх юм уу. Түүнээс биш хүн болгон гадаа гараад нэг цаг хог түүж болно. Гол нь тэр нь тухайн хүний хүсэл мөрөөдөлтэй хэрхэн холбогдох вэ. Надад хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон 700 гаруй сайн дурын цаг байдаг. Гэхдээ миний бодлоор өөрөө аливаа ажлыг эхлүүлэхэд илүү зүйлийг сурч мэддэг санагдсан.
-Завсар жил авна гэж бодож байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ?
-Нэгд, завсар гэдэг үгийн с, в хоёрын байрыг нь соливол засвар болно. Ахлах сургуульдаа хийж амжаагүй зүйлүүдээ засаад засвар жил авч болно. Харин юу ч хийхгүй завсар буюу чөлөө авч болно. Тэгэхээр тухайн хүний сонголтоос хамаарна. Ер нь бүх хүнд gap year  ав л гэж хэлнэ. ЕБС-д урсгалаар яваад байдаг юм шиг санагддаг. Өглөө хичээлдээ явахгүй байсан ч юунд босмоор байгаа вэ гэдгээ олох хэрэгтэй. Хийе гэж бодож байсан зүйлүүдээ хийх цаг гарна. Өөртэйгөө өнгөрүүлэх хугацааг хүн болгон авах хэрэгтэй байх. Завсар жил гэдэг нь зөвхөн ахлах ангиас бакалаврын зэрэгт сурах гэж байгаа хүмүүсийнх биш. Зүгээр л өөрийгөө олох, өөртэйгөө илүү цагийг өнгөрүүлмээр байгаа хэн бүхэн авах боломжтой. Сайн төлөвлөөд завсар жил авахгүй бол эрсдэл. Харин төлөвлөөд хийе гэсэн бүхнээ хийвэл амьдралын тань хамгийн чухал он жил байна байх. Миний хувьд завсар жил авсандаа харамсахгүй харин ч баярлаж байгаа. 
-Тэтгэлэгт бэлдэж байгаа хүмүүс өгөх таны топ гурван зөвлөгөө?
-Нэгт, хичээлээс гадуурх үйл ажиллагааг маш сайн хийх хэрэгтэй. Юу тухайн хүнийг аз жаргалтай болгоод тухайн мэргэжлээр сурахыг хүсээд байгаа гэдэг нь хамгийн чухал.
Хоёрт, аливаа зүйлд дурлаж хийх хэрэгтэй. Ихэнх хүүхдүүдийг харахад хурдан дуусгаад явах юм сан гээд ялтай юм шиг аливаа зүйлийг хийдэг. Халтуурдсан зүйл хэзээ ч үр дүнд хүрдэггүй, үнэ цэнтэй болдоггүй. Тийм болохоор аливаа зүйл хийж байгаа бол дурлаж, өөрийгөө ойлгож ярилцаж сайн хийх хэрэгтэй.
Гуравт, хамт олноо маш сайн сонгох хэрэгтэй. Олон хүн өргөдөл явуулдаг болохоор чамайг ойлгодог хамт олонтой байх нь чухал. 
-Нууц биш бол цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юү?
-Хот төлөвлөлт болон олон улсын харилцаа гэдэг мэргэжлээр сурна. Харин бакалавраа төгсчхөөд бизнес хийнэ гэж бодож байгаа. Одоо ч гэсэн бизнес хийж байна. Монголдоо арав гаруй жилийн дараа ирээд хот төлөвлөлтөөрөө ажиллах хүсэлтэй. Цаашлаад улс төрийг чиглэлд ажиллахыг хүсдэг.
-Дэлхийн хамгийн шилдэг цэргийн академид тэнцсэн гэсэн. Энэ чиглэлээр тэтгэлэгт хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст хэрхэн тэнцсэн туршлагаасаа хуваалцахгүй юү?
-Цэргийн хүмүүсийг бодохоор булчин, шөрмөстэй гоё ах нар гэж боддог байсан. Миний анзаарснаар тухайн хүмүүсийн булчин шөрмөст биш тархинд нь хамгийн үнэт зүйл нь байдаг юм билээ. Тухайн хүмүүсийн даван туулах сэтгэл зүй нь үнэхээр бахархмаар. Анх тус сургуульд бэлдэж эхэлж байхдаа 50 суниадаг байсан. Шалгалтын үеэр 80 суниадаг болсон. Шалгалтад бэлдэх хугацаанд айхтар булчин шөрмөстэй болоогүй ч даван туулах сэтгэл зүйн ур чадварт суралцсан. Жишээлбэл, сар болгон өглөө 9 цагт Батлан хамгаалах сургуульд очиж шалгалт өгнө гэдэг хэцүү. Түүнд бэлдэнэ гэдэг хэцүү. Чамтай өрсөлдөж байгаа хэдэн зуун хүүхэд байгаа. Тэднээс юугаараа илүү байх вэ гэдэг чухал. Тиймдээ ч сэтгэл зүйн тулаан их болдог юм шиг санагдсан. Ер нь цэргийн сургуульд явъя гэж бодож байвал маш их сэтгэл зүйн тулаан дунд явна. Бие бялдрын хувьд ч маш сайн хөгжүүлэх шаардлагатай тулгардаг. Мөн дэлхийн хамгийн шилдэг цэргийн академи болохоор хичээлээр маш сайн нүднэ. Энэ болгонд маш сайн бэлдэхийн тулд сэтгэл зүйгээ бэлдэх нь чухал. Миний мэдэхээр 18 хүүхэд яваад 6-8 хүн төгссөн. 
-Ярилцлагынхаа төгсгөлд энэхүү ярилцлагаар дамжуулаад талархал илэрхийлэхийг хүсэж байгаа хүн байгаа юу?
-Дунд болон ахлах ангид сурч байхад надад итгэдэг байсан хүн олон юм шиг санагддаг. Тухайн үедээ чамаас их зүйл хүлээж байгаа шүү гэж хэлж байгаагүй ч тэтгэлэгт тэнцсэний дараа “Багш нь чамайг чадна” гэдгийг мэддэг байсан гэж байсан. Тэр болгонд маш их баярладаг. Миний хувьд улсын сургуульд сурсандаа маш их бахархдаг. Багш нар, ангийн найзууд сэтгэл зүйн хувьд маш их дэмждэг байсан. Манай гэрийнхэн намайг маш их дэмждэг. Оройтох болгонд намайг юу хийж байгааг мэддэг итгэдэг байсан болохоор сэтгэл зүйн хувьд дэмжлэг болсон. Өглөөний гарах болгонд өглөөний цай бэлдсэн байхад маш их баярладаг. Намайг тусалж дэмдэг хүн болгонд баярлалаа гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн