Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Туннелээр холбогдсон дэлхий ба Богд уулыг сэтлэх Монголын төлөвлөгөө

Туннелээр холбогдсон дэлхий ба Богд уулыг сэтлэх Монголын төлөвлөгөө
Нийтэлсэн 8 цагийн өмнө
Орчин үеийн авто замын сүлжээ нь улс орны хөгжлийн тулгуур дэд бүтэц төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол хүчин зүйл болсон. Ялангуяа уулархаг, байгалийн тогтоц хүнд бүс нутгуудад зам барихад хүндрэл их гардаг ч хүн төрөлхтөн техникийн дэвшил, инженерийн ухаанаараа уулсыг нэвтэлж, дэлхийг холбох гайхамшгуудыг бүтээсээр байна.
Дэлхийн шилдэг жишээнүүд: Байгалийн гүнд баригдсан замын туннелүүд
Уулсын оройг давах зам тавих нь заримдаа хэт эгц, мушгирсан, аюултай нөхцөл үүсгэдэг тул туннел гаргах нь илүү хурдан, аюулгүй, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой шийдэл болдог. Энэ төрлийн бүтээн байгуулалт нь өндөр өртөгтэй, нарийн төлөвлөлт, дэвшилтэт технологи шаарддаг хэдий ч улс орны нийгэм, эдийн засагт стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт болдог.
Жишээлбэл, Норвегийн Лаэрдал туннел нь 24.5 км урттай бөгөөд дэлхийн хамгийн урт автомашины туннел юм. Цас ихтэй уулсын оронд шууд гарц үүсгэснээр хоёр бүс нутгийг өвөл ч холбох боломж бүрджээ. Швейцарийн Готтхард туннел нь Альпын нурууг дамнан 17 км үргэлжилж, Европын тээврийн гол гарц болж чадсан бол Хятадын Жуннаньшань туннел нь 18 км үргэлжилж, хойд болон өмнөд нутгийг холбосон гол замын нэг болсон байна.
Азийн өөр нэг жишээ бол Энэтхэгийн Атал туннел юм. Гималайн Ротанг давааны доогуур 9 км гарсан уг зам баригдсанаар өмнө нь олон сараар тусгаарлагддаг байсан Ладакх бүс нутгийг жилийн турш зам тээврээр хангах боломж бүрджээ. Мөн АНУ дахь Эйзенхауэр-Жонсон туннел нь Роки уулсаар дамнан зүүн ба баруун эргийг холбох чухал замын хэсэг болдог.
Эдгээр бүх туннелүүд нь тээвэр, аялал жуулчлал, хөдөө орон нутгийн хөгжил, цэргийн бэлэн байдал зэрэг олон чиглэлд ашиг тусаа өгдөг аж.
Уулыг сэтлэн зам тавихад юу шаарддаг вэ?
Авто замын туннел барих ажил нь энгийн нэгэн зам тавихаас хавьгүй илүү нүсэр, хэцүү, өндөр өртөгтэй ажил юм. Богинохон туннел ч 2–5 жил, харин урт нь 10–15 жил үргэлжилж болзошгүй. Энэ нь газар хөдлөлтийн эрсдэл, геологийн тогтоц, цаг агаар зэргээс шууд хамаардаг.
Жишээлбэл, Энэтхэгийн Атал туннелийг барихад 10 жил зарцуулж, 440 сая ам.долларын өртөгтэйгээр ашиглалтад оруулсан бол ижил хэмжээний Норвегийн Лаэрдал туннел өнөө үед баривал хэд дахин өндөр өртөгтэй байх байсан гэнэ. Урт замын туннелүүдийн өртөг 1–5 тэрбум ам.доллар хүрч болзошгүй бөгөөд зөвхөн зам биш, агааржуулалт, гэрэлтүүлэг, ус зайлуулах систем, аврах гарцууд гэх мэт олон системийг багтаадаг.
Туннел барих технологид туннел ухагч машин (TBM) хамгийн өргөн хэрэглэгддэг. Энэ машин уулын чулууг тогтмол ухан урагшилдаг. Зарим тохиолдолд тэсэлгээний аргыг ашиглан нүх өрөмдөж, дэлбэлдэг бол Австрийн NATM аргачлалаар уулын чулууг өөрийг нь дотоод бүтэц болгон ашиглах тохиолдол ч бий.
Монгол Улс — Технологийн шинэ үе рүү
Монгол Улс ч мөн дэлхийн жишгээр авто замын салбарт томоохон алхмууд хийхээр ажиллаж байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хотын хөгжилд түлхэц өгөх зорилгоор хоёр ч томоохон төсөл хэрэгжүүлж эхлээд байна.
Туулын хурдны зам
32 км урт, 6 эгнээ бүхий олон улсын стандартад нийцсэн энэ хурдны зам нь нийслэлийн зүүн болон баруун хэсгийг холбох зорилготой. Төслийн хүрээнд:
  • 13 байршилд нийт 9.9 км урт гүүр
  • 7 байршилд нийт 370 метр урт замын туннел баригдах аж.
Эдгээр бүтээн байгуулалтууд нь хотын өндөрлөг бүсийг нэвтрэх, замын түвшний ялгааг арилгах, тээврийн ачааллыг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Хөшигийн хөндийн туннел
Нийслэлийг шинэ нисэх онгоцны буудалтай холбох зорилготой уг туннел нь 15.2 км урт хос хоолой бүхий, Богдхан уулыг нэвтрэн гарах туннел юм. Энэ бүтээн байгуулалт нь Улаанбаатарын хөгжлийн тэлэлтийг хурдасгах, олон улсын логистикийн чадамжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой. Урьдчилсан тооцооллоор зөвхөн зураг төсөл боловсруулахад 5.5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд бүтээн байгуулалтын өртөг хэдэн зуун тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэж үзэж байна.
Уулыг нэвтэлж зам барих нь зөвхөн инженерийн амжилт биш. Энэ нь улс орны нэгдмэл байдлыг хангах, тээвэр ложистикийн боломжийг нээх, нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ зам тавих стратегийн томоохон алхам юм. Монгол Улс ч энэ жимээр зоригтой алхаж, байгалийн саадыг даван туулсан замаар ирээдүй рүү тэмүүлж байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн