"Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулагчдын нэг Ж.Өнөмөнхтэй ярилцлаа.
-10 гаруй залуу нэгдээд "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байгаа юм байна. Та нар яагаад энэ жагсаалыг зохион байгуулах болов, Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээ жагсах шалтгаан болсон уу?
-Залуучууд энэ нийгэмд амьдрахад маш хэцүү болсон. Манай залуу үед мөрөөдөлтэй залуус хэр их байгаа вэ. Мөрөөдлөө санадаг, мэддэг залуус байхгүй болсон. Яагаад гэхээр бүгд л хоёр өрөө байр, нэг машины төлөө амьдарч байна. Зээлээ яаж төлөх үү, цалин нь хангалтгүй, гэр бүлтэй, хүүхэдтэй боллоо гэхэд хүүхэд нь байнга өвдөнө. Ер нь амьдрахад гутрахаар байна. Дээр нь нийгэм эрх чөлөө, эдийн засгаараа, ялангуяа сүүлийн зургаан жил нэлээд ухарлаа. Гэтэл төрөөс гаргаж байгаа тоон дээр өсөлттэй, амжилттай гээд байдаг. Бидний амьдрал дээр ямар ч бодит нөлөөлөл байхгүй. Гэтэл яагаад хэн нэгэн эрхтэн дархтны хүүхэд орлогоосоо давсан хэрэглээтэй, ямар ч асуудалгүй амьдраад байгаа юм бэ. Залуучууд зардлаа даах гэж хэдэн ажил зэрэг хийж, зээл тавьж байгаа билээ. Энэ бүхэн нийгмийн уур бухимдлыг бий болгосон.
Энэ асуудал дэгдээд, тухайн өдөр би ганцаараа байсан ч хамаагүй үдээс хойш талбай дээр очиж жагсана гэж бодож байсан юм. Тэгсэн манай нэг найз над руу бичиж таараад, манай үеийнхэн ч ийм бодол, байр суурьтай байгаа гээд 10-15 залуу нэгдээд "Огцрох амархан" жагсаалыг хийж эхэлсэн.
-Жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд та бүхэнд ирж байгаа дарамт шахалт байв уу. Бас нийгмийн дэмжлэг хэр байна вэ?
-Нийгмийн дэмжлэг маш их байгаа. Сошиал орчинд ч, гадаадад байгаа монголчууд ч гэсэн маш их дэмжиж байгаа. Гэхдээ дэмжлэг лайк, шэйр, коммент хэлбэрээр илрээд байгаа нь жагсаалын үр дүн одоо хүртэл гарахгүй байгаагийн шалтгаан юм болов уу гэж бодож байна. Биднийг дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Дарамтын тухайд нэгдүгээрт, сөрөг жагсаалын үед санаатай этгээдүүд ирээд биед халдаж байгаа. Үүнийг тухай бүрд нь ЦЕГ, Хүний эрхийн комисст мэдэгдээд явж байгаа. Жагсаалын төгсгөлд хэдэн удаагийн халдлага, оролдлого, хэзээ гарсан бэ гэсэн мэдээллүүдийг гаргаад тавина. Сошиал орчинд бол маш их тролл ажиллуулаад байгаа. Бодит хүмүүсийн амнаас тийм муухай үг гарна гэж огт бодохгүй байгаа. Шинээр үүсгэсэн хуурамч хаягуудаас дайралт маш их хийж байна. Хоёрдугаарт, аль нэг компани, улстөрч, аж ахуйн нэгжүүдтэй наах гэж оролдож байгаа. Монголын нийгэмд маш их туйлшрал үүсчихсэн юм байна гэдэг нь анзаарагдаж байна. Дундын орон зай гэдэг зүйл огт байхгүй болсон байна.
-Та хэд 13 хоног 14.00 цагаас хойш жагсаж байгаа. Өдөр нь ажлаа хийчихээд орой нь ирж жагсаж байна уу. Санхүүжилтээ хэрхэн зохицуулж байна. Ядаж л ус ууна. Хүнд хэрэгцээ их бий шүү дээ?
-Бид хэд эхэндээ бүтэн өдөр жагсая. 10.00-аас эхлээд 20.00 цаг дуусгая гэж байгаад хоёр хоног амралтын өдөр жагсаад жаахан халширсан гэх юм уу.
Анхнаасаа бид хандив авахгүй гэсэн зарчим барьсан. Учир нь хэрвээ бид хүмүүсээс хандив аваад эхэлбэл нэг компанитай ч юм уу холбоод төлбөртэй жагсаж байгаа гээд байж магадгүй. Мөн аюулгүй байдлаа хянаж чадахгүй. Өндөр дүнтэй гүйлгээ ороод ирвэл маш хэцүү. Ийм болгоомжлолууд байсан учраас хандив авахгүй гэсэн хувилбарыг нь сонгоод нээх их зардал гарахгүй гэж бодсон юм. Эхэндээ хоолны зардал гарч байгаад хүмүүсийг уриалмаар байдаг, баннер, цаас хэвлүүлэх шаардлагатай болсон. Эхэндээ А4 цаасан дээр 3000, 5000 төгрөг нэг хүнээс гаргаад хэвлүүлж байсан. Бидэнд микрофон ч байгаагүй, жижиг спикертэй эхэлж байсан. Олон хүний дунд орилоод ч дуу хүрэхгүй байсан учраас том спикер түрээслэх болсон. Гэтэл өдрийн 450 мянган төгрөг гэсэн. Энэ мэт шаардлагатай зардал нэмэгдээд хэцүү болж ирсэн чинь гадаадад байгаа монголчуудын холбоо, дотоодын аж ахуйн нэгжүүд дэмжиж эхэлсэн. Олон хүний дэмжлэгтэйгээр 13 өдөр жагслаа.
-Залуучууд Ерөнхий сайдыг огцрохыг, орлогоо нотлохыг шаардаад талбай дээр олон хоног жагсаж байгаа ч эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Та бүхэн эрх бүхий байгууллагуудад албан бичиг хүргүүлж, хандаж байгаа юу. Жагсаалаа үр дүнтэй болгох өөр арга зам хайж байна уу?
-Хууль болгон зөв байдаггүй. Буруу хуулиуд ч бий. 13 хоногийн хугацаанд орлогоо нотол гэж шаардаж жагсаж байгааг засаглалын асуудал болгоод манай төрийн, засаглалын идээ бээр, дарамт шахалт олон нийтийн өмнө нээлттэй болж байна. Энэ бол жагсаалын маш том үр дүн. УИХ шийдвэр гаргана. УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэе гэдэг шийдвэр гаргаж болно. Тэгвэл бид хууль дээдлэх ёсыг баримтлаад хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид дүнгээ тавина. Энэ улсын ирээдүй, дараа дараагийн сонгуульд хэн ялах вэ гэдгийг шийдэх хүмүүс бид. 13 хоногийн турш бид шаардлага тавиад, мөнгөгүй, ядраад, дарамтлуулаад явж байхад биднийг сонсоогүй УИХ-ын гишүүдийг сонгуулиар ямар ч гоё юм яриад дэмжихгүй, сонгохгүй. Энэ бол бидний нийгэмдээ бий болгосон маш том үр дүн гэж бодож байна. Ер нь залуучууд гарч ирэх бүр нийгмийн шинэчлэл болж л байдаг. Бидэнд өөрсдийн нийгмээ өөрсдөө бүтээх боломж олгомоор байхад яагаад тулган шаардаад байгаа юм бэ?
-Өөрсдийн эхлүүлсэн тэмцэл хэр үр дүнтэй байна гэсэн итгэл байна вэ. 13 хоног жагсаж байхад ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй?
-Жагсаал хийгээд маш их зүйл сурч байна. Тийм амар байдаггүй юм байна. Л.Оюун-Эрдэнэ огцор гэхээр Ерөнхий сайд "за би огцорлоо" гээд огцорчихдоггүй юм байна. Ард нь хууль дүрэм, журам гээд маш их зүйл байгаа юм байна. Эдгээрийг маш их сурч авлаа.
Ер нь бол засаглалын байдал, МАН-ын Бага хурлын шийдвэр, улс төрийн хүчнүүдийн байр суурийг харахаар одоо байгаа төр, Их хуралд найдахааргүй ч юм шиг. Гэхдээ өөрсдийн итгэл үнэмшил бол бид нөлөөлөл бүтээж чадна гэсэн өөдрөг байна. Юуны тулд залуу хүмүүс билээ. Энэ итгэл үнэмшлээ 13 хоногийн хугацаанд алдаагүй. Цаашид ч алдахгүй.
-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг УИХ томилсон. Тиймээс энэ хүндээ хариуцлага тооц гэдэг шаардлагыг УИХ-д хүргүүлсэн үү?
-Бид УИХ-д шаардлагаа хүргүүлсэн. УИХ томилсон хүндээ хариуцлага тооцооч ээ гэдэг агуулгыг байнга яриад бүх гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Мөн УИХ-д суудалтай намуудад шаардлага хүргүүлсэн. Эхнээсээ шаардлагын хариу ирж байна.