Open iToim app
Эрүүл мэнд | 2 мин уншина

Витамин Д ууснаар биологийн хөгшрөлтөө удаашруулах боломжтой

Витамин Д ууснаар биологийн хөгшрөлтөө удаашруулах боломжтой
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 2
“The American Journal of Clinical Nutrition” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар витамин Д-гийн нэмэлт нь хромосомын төгсгөлд байрладаг, нас ахих үед богиносдог хамгаалалтын бүрхүүл болох теломерүүдийн уртыг хадгалахад нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Теломер богиносох нь хөгшрөлтийн зайлшгүй нэг хэсэг боловч хорт хавдрын зарим хэлбэр зэрэг насжилттай холбоотой өвчнүүдтэй уялдаатай байдаг аж. Судлаачдын үзэж буйгаар теломерийн уртыг хадгалснаар бие махбодийн насжилтын зарим үйл явцыг удаашруулах боломжтой байна.
Тус судалгаа нь VITAL хэмээх клиник туршилтын дэд хэсэг бөгөөд АНУ-ын Харвардын их сургууль, Бригхам эмнэлэг, Жоржиа мужийн Анагаах ухааны коллежийн эрдэмтдийн хамтарсан ажил юм.
Судалгаанд 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 50-аас дээш насны эрчүүдээс бүрдсэн 1054 оролцогч хамрагдсан ба тэднийг 5 жилийн хугацаанд ажигласан байна. Тэд өдөрт 2000 нэгж Д витамин болон 1 грамм омега-3 тосны хүчил ууж, теломерийн өөрчлөлтийг 0, 2, 4 дэх жилүүдэд хэмжжээ.
Үндсэн үр дүн:
  • Омега-3: Теломерийн уртад мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй.
  • Д витамин: Теломерийн богиносох явцыг ачаалал багатай бүлэгтэй харьцуулахад гурван жилээр удаашруулсан.
Судалгааны дүгнэлтээр Д амин дэм нь биологийн хөгшрөлтийн эсрэг боломжит нөлөөтэй байж болох ч цаашдын нарийвчилсан судалгаа шаардлагатай гэжээ.
Мэргэжилтнүүдийн байр суурь:
Станфордын профессор Марилин Тан: Теломер хамгаалагдсан ч бодит амьдралд яг ямар үр нөлөө үзүүлэх нь тодорхойгүй.
Эмч Дэвид Катлер: Судалгаанд цөөн хүн оролцсон, зөвхөн цагаан эс судлагдсан, эрүүл мэндэд үзүүлэх үр дүн нь бүрэн тодорхой биш.
Д витамины ач тус ба хэрэглэх зөвлөмж:
Д амин дэм нь цусны даралт бууруулах, зүрхний эрүүл мэндийг дэмжих, чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах, ясны эрүүл мэндийг дэмжих зэрэг олон эерэг нөлөөтэй. Гэвч хэтрүүлэн хэрэглэх нь кальцийн түвшин ихсэх, бөөр болон хоол боловсруулах эрхтний асуудал үүсгэж болзошгүй.
Тухайн хүний хэрэгцээ хувь хүнээс шалтгаалан ялгаатай байдаг. Тиймээс хэр хэмжээний нэмэлт хэрэгтэйг тодорхойлохын тулд эмчид хандах нь зүйтэй.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн