Хятад улс Бээжин хотыг бүхэлд нь эрчим хүчээр хангах хэмжээний “Нарны цагаан хэрэм” барьж байна. Өвөр монголын Кубуки элсэн цөлд барьж буй уг төслийг 2030 он гэхэд дуусгахаар төлөвлөжээ. "Шинэ цагаан хэрэм" нь ойролцоогоор 400 км, өргөн нь 5 км байх бөгөөд хамгийн ихдээ 100 гигаватт эрчим үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Энэ нь Бээжин болон түүний ойр орчмын бүс нутгийг цэвэр эрчим хүчээр хангахаас гадна тус бүс нутгийн цөлжилттэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулах юм байна. Төсөл хэрэгжсэнээр Өвөр монголд 50,000 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоо гарчээ.PV сэтгүүлд "Өвөр монголын Кубуки цөл нэгэн цагт "үхлийн далай" гэдгээрээ алдартай байсан. Харин одоо нарны хавтангууд бүхий фотоволтайкийн далай болж хувирав. Бүтээн байгуулалт нь Хятадын нарны их хэрэм барих олон жилийн төлөвлөгөөний нэг хэсэг юм. Бээжинг эрчим хүчээр хангах хангалттай эрчим хүч үйлдвэрлэх зорилготой. Кубуки нь нарлаг, тэгш газартай, аж үйлдвэрийн төвүүдтэй ойрхон зэрэг нь нарны эрчим хүч үйлдвэрлэхэд тохиромжтой. Бугат, Баяннуур хотуудын хооронд Шар мөрний чанх урд талд байрлах урт нарийхан элсэн манханд самбаруудыг аль хэдийнэ суурилуулаад эхэлсэн" гэжээ. “Нарны цагаан хэрэм” нь Бээжинд эрчим хүч нийлүүлэхийн зэрэгцээ цөлжилтийг буюу газар нутаг доройтож буй үйл явцыг зогсооно гэж найдаж байна. Түүнчлэн уг төсөл нь манханы нүүдэл, шороон шуурганаас сэргийлнэ гэж үзжээ. Хятадын Үндэсний эрчим хүчний газрын мэдээлснээр тус улсын нарны эрчим хүчний хүчин чадал 2024 онд 880 гигаватт хүрсэн нь бусад улсаас илүү үзүүлэлт юм. Хятад улс мөн дэлхийн нарны хавтангийн дийлэнх хувийг үйлдвэрлэдэг.https://www.msn.com/en-gb/travel/news/the-incredible-75bn-mega-project-thats-chinas-new-great-wall/ar-AA1E7FRZ?ocid=BingNewsSerp