Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалинг 2028 онд гэхэд 1000 доллар буюу 3.4 сая төгрөг болгох нь зүйтэй

П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалинг 2028 онд гэхэд 1000 доллар буюу 3.4 сая төгрөг болгох нь зүйтэй
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 31
УИХ-ын тавдугаар сарын 30-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон. Үүнтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Багшийн хомсдолыг цалин хөлсийг нь нэмэгдүүлж байж л арилгана. Багшийн цалин хөлсийг яаж нэмэгдүүлэх, ямар бодлого баримтлах вэ гэдгээ  яримаар байна. 2026 оныг боловсролын жил болгоё гэж хүсээд байгаа бол агш нарын цалинг 1000 долларт хүргэ.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр: Багш нарын цалинг нэмэх асуудлыг бүгд дэмжиж байгаа. Үндсэн цалинг өсөх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Үндсэн цалинг 2028 онд гэхэд 1000 доллар буюу 3.4 сая төгрөг рүү оруулж ирэх боломжийг бий болгох нь зүйтэй. Ер нь үндсэн цалинг нь өсгөж байж чадварлаг боловсон хүчин энэ салбар руу орж ирнэ. Энэ жил 6 хувиар цалинг нь нэмсэн ч 1485000 төгрөг л болсон.  Жил бүр бид 6 хувиар нэмнэ гэж үзвэл нэмэгдлүүд нь нэмэгдээд 2028 онд багшийн гар дээр очих цалин тухайн багшийн ажилласан жил, гүйцэтгэл, байршлаас хамаараад 2.6-3.5 сая төгрөгийн хооронд болохоор байна. 

П.Наранбаяр: Багш нар гүйцэтгэлийн үнэлгээг ойлгохгүй бол ойлготол ярилцъя. Заавал жагсана, таалагдахгүй байна гэж хурц хандмааргүй байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Гүйцэтгэлийнхээ үнэлгээг болиул гээд багш нар шаардаад байгаа. Энэ асуудалд сайд мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Гүйцэтгэлийн үнэлгээгээ зогсоохгүй бол ирэх намар багш нар ажил хаяна гээд байгаа шүү.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр: Гүйцэтгэлийн үнэлгээгээ үндсэн цалинд шингээж болохгүй юү гэдэг асуудлаар судалгааг хийж үзсэн. Бүх багш нарт  5 хувийн нэмэгдэл олгоё гээд ярилцаж үзсэн ч санхүүгийн асуудал хариуцсан байгууллагатайгаа тохиролцож чадаагүй. Гүйцэтгэлийн үнэлгээг огт үгүйсгэж болохгүй, нүсэр биш төсөр болгох талд шинэчлэл хийж байна. Ирэх намар гэхэд бэлэн болгоно.
Багшдаа таатай, хүүхдүүддээ ээлтэй болгож, гүйцэтгэл сайтай багшийг урамшуулдаг болох ёстой. Ирэх жилд үндсэн цалинг нэмэгдүүлэх талд анхаараад өгөөрэй, манай гишүүд. Бусад салбартай харьцуулахад багшийн цалин доогуур байгаа.
Гүйцэтгэлийн үнэлгээний журмыг шинэчилж байгаа. Багш зааж байгаа хичээлийнхээ судлагдахуунаар үнэлгээнийхээ 40 орчим хувь, хүүхдийн сургалтын чадварыг түүврийн аргаар аваад сургуулийн Удирдах зөвлөлөөс үнэлгээг өгөөд явах өөрийнхөө ажлыг шударгаар үнэлүүлж байгааг эсэхээ харж болох боломжийг бий болгосон байдлаар зохицуулж байгаа.
Гүйцэтгэлийн үнэлгээ орж ирснээр боловсролын салбарт дэвшил бас гарч байгаа. Илүү сайн ажиллаж байгаа хүн дээр шударга үнэлгээ нь орж орлого нь нэмэгдэж байх нь боловсррлын салбарт хэрэгтэй байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: П.Наранбаяр сайд аа энэ танхимд миний юу хэлэхийг та заахгүй.  Боловсролын салбар дахь олон мянган багш нарыг төлөөлж байгаагийн хувьд асуудлыг тавьж байгаа шүү.
undefined
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Сумын багш цалингийн 40 хувийн нэмэгдэл, аймгийн багш цалингийн 20 хувийн нэмэгдэл авч байхад нийслэлийн багш нарт энэ нэмэгдэл байдаггүй, ялгаварлаж болохгүй гэдэг асуудал хөндөгддөг. Энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юу. Анги удирдсан багшид 10-20 хувийн нэмэгдэл олгоход хэчнээн хэмжээний хөрөнгө шаардаж байгаа вэ.  Багш нарын гар дээрээ авч байгаа цалин хөлс ямар байна вэ?  
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр: Нийслэлийн багш нарын цалингийн судалгааг хийнэ. Хөдөөд  англи хэл, математик, физик химийн багшийн дутагдал их байгаа. Энэ дутагдлыг арилгах, хөдөөд суурьшил бий болгох зорилгоор орон нутгийн багш нарт цалингийн 20, 40 хувийн нэмэгдэл олгох бодлого хэрэгжүүлж байгаа гэдгийг ойлгоорой.
Хүүхдийн тооноос хамаарч анги удирдсан багшийн ачааллыг бууруулах зорилгоор 44-өөс дээш сурагчтай бүлгүүдэд энэ хичээлийн жилээс туслах багш ажиллуулах шийдвэр гаргаад ажиллаж байна.
Анги даалтын нэмэгдлийг 30 хүртэлх хүүхэдтэй ангийн багшид 10 хувь, 30-40 хүүхэдтэй ангийн багшид 15 хувь, 40-ээс дээш хүүхэдтэй ангийн багшид 20 хувийн нэмэгдэл олгоход жилдээ 15.7 тэрбум төгрөг  нэмэлтээр шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Хувьсах зардал руугаа оруулж чадвал шийдэх бололцоотой.
Их сургуулиа төгссөн залуу багш нэмэгдэл авдаггүй гэдэг асуудал бас яригдаж байна. Засгийн газраас тогтоосны дагуу цэцэрлэгийн шинэ багш сардаа 1 сая 559 мянган төгрөгийн үндсэн цалин авч байна.
Шинээр ажилд орсон цэцэрлэгийн бүх багш боломжит нэмэгдлээ оруулаад гар дээрээ 1 сая 992 мянган төгрөгөөс 2.6 сая төгрөгийн цалин авдаг. Харин 20-иос дээш жил ажилласан цэцэрлэгийн багш оршин суугаа газраасаа хамаараад 2.6 сая төгрөгөөс 3.3 сая төгрөгийн цалин авч байна.
Ерөнхий боловсролын сургуульд багшилдаг шинэ багш оршин суугаа газраасаа хамаараад гар дээрээ 1 сая 494 мянгаас 2 сая 681 мянган төгрөг авч байна. 20-оос дээш ажил ажилласан багш оршин суугаа газраасаа хамаарч гар дээрээ 2 сая 582 мянга 950 төгрөгөөс 3 сая 206 мянга 550 төгрөгийн цалин авч байна.
Багш нар ажлаас гарах, шилжилт хөдөлгөөн хийхэд цалин хөлснөөс гадна сургуулийн удирдлага зохион байгуулалт ихээхэн нөлөө үзүүлдэг. Тиймээс сургуулийн менежемэнтийг сайжруулах арга хэмжээг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн