Монгол Улсын Засгийн газраас гарсан шийдвэрийг өнөөдөр /2025.04.30-нд/ танилцуулав. Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталж Засгийн газрын тогтоол гаргажээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ.
Тэрээр "Энэхүү журмыг ойлгомжтойгоор хэлэхэд Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдсэн гэж ойлгож болох юм. Бид энэ удаад хүнд ээлтэй журмууд болон эргэн төлөлтийг сайжруулах өөрчлөлтүүдийг оруулж ирсэн.
Дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэж суралцах, бакалаврын түвшнийг бүтэн хугацаагаар олгодог байсан зохицуулалтыг өөрчилж 2+2 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр эх орондоо буюу дотоодын их дээд сургуульд хоёр жил суралцаад хоёр жил гадаадад шилдэг их дээд сургуульд суралцаж болно гэсэн үг. Ийм тохиолдолд л боловсролын зээлийг олгодог болж байна. Энэ нь дотоодын дээд боловсролыг дэмжиж байгаа хэрэг бөгөөд хөдөө орон нутгаас элсэн суралцах хүүхдүүдэд ч тэгш боломжийг хүртээмжтэй олгох юм. Бидний зүгээс өмнө нь гадаадад суралцах оюутнуудаа бэлдсэнээс гадна хангалттай хэмжээний хөрөнгө мөнгийг ч зарцуулсан. Одоо бол дотооддоо боловсон хүчнийг бэлдэх зохицуулалт сайжирсан. Мөн их дээд сургуулийн чанар ч дээшилж байгаа.
Мөн малчны тухай хуульд зааснаар арваас дээш жил малчнаар ажилласан өрхийн нэг хүүхдийг их дээд сургуульд сургах асуудлыг боловсролын зээлийн асуудлынхаа журамд оруулсан. Ийм хуулийн заалттай байгаа. Төрийн өмчийн их дээд сургууль болон сурах чиглэл нь заалттай байдаг. Үүнд бэлчээрийн менежмент, хөдөө аж ахуйн бэлчээрийн чиглэлээр суралцах оюутанд л олгохоор заасан. Иймд 2025 оны есдүгээр сарын 1-нээс эхлэх элсэлтэд энэхүү тэтгэлгийг олгож эхлэх юм.
Түүнчлэн гадаадад суралцаж буй оюутнуудад зээлийн эргэн төлөх хугацааг 20 хүртэлх жилээр сунгахаар заасан. Мөн гадаадад гурав хүртэлх жилээр ажиллаж эх орондоо буцаж ирэх уян хатан заалтыг оруулсан. Энэхүү журмыг боловсруулахдаа хүнээс үл хамаарч материалаа үнэн зөв бүрдүүлсэн байвал автоматаар дүн нь гарах байдлаар сонгон шалгаруулалтыг хийнэ.
Уг журам ийнхүү өөрчлөгдсөнөөр олон өрхөд боломж бий болгож байна. Тухайлбал, өмнө нь нэг өрхийн хоёр хүүхэд сурахыг хязгаарладаг байсан бол одоо тэнцсэн л бол хэдэн ч хүүхэд суралцаж болно. Ингэснээр гадаад болон дотоодын их сургууль, сургалтын байгууллагын чадавхыг дэмжиж, мэдлэг боловсролтой залуучууд гадаадад сурч ирээд, эх орондоо ажиллаж амьдрах боломжийг бий болгож байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөдөө орон нутгийн суралцагчдад дээд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай бүлэг гаргаж уг журмыг оруулж ирсэн.
Шинэчлэгдсэн журам нь 2025 оны төсөвт ямар нэгэн нэмэлт санхүүгийн ачаалал үүсгэхгүй бөгөөд цаашид зээлийн эргэн төлөлтийн зохицуулалтыг оновчтой болгосноор төсвийн зарцуулалтын үр ашиг нэмэгдэнэ хэмээн харсан.
Энэхүү журамтай холбогдуулж нэг мэдээлэл хүргэхэд, өнөөдөр Монгол Улсад боловсролын зээлийн сангаар тэтгэлэг, зээл авч суралцаад ажиллаж амьдарч байгаа зээлээ төлөх үүрэг хүлээсэн 14 мянган хүн байна. Эдгээр хүмүүсээс 1200 нь гадаадад суралцсан байгаа юм. Нийтдээ 300 орчим тэрбум төгрөгөөр төр санхүүжүүлсэн. Үүний 204 тэрбум төгрөг нь гадаадад суралцсан хүмүүсийн зардал юм.
Боловсролын зээлийн санд зээлээ төлөхгүй явж байгаа болон зээлийн нөхцөл байдалтай хүмүүсийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлэх асуудал 2008 оноос хойш яригдсан. Харамсалтай нь одоог хүртэл хэрэгжээгүй байна. Энэ талаар байнгын хороотой ярилцаж асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн. Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээллийн гурван үе шаттайгаар дөрөвдүгээр сарын 28-ныг хүртэл 14 мянган хүний мэдээллийг өгсөн бөгөөд авлагатай гэж бүртгэгдсэн. Үүний үр дүнд өмнө жил гадаадад суралцсан суралцагчдаас зээлээ төлөх үүрэг хүлээсэн хүмүүс өмнө жилийн өдийд 438 сая төгрөг буцаан төлж байжээ. Харин энэ жил гурав дахин нэмэгдэж 1.2 тэрбум төгрөг болсон байна. Энэ жилийн төсөв батлагдахдаа боловсролын зээлийн санд 30 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөс эргэн төвлөрүүлж дараагийн хүнд нь суралцах боломжийг олгох тухай шийдвэр гаргасан. Бидний зүгээс эргэн төлөлтийг 30 тэрбум төгрөгт хүргэж чадна хэмээн харж байна.