Open iToim app
Улс төр | 2 мин уншина

"Эрдэнэс Тавантолгой" компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх гурван намаас томилогдсон менежерүүд

"Эрдэнэс Тавантолгой" компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх гурван намаас  томилогдсон менежерүүд
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудад засаг хамтран барьж байгаа гурван намаас дэд даргын эрэмбэтэй менежерүүдийг томилоод байгаа.
Тэгвэл улсын төсвийн гол ачааг үүрч, нүүрсний экспортын гол ачааг үүрдэг "Эрдэнэс Тавантолгой"-д МАН, АН, ХҮН намаас нэг, нэг менежер томилоод байгаа юм. Тодруулбал, МАН-аас С.Баярмөнхийг Бизнес хөгжил хариуцсан менежер, Ардчилсан намаас Н.Пунцагийг Хяналтын менежер, ХҮН намаас Б.Мөнхболдыг Бүтээмжийн менежерээр томилуулжээ. Эдгээр менежерүүдийг өнгөрсөн нэг, хоёрдугаар сард томилсон бөгөөд дэд даргын эрэмбэтэй албан тушаал.
Ардчилсан намаас томилогдсон Хяналтын менежер Н.Пунцаг жолооч, туслахтайгаа ирсэн бөгөөд компанийн боловсон хүчний 30 хувьд АН-аас хүмүүс томилно хэмээжээ. Тэрээр Ардчилсан намын ҮБХ–ны гишүүн, Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг нэгэн. 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Ховд аймагт нэр дэвшиж байсан.
С.Баярмөнхийн хувьд ЕТГ-ын дарга Г.Занданшатарын сонгуулийн менежерээр ажиллаж байсан юм. Мөн тэрээр "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. 
Харин Б.Мөнхболдын тухайд 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намаас хойд бүсэд нэр дэвшсэн ч ялагдсан. Тиймээс намаас нь түүнийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн Бүтээмжийн менежерээр томилуулаад байгаа юм.
Засгийн газар хамтарсан нэрийн дор төрийн өмчит компани болон төрийн оролцоотой үйлдвэрийн газруудад 400 гаруй бүтээмжийн болон хяналтын менежер томилно гэх. Зөвхөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд буй найман компанид 16 бүтээмжийн болон хяналтын менежер томилжээ.
Тэгвэл энэ томилогдоод байгаа менежерүүд үнэхээр төрийн өмчит компаниудыг ашигтай, бүтээмжтэй ажиллуулж чадах уу. Манай төрийн оролцоотой улсын үйлдвэрийн газар 123 болж, 60 мянга гаруй хүн ажиллаж байна. Энэхүү 123 төрийн өмчит компани, үйлдвэрийн газраас ашигтай ажилладаг нь ердөө тав. Харин 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажилладаг. Алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудад албан тушаалын тоо нэмж хүн томилох нь алдагдлыг бууруулж, ашигтай ажиллуулж чадах уу. Засгийн газар наанаа төрийн албыг цомхон, чадварлаг болгоно гэж байгаа ч хамтарсан нэрийн дор төрийн алба болон төрийн өмчит компаниудыг улам данхар болгосоор. Одоо Элчин сайд нарын томилгоонд ч хамтарсан намуудаасаа оруулахаар ярьж байгаа гэх.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн