Open iToim app
Засгийн газар | 4 мин уншина

Н.Учрал: "Ачит ихт", "Эрдмин", "Зэс эрдэнийн хувь" компаниудын 34 хувийн хэлэлцээрийг хоёр долоо хоногт багтааж дуусгана

Н.Учрал: "Ачит ихт", "Эрдмин", "Зэс эрдэнийн хувь" компаниудын 34 хувийн хэлэлцээрийг хоёр долоо хоногт багтааж дуусгана
Нийтэлсэн 4 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар үүсмэл ордууд дээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталсан байна. Түүнчлэн, Хойд бүсийн зөвлөгөөний үеэр гаргасан шийдвэрүүдийг ЗГХЭГ-ын дарга танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмших заалт бий. Үүсмэл орд бол стратегийн ордоо түшиглэсэн баялаг гэж ойлгож болно. Өмнө нь үүсмэл ордуудыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ашиглуулдаг байсан. Иймд ар өврийн хаалгаар үгсэн авдаг байдлыг таслан зогсооно. Цаашид үүсмэл ордыг ашиглуулахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж төрийн өмчийн эзэмшлийн 34 хувийг тогтоодог болно.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн үүсмэл ордыг түшиглэн "Ачит ихт", "Эрдмин", "Зэс эрдэнийн хувь" гэсэн компаниудын үйл ажиллагаатай очиж танилцсан. Энэ үеэр хэлэлцээрүүдийн явцтай танилцлаа. Ирэх өдрүүдэд төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулж дуусгаад Засгийн газарт танилцуулна. Хоёр долоо хоногийн дотор эцсийн байдлаар хэлэлцээрийг дуусгана. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ.
Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэт үйлдвэр" өөрийнхөө овоолгыг ашиглах чиглэлээр төсөл бэлдэж байсан. Үүнийг өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор зогсоогоод төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг барьж цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглаж байгаа бол сонгон шалгаруулалтаар 34 хувийг баялгийн сандаа төвлөрүүлнэ. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн гурван үүсмэл компаниудтай хэлэлцээрийг албан ёсоор дуусгаж Баялгийн санд 34 хувийг нь төвлөрүүлэх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор өгсөн. Хэлэлцээр үргэлжилж байна. Эцсийн байдлаар хэлэлцээрийн үр дүнг магадлан шинжилгээ хийгээд хоёр долоо хоногийн дотор санхүү, хуулийн багийн тусламжтайгаар Засгийн газраар шийдвэр гаргуулна.
Мөн өнгөрсөн нэг дэх өдөр Булган аймагт болсон Бүсийн зөвлөгөөн, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг албажуулж байгаа. Хойд бүсийн зөвлөлийн түвшинд таван салбар хуралдаан зохион байгуулагдаад нийт 190 гаруй санал зөвлөмжүүдийг иргэдийн зүгээс гаргасан. Энэ хүрээнд:
  • Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай,
  • Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
  • Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай гэсэн Засгийн газрын гурван тогтоолын төслийг Булган аймагт болсон.
    Тогтоолын төслүүдэд холбогдох яамдын саналыг тусгаад албажуулж байна. Үүнд, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 мГВт-иас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-г боловсруулах асуудлыг шийдвэрлэлээ. Мөн Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал, Жаргалант, Шинэ-Идэр, Мөрөн чиглэлийн хатуу хучилттай замын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн, Булган аймгийн Дашинчилэн, Өлзийт, Хайрхан, Рашаант, Мөрөн чиглэлийн автозамын ажлыг эрчимжүүлээд Хишиг-Өндөр, Гурванбулаг чиглэлийн автозамаас Могод чиглэл, Булган Мөрөн чиглэлийн автозамаас Сайханбаян агт болон Гурванбулаг, Элсэнтасархай чиглэлийн автозамын зураг төсвийг боловсруулахаар шийдвэрлэлээ.
 Мөн дөрвөн улирлын аялал жуулчлал явуулж байгаа бизнес эрхлэгч, ААН-үүдэд зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд ирэх долоо хоногт дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тогтоолоор энэ асуудлыг албажуулна.
Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын барилга барих төсөл, арга хэмжээг ирэх оны төсөвт суулгаж бэлтгэл ажлыг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн аялал жуулчлалын дэд бүтцийг дэмжих зорилгоор БНСУ Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж 4C ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөнө. Түүнээс гадна Хойд бүсийн тээвэр логистикийн ТЭЗҮ-г боловсруулах асуудлыг шийдвэрлэсэн. Мөн дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
  • Эрдэнэт шинжлэх ухааны паркийг гарааны бизнесийг дэмжих төв болгож Хойд бүсийн хэмжээнд өргөжүүлнэ.
  • Ханх, Монд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлж байна.
  • Хойд бүсэд хамаарах орон нутгийн хөгжлийн зургаан төвийн инженерийн дэд бүтцийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх зүйн орчин, холбогдох Засгийн газрын шийдвэрүүдийг гаргана.
  • Хойд бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборыг Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд байгуулна.
  • Орхон, Хөвсгөл, Булган аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг  байгалийн аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр төрөлжүүлж дэд бүтцийн төслийн хүний нөөцийг богино хугацаанд бэлтгэнэ, давтан сургана. Энэ хүрээнд Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн дэргэд салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулах асуудлыг судалж эхлүүллээ.
  • Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн харьяа Эрдэнэт Медикал төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлнэ. Энэ асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хурлаар албажуулснаар Хойд бүс Эрдэнэс  Медикал төрөлжсөн эмнэлэгтэй болно.
  • Булган аймгийн  нэгдсэн эмнэлгийн 100 ортой барилгын ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.
  • Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын цэнгэг усны нөөц, ойн  сан, мөнх цэвдгийн хамгаалах газрын судалгааг үе шаттайгаар хийж улсын тусгай хамгаалалтад авна.
  • Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд асан А. Амарын мэндэлсний 140 жилийн ойг иргэдийн хүсэлтээр тэмдэглэнэ.
  • Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдаа, үйлчилгээний төвийн барилгад гал гарсны улмаас хохирсон иргэдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх эргэлтийн хөрөнгийг буюу зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөгийг олгох зэрэг багтаж байна.
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн