“777 Family tattoo studio”-гийн үүсгэн байгуулагч О.Анхбаярын гэр бүлийнхнийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын дугаартаа урьж ярилцлаа. О.Анхбаяр болон Б.Лхамцэцэг нар гэр бүл болоод 13 жил болж байгаа. Тэд өөрсдийн хэд хэдэн бизнесийг эрхэлдэг бөгөөд хамтдаа хасахын хасахаас эхлээд амьдралаа босгохын төлөө зүтгэж буй залуу гэр бүл юм. О.Анхбаярын гэр бүл ам зургаа. Тэд тэрсхэн дөрвөн хүүхэдтэй. Том охин А.Оюумаа зургаадугаар ангийн сурагч, бага охин А.Энхмаа гуравдугаар ангийн сурагч юм. Түүнчлэн, том хүү А.Мөнхбаяр зургаан настай, бага хүү А.Мөнхтулга дөрвөн настай. Ингээд тэдний хосын түүх, гэр бүлийнх нь нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг талаар ярилцсанаа хүргэе.
-Анх хэрхэн танилцаж байв. Хайрын түүхийг бидэнтэй хуваалцахгүй юү?
-О.Анхбаяр: Бид хоёр ЕБС, их сургуулийн нэг анги. Ер нь яасан хөөрхөн охин бэ гэж эхнэрийгээ анх харж байсан. Бидний гэр нэг гудамжны урд, хойд талдаа байдаг байсан юм билээ. Тухайн үедээ ч мэдээгүй, сүүлд нь мэдсэн.
-Б.Лхамцэцэг: Найрагдаж байгаад л гэр бүл болсон. Бид арваннэгдүгээр ангидаа үерхэж эхэлсэн. Их сургуульд нэг ангид ороод одоо ч гэсэн хамт ажилладаг. Насаараа салахгүй байх аа. Бүх зүйлээ л хамт хийгээд явна. Багаасаа хамт байсан болохоор хүрээлэл ч гэсэн нэг болсон. Анхаагийн найзууд миний найз шиг. Миний найзууд Анхаагийн найз шиг болсон доо.
-Анхны хүүхдээ хэдэн онд төрүүлсэн бэ?
-Б.Лхамцэцэг: Анх 2013 онд том охиноо төрүүлсэн. Хоёулаа жаахан л байсан. Хадам ээж надад “Танай нөхөр аав болж байгаагаа ч мэдэж байгаа юм алга. Гадаа бохь зажилаал юу ч бодохгүй сууж байна” гэж хэлсэн. Манай нөхөр намайг төрөхийн өмнө өвдөлт гайгүй болсон үед ирж ярилцаж байснаа намайг өвдөөд эхэлсэн чинь айгаад цаашаа яваад өгсөн. \инээв/
-О.Анхбаяр: Бид 17 настайдаа аав, ээж болж байсан. Өөрсдийнхөө хүүхдийн мөнгийг хүүхдийнхээ мөнгөтэй цуг авдаг байсан.
-Тухайн үед өөрсдөө хүүхдүүд байсан болохоор жаахан айж, сандарч байсан уу?
-О.Анхбаяр: Үгүй ээ. Ер нь бид ямар ч зүйлээс айж сандарч байгаагүй. Багаасаа биеэ даасан хүмүүс.
-Б.Лхамцэцэг: Бид 16-тай байхдаа л өөрсдийнхөө хэрэглээг болгоод явчихдаг байсан. Их сургуульд орох гээд хүмүүс аав, ээжээсээ сургалтын төлбөр авна гэдэг дээ. Харин бид зуныхаа амралтаар, хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан. Болж өгвөл хүнд гай болохгүй гэж багаасаа хичээж амьдарсан.
-Та хоёрын хувьд анхнаасаа олон хүүхэдтэй болно гэж бодож байсан уу?
-О.Анхбаяр: Миний хувьд бараг ганцаараа өссөн болохоор зожиг талдаа байсан. Хамгийн анх хадмынд очоод хүүхдийн уйлах чимээ, сахилгагүйтэхэд дургүй гэхэд хадам ээж намайг “Энэ нөхөр хөнжлөөрөө дүүрэн хүүхэдтэй болох нь” гэж байсан. Одоо хөнжлөөрөө л дүүрэн хүүхэдтэй болсон.
-Б.Лхамцэцэг: Багаасаа л зургаан хүүхэдтэй болно гэж боддог байсан. Гэхдээ дөрвөн хүүхэдтэй болоод одоо болъё л болоод байна.
-Танай гэр бүлийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?
-О.Анхбаяр: Эхнэр бид хоёр олон ажил зэрэг хийдэг болохоор хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цаг бага байдаг. Ихэнхдээ оройн цагаа хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг. Ажлаасаа эрт ирсэн үедээ хүүхдүүддээ аль болох цаг гаргаж тоглохыг хичээдэг. Ер нь манай хүүхдүүд их биеэ даасан. Ээж, аавдаа их дэмтэй байдаг.
-Б.Лхамцэцэг: Бид шивээс хийх, дэлгүүрээ ажиллуулах, байр, машин борлуулах гээд хэд хэдэн ажил хийдэг. Манай хоёр том охин хичээлээ өөрсдөө хийхээс эхлээд биеэ маш сайн даасан. Нэгдүгээр ангидаа ч хичээлээ өөрсдөө хийгээд явж байсан. Хааяа эмэгтэйчүүдийн болзоо гэж хийдэг. Тийм үедээ л охиддоо цаг гаргаж чаддаг.
Харин хоёр бага хүү сургуульд ороогүй болохоор харьцангуй гайгүй байна. Гэхдээ эрэгтэй хүүхдүүд болохоор нэлээд зүйл болох байх гэж бодож байгаа. Ихэнхдээ аав нь хүү нартайгаа илүү тоглодог. Гадуур гарахдаа кино үзэх, тоглоомын газар ордог.
-Хүүхдүүдийнх нь хувьд аав, ээжтэйгээ хамт байхдаа юу хийх дуртай вэ. Ямар хоббитой вэ?
- А.Оюумаа: Кино үзэж түүнийхээ талаар хамтдаа ярилцах дуртай. Миний хувьд шивээс хийс, бүжиглэх, зураг зурах хоббитой. Аав, ээжийнхээ шивээс хийж байхыг хараад л дуртай болсон доо. Хамгийн анх аавын гар дээр “Та бол миний баатар” гээд шивээс хийж байсан.
-А.Мөнхбаяр: Хамтдаа унтах, орноос унагаана гэж тоглох дуртай. Аавтайгаа ноцолдож тоглох гоё байдаг. Компьютер, утас гээд чөлөөт цагаараа тоглоом тоглох дуртай.
-А.Энхмаа: Том болоод стилист болохыг хүсдэг. Гэр бүлийнхнийхээ хувцаслалтыг зохицуулж өгөх дуртай. Гэрийнхээ даалгаврын мэдэхгүй зүйлийг аав, ээжээсээ асуудаг. Хамтдаа хичээл хийх, ярилцах дуртай.
-А.Мөнхтулга: Чөлөөт цагаараа хоол идэх дуртай. Машины улаан хоббитой. Манайд 100 гаруй машин байгаа.
-Хүүхдүүдийнхээ сайн талын талаар бидэнтэй хуваалцахгүй юү?
-Б.Лхамцэцэг: Манай бага хүү их өөрийнхөөрөө байдаг. Нэг тийм өөрийнхөөрөө хүүхдүүд байдаг даа. Том гурав нь тоглож байхад хажууд нь ганцаараа л байдаг. Багаасаа их бие даасан. Өөр хүн юу хийх, яах нь хамаагүй өөрийнхөө л байдаг.
Том хүүгийн хувьд их адтай. Айлд нэг адтай хүүхэд байдаг шүү дээ. Ярьж байгаа нь дандаа хүний хайр татсан, сэргэлэн, маш халамжтай. Намайг орой ирэхэд “Ээж ядарч байна уу. Хөлд нь массаж хийгээд нурууг нь бариад өгөх үү. Намайг тэврээд унтах уу” гэдэг. Өглөө босохоор ус хийж өгдөг гээд үнэхээр халамжтай хүүхэд.
-О.Анхбаяр: Манай том охин багаасаа биеэ даасан, хэрсүү, хариуцлагатай, зарчимч. Дүү нартаа маш сайн эгч.
Харин бага охин их нямбай, дуу цөөтэй. Манай гэрийнхнээс хамгийн их ээжийгээ дуурайсан нь. Бусад нь миний A copy хүүхдүүд байдаг. Манай бага охин үнэхээр зөөлхөн, намуухан ааштай. Бүх зүйл нь үнэхээр хайр хүрэм эмэгтэйлэг.
-Хүүхдүүдэд нь энэхүү ярилцлагаар дамжуулаад аав, ээждээ хандаж хэлэх үг бий юү?
-А.Оюумаа: Намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлж байгаа аав, ээждээ баярлалаа. Хайртай шүү.
- А.Мөнхбаяр: Том болоод зөндөө их мөнгөтэй болоод гэрийнхэндээ бүгдэд нь өгнө.
-А.Энхмаа: Намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлж байгаа аав, ээждээ баярлалаа. Хайртай шүү.
-Аав, ээжийнх нь хувьд хүүхдүүддээ хандаж энэхүү ярилцлагаар дамжуулан сэтгэлийнхээ үгийг хэлбэл?
-Б.Лхамцэцэг: Том хүүдээ намайг үргэлж халамжилдагт нь хайртай шүү гэж хэлмээр байна. Том охиндоо дүү нараа мундаг авч явдаг бас базаж чаддагт баярлалаа. Гэрийнхнийхээ хоёр дахь ээж болсон охиндоо мундаг шүү гэж хэлье. Бага охиндоо маш сайн гэрээ цэвэрлэдэгт баярлалаа гэж хэлмээр байна. Бага хүү жаахан болохоор одоохондоо мөөмөө л барьдаг даа /инээв/.
-О.Анхбаяр:Бүгдэд нь хайртай шүү л гэж хэлье.
-Залуу гэр бүлийн хувьд 4 хүүхэдтэй байна гэдэг цөөн биш. Олон хүүхэдтэй байхын сайхан тал нь юу вэ?
-Б.Лхамцэцэг: Олон хүүхэдтэй байх гоё шүү дээ. Өвдсөн үед нэг нь ус авчирч өгч байхад хоёр нь массаж хийж өгдөг ч юм уу. Хүүхдүүд хөөрхөн. Манайх хоёр охин, хоёр хүүтэй болохоор бие биедээ ханьтай байдаг. Анзаараад харвал дөрвөн хүүхэд ч гэсэн цагаа тулахаар багаддаг. Хөгширсөн хойно хүүхдийн цөөхөн мэдэгддэг юм билээ. Мөн хэдэн жилийн өмнө хадам ээжийг нас барж байхад дөрвөн хүүхэдтэй байлаа ч цөөддөг юм байна гэж харж байсан.
-Нөхрийнх нь хувьд анх хүүхдэд дургүй байсан гэсэн. Өөрөө дөрвөн хүүхэдтэй болохоор арай өөр болсон уу?
-О.Анхбаяр: Ер нь чимээнд муу хэвээрээ байгаа. Гэхдээ заримдаа эмээ, өвөөгийнх рүү нь хүүхдүүдээ хэд хоног явуулахаар өөрийн эрхгүй санаад байдаг. Бужигнах дуртай болсон.
-Б.Лхамцэцэг: Хүүхдэд дургүй байсан хүн ажилдаа өглөө гараад орой ирэхдээ хүүхдүүд нь байхгүй бол гэр арай хоосон уу гээд л эхэлдэг. Ер нь надаас илүү хүүхдүүдээ санаж үгүйлээд байдаг.
-Урт сахалтай, шивээс хийдэг болохоор гадна талаас тань хурц ширүүн араншинтай юм шиг харагддаг гэдэг үү?
-О.Анхбаяр:Ер нь шулуухан зантай л даа. Таалагдахгүй байгаа зүйлээ хэнд ч хамаагүй хэлчихдэг. Танилцсан хүмүүс анх харахад ширүүн, их зантай, “эвгүй” юм шиг харагддаг байсан. Уулзаад үзэхээр шал өөр гоё хүн байна гэдэг. Манай том охины ангийн хүүхдүүд “ Танай аав зэвүүн царайтай. Харахаар айгаад байдаг” гээд ярьдаг гэсэн.
-Гадна талаасаа тийм ч дотроо их уян зөөлөн хүн биз дээ?
-Б.Лхамцэцэг: Яг жаахан хүүхэд шүү дээ. Манай том хүү аавтайгаа боль гээд хэлсэн юм шиг адилхан. Ярих, тоглох нь таван жаахан хүүхэдтэй юм шиг санагддаг. Гаднаас нь харахад том биетэй, аймаар гэдэг ч начир дээрээ шал худлаа.
-Хос болгонд санал зөрөлдөх үе гардаг. Тийм үедээ хэрхэн асуудлаа шийддэг вэ?
-О.Анхбаяр: Хүмүүс хосын жор гээд сүртэй зүйл яриад байдаг даа. Миний хувьд эрэгтэй хүнээс л хамаарна байх гэж боддог. Эрэгтэй хүн өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч эхнэрээ ойлгоход болчихно. Ер нь эргээд бодоход миний л буруу байдаг.
-Б.Лхамцэцэг: Манай нөхөр буруугаа сайн хүлээдэг. Эхнэр хүн хэзээ ч нөхрийгөө муу, муухай яваасай, өвдөөсэй, зовоосой гэж хүсэхгүй. Тэгэхээр яг л үнэнийг нь хэлнэ. Нөхөр ч гэсэн адилхан. Араас нь жаахан зөөллөсөн маягаар хэлэхэд эмэгтэй хүн ойлгочихдог. Дандаа нөхөртөө бурууг үүрүүлээд өөрсдөө буруугаа хүлээхгүй байна ч гэж юу байх вэ.
-Олон ажил хийдэг болохоор хүүхдүүдийнхээ яг нандин үед нь бага хамт байгаадаа гэмшдэг үү?
-О.Анхбаяр: Тэгэлгүй яах вэ. Гэхдээ хөөрхөн тоглож байгаа үед нь бага хамт байгаа ч гэсэн ирээдүйд аав, ээж нь хүчтэй болсон байх хэрэгтэй. Энэ хүүхдүүдийг ямар нэгэн зүйл хийхэд шатыг нь тавиад өгөх хэмжээний болохын тулд зорьж байгаа болохоор түүгээрээ өөрсдийгөө хурцалдаг.
-Б.Лхамцэцэг: Бидэнд үүнийг хийе тийм танил байна уу гэхээр байхгүй. Ингэе тийм боломж байна уу гэхээр бас байхгүй орчноос гарч ирсэн болохоор хүүхдүүддээ тийм асуудлыг мэдрүүлэхийг хүсдэггүй. Аливаа зүйлийг хийж үзэхийг хүсэхэд нь ямар асуудал байна аав, ээж нь тусалъя гэхээр хэмжээнд очмоор байгаа. Бизнес байвал ядаж таньдаг хүнээ холбоод өгчихдөг. Хамаагүй хийж үзээд унавал унаг. Амьдралын хэцүү, сайхан бүхнийг мэдрээд үзэг. Тийм үед нь жаахан ч гэсэн дэмжлэг үзүүлдэг байвал гэж боддог. Тийм болохоор өөрсдийгөө эхлээд бэлдэж байгаа.
-Олон хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа залуу гэр бүлүүдэд хандаж үг хэлбэл?
-Б.Лхамцэцэг: Манай аав, ээж анх “Би лав хүүхдийг чинь хараад гэртээ суухгүй шүү” гэж ярьдаг л байсан. Харин одоо ээж хүүхэд харах хүн байдаггүй гэхэд гүйгээд ирдэг. Бид ээжийг сар болгон цалинжуулаад хүүхдүүдээ харуулдаг. Өөрийн хүн хүүхэд харна гэдэг үнэхээр сэтгэлд амар.
-О.Анхбаяр: Хүмүүс хүүхэд хүнстэйгээ ирдэг гээд ярьдаг. Гэхдээ гэр бүл салалт их байгаа. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гээд хамаагүй хүүхэдтэй болоод өнчрөл их байна. Залуу гэр бүлүүд хариуцлагатай байх хэрэгтэй. Эцэг нь эцэг шиг, ээж нь ээж шиг. Тийм байж хүүхэд өнчрөхгүй гэр бүлийн хариулцаа бат бөх байна. Ийм гэр бүл хэдэн ч хүүхэдтэй болсон яадаг юм. Үнэхээр чадахгүй бол хүүхэдгүй байх хэрэгтэй. Эцэг эх бүр хүн төрүүлж, өсгөх хариуцлагаа ухамсарлаж, хүүхэд бүхэн халуун ам бүлд хайр халамжаар дүүрэн өсөөсэй гэж хүсдэг