Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Монголын эдийн засаг түүхий эдийн үнийн савлагаанд тэсэх үү

Монголын эдийн засаг түүхий эдийн үнийн савлагаанд тэсэх үү
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 7
2025 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөө хадгалах, валютын орлогоо нэмэгдүүлэхийн тулд нүүрс, зэс, алт зэрэг голлох түүхий эдийн экспортоо нэмэгдүүлэх зорилт тавьсан. Гэвч дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, БНХАУ-ын эрэлтийн бууралт, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлсийн улмаас голлох түүхий эдийн үнэ буурч эхэлсэн нь манай улсын эдийн засагт тодорхойгүй, эмзэг байдлыг бий болгох хандлагатай байна.
Нүүрсний хэмжээ нэмэгдлээ ч үнэ нь унасаар
Монгол Улс 2024 онд 83.7 сая тонн нүүрс экспортолж, 8.6 тэрбум ам.долларын орлого олсон. 2025 онд энэхүү хэмжээг 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан ч нүүрсний үнэ тонн тутамд 105 ам.доллараас 80 ам.доллар болтлоо буюу 20 орчим хувиар буурчээ. Тиймээс орлогын хэмжээ өсөх бус, харин ч буурах эрсдэлийг дагуулж байна. Гол худалдан авагч болох БНХАУ-ын агуулахын дүүргэлт, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал зэрэг нь импортын эрэлтийг бууруулж, Монголын нүүрсний экспортод дарамт үүсгэсэн гэхэд хилсдэхгүй.
Зэс, алтны зах зээлийн савлагаа
Нүүрсний орлогын бууралтыг нөхөх хүлээлттэй байсан Оюу толгойн зэс, алтны экспортод тулгуурласан стратеги ч эрсдэлд орж мэдэхээр байна. Зэсийн үнэ 2025 оны эхэнд тонн тутамд 10,000 ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байсан ч дөрөвдүгээр сараас эхлэн үнэ нь огцом унаж, нэг тонн нь 9,176.80 ам.доллар болж буурав. Энэ нь Хятадын үйлдвэрлэлийн сул үзүүлэлт, худалдааны тодорхойгүй байдал, АНУ-ын тарифын бодлого зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Мөн Олон улсын зэсийн судалгааны групп 2025 онд зэсийн илүүдэл хоёр дахин нэмэгдэхээр байгааг онцолжээ.
Харин алтны зах зээл харьцангуй эерэг дүр зурагтай байна. 2025 оны эхний хагаст алтны үнэ 26 хувиар өсөж, унц нь 3,500 ам.долларт хүрсэн. Геополитикийн эрсдэл, ам.долларын сулрал, Төв банкуудын алтны худалдан авалт зэрэг нь алтны үнийг дэмжсэн. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд ханш бага зэрэг буурсан бөгөөд 3,250 ам.долларт хэлбэлзэж байна. Goldman Sachs зэрэг томоохон байгууллагууд 2025 оны эцэс гэхэд алтны үнэ 3,700 ам.долларт хүрнэ гэж үзэж байгаа нь Монголын валютын орлогын нэг эх үүсвэрийг нааштай түвшинд хадгалах боломж байгааг харуулж байна. Гол нь алтны олборлолт, алт тушаалтын нэмэгдүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамааралтай байх болов уу.
Эдийн засагт үзүүлэх нөлөө
Түүхий эдийн гурван гол бүтээгдэхүүний зах зээлийн савлагаа нь Монголын эдийн засагт дараах эрсдэлийг авчирч байна. Үүнд:
Экспортын орлого буурах – Валютын орлого буурснаар гадаад худалдааны алдагдал гүнзгийрэх магадлалтай.
Төгрөгийн ханшид дарамт үүснэ – Валютын нөөцийн бууралт төгрөгийн ханшийг сулруулж, инфляц хөөрөгдөх эрсдэлтэй.
Төсвийн алдагдал нэмэгдэх – Төсвийн үндсэн орлогын эх үүсвэрүүд буурснаар төрийн зардлыг хязгаарлах шаардлага үүснэ. Хэрвээ төр бүх түвшиндөө зардлаа бууруулах арга хэмжээг авч чадахгүй бол төсвийн алдагдал улам бүр нэмэгдэх нь тодорхой.
Эдийн засгийн өсөлт саарах – Дэлхийн банкны Монголын эдийн засаг 6.5 хувиар өсөх төсөөлөл буурах магадлалтай.
Оюу толгой: Үйлдвэрлэлийн өсөлт, зах зээлийн сорил
Монголын эдийн засгийн хоёр дахь том багана болсон зэсийн салбар 2025 онд их тэлэлтийн шат руу шилжиж буй. Ялангуяа Оюу толгой компани 2025 онд нийт үйлдвэрлэлийн хүчин чадлаа 50 хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа нь энэ салбарын цаашдын өсөлтөд чухал түлхэц өгөх юм.
2025 оны эхний улирлын байдлаар Оюу толгой 65.2 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Жилийн эцэст 325–348 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн нь гүний уурхайн үйл ажиллагаа тогтворжиж, бүтээн байгуулалтаас ид үйлдвэрлэлийн шилжилт хийж байгааг харуулж байна.
Гэвч энэ өсөлтийг дагаад орлого шууд нэмэгдэнэ гэх баталгаагүй. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 2024 онд тогтвортой байсан бол 2025 оны эхнээс хэлбэлзэлтэй болж, тонн нь 9,300 ам.доллараас 8,700 ам.доллар хүртэл буурсан. Энэ нь АНУ-БНХАУ-ын хоорондын худалдааны хурцадмал байдал, үйлдвэрлэлийн сулрал зэрэг хүчин зүйлсээс хамаарч байгаа бөгөөд Оюу толгойн орлогод сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай юм.
Гэхдээ алтны үнийн өсөлт зэсийн үнийн бууралтыг тодорхой хэмжээнд нөхөх боломж олгож байна. Оюу толгойгоос олборлосон баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж байгаа нь нааштай үзүүлэлт. Тухайлбал, 2025 оны нэгдүгээр улиралд тус компани 65.8 мянган унц алт үйлдвэрлэсэн нь компанийн цэвэр орлогыг өсөхөд дэмжлэг болж байна.
undefined
2025 он Монгол Улсын хувьд сорилт ихтэй жил байх нь тодорхой байна. Нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж буй ч үнийн уналт орлогын бууралтыг авчирч, зэсийн зах зээл тогтворгүй байдалд орсон нь эдийн засгийн суурийг ганхуулж болзошгүй. Алтны үнэ өсөлтөө хадгалж буй ч Монгол Улс хангалттай хэмжээ алт олборлох чадах эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нүүрс, зэсийн салбарын орлогыг бууралтыг дангаараа нөхөж, тогтворжуулахад хангалтгүй юм. Төр, хувийн хэвшил, эдийн засгийн бодлого тодорхойлогчид эдгээр эрсдэлд зохицсон дунд болон урт хугацааны бодлого, бүтцийн шинэчлэлийг яаралтай эхлүүлэх шаардлага байгааг харуулж байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн