Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2025.04.29-нд/ мэдээлэл хүргэлээ.
УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Энэ жилийн өвөл цас бага орж нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хуурайшилт ихтэй байгаа тул ой хээрийн түймэр болон шар өвс шатсан гэх дуудлага их ирж байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийт 12 аймгийн 52 суманд мөн нийслэлийн хоёр дүүрэгт нийтдээ 76 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Дээрх ой хээрийн түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7 хувь, сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь ил задгай орхисон гал, асгасан үнс нурам, тамхи, чүдэнз болон автомашины техник хэрэгсэл, яндан зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа гэх статистик тоо баримт байна.
Өчигдрийн байдлаар нийт таван удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт сум болон Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11-р хороо буюу Богд ууланд гарсан таван удаагийн ой хээрийн түймрийн дуудлагаар ажиллалаа. Дорноговь аймгийн Иххэт сум, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан. Богд ууланд гарсан түймрийг цурамд оруулаад бүрэн унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Мөн өчигдөр шөнө Богд ууланд гарсан ой хээрийн түймэрт сайн дурын иргэд гал унтраах ажиллагаанд маш их дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм.
Одоогийн байдлаар гал унтраах баг Сэлэнгэ аймгийн Цагааннуур болон Зүүнбүрэн суманд гарсан түймэр дээр ажиллаж байгаа юм. Зүүнбүрэн суманд гарсан түймэрт урьдчилсан байдлаар монгол гэр дөрөв, өвөлжөөний хашаа арав, нэг трактор шатсан гэх мэдээлэл байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын дарга хурандаа Ц.Нямбаяр мэдээллээ.
Тэрээр “Онцгой байдлын ерөнхий газарт нийтдээ 49 удаагийн объектын гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Үүнээс 27 удаагийн дуудлага нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Энэхүү дуудлагын дийлэнх нь зуслангийн бүсэд шар өвсний түймрийн дуудлага эзэлж байна. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт Хоёрындаваа гэх газарт аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км газарт түймэр гарсан гэх дуудлага ирсэн. Энэ газарт салхины хүч их байсан бөгөөд энэхүү түймэр тархаж Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг руу тархсан байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ Онцгой байдлын ерөнхий газрын 88 албан хаагч, сумын мэргэжлийн анги болон холбогдох байгууллагаас 183 хүн гээд нийтдээ 271 хүн 30 автомашин техниктэйгээр гал унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн албан хаагчид нэмэлтээр ажиллаж байгаа юм.
-Өчигдөр хойд бүсийн зөвлөгөөн Булган аймагт болсон. Уг зөвлөгөөнд Засгийн газрын олон гишүүн, сайд нар оролцохоор явсан. Эдгээр хүмүүс Онцгой байдлын ерөнхий газрын нисдэг тэргээр явсан гэх мэдээлэл байна. Өчигдөр орой 17:00 цагт Богд ууланд түймэр дэгдсэн гэх мэдээлэл ирсэн боловч орой 20:00 цагийн үед эхний гал унтраах баг очсон байгаа юм. Магадгүй нисдэг тэрэг нь байсан бол цаг хэмнэж арай эрт гал унтраах баг очих боломжтой байсан. Гэнэтийн осол гамшгийн үед нисдэг тэргийг хэрэглэдэг биш юм уу? Сайд дарга нар нь нисдэг тэргийг нь унаад явчихдаг юм уу?
Онцгой байдлын ерөнхий газарт ашиглагдаж байгаа нисдэг тэргийг эрэн хайх, аврах, түргэний нислэг хийх зэргээр онцгой байдлын үйл ажиллагаанд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажилдаг. Одоогийн байдлаар нэг нисдэг тэрэг Сэлэнгэ аймагт түймрийн голомтод агаараас тандан судлах чиглэлээр ажиллаж байгаа. Өчигдөр 17:00 цагт түймэр гарах үед Улаанбаатар хотод ямар хэмжээний салхи, шуургатай байсан талаар мэдэх хэрэгтэй болов уу. Юуны өмнө нислэгийн аюулгүй байдал яригдах болно. Ер нь нисдэг тэргийг ашиглаад шууд л түймэр унтраах ажиллагаанд оролцох боломжгүй юм.
Ойрын өдрүүдэд хүчтэй салхи шуургатай тул мэргэжлийн байгууллагаас гаргаж буй зөвлөмж сэрэмжлүүлгийг дагаж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.