Open iToim app
Эдийн засаг | 8 мин уншина

Р.Шинэгэрэл: Татварын ачааллыг буулгая гэвэл төр бүтэц, орон тоогоо 2-3 дахин багасгах ёстой

Р.Шинэгэрэл: Татварын ачааллыг буулгая  гэвэл төр бүтэц, орон тоогоо 2-3 дахин багасгах ёстой
Нийтэлсэн 9 цагийн өмнө
Эдийн засагч Р.Шинэгэрэл Хүн амын орлогын албан татварыг 1 хувь болгох өргөдлийг D-өргөдөл хаягт байршуулж 100 мянган иргэний дэмжлэгийг авсан тул УИХ-аар хэлэлцэхээр болсон. Иймд түүнтэй татварын дарамт, төрийн оролцоо хэт ихсэхийн сул тал, Хувь хүний орлогын албан татвар 1 хувь болсноор ямар өөрчлөлт гарах талаар ярилцлаа.
-Монгол Улстай ойролцоо эдийн засагтай улс орнуудтай харьцуулахад манай татварын хувь хэмжээ ямар байна вэ?
-Улс орнуудтай харьцуулахад манайх дундаж, боломжийн хувь хэмжээтэй. Гэхдээ Монгол Улс бусад улсад орнуудын нөхцөл байдлаас арай өөр. Жишээлбэл, манай улс байгалийн эрс тэс уур амьсгалтай. Бусад орон хоёр улирлын хувцас өмсөж байгаа бол бид дөрвөн улирлын хувцас өмсдөг. Үйлдвэрлэл хөгжөөгүй учраас ихэнх бараа бүтээгдэхүүнээ гаднаас авдаг. Боомтын болон тээврийн нөхцөл хүнд учраас бидэнд зардал нэмэгдэж ирдэг. Мөн төрийн эдийн засаг дахь оролцоо маш өндөр байгаа учраас жил болгон багадаа л 10 хувийн татварын нэмэгдэлтэй бараа бүтээгдэхүүн бид хэрэглэж байна гэсэн үг. Тийм учраас бусад улс оронтой жишиж татвар ярих арай болоогүй.
-Татварын дарамт нэмэгдсэнээр бизнес эрхлэгч болон хувь хүнд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Татварын дараа үлдэж байгаа иргэдийн орлого, ААН хуримтлагдсан ашгаараа дахин шинэ бизнест хөрөнгө оруулалт хийж чадаж байвал тухайн улсын татварын бодлого зөв хэрэгжиж байна гэсэн үг. Гэтэл манай улсад сүүлийн 2-3 жилд бизнес эрхлэгч болон иргэдийн гарт татварын дараа хангалттай мөнгө үлдэхгүй байна. Иргэд илүү хэмнэлтийн, ААН-үүд ажилчдаа цомхотгох байдал руу шилжээд байгаа.
-Төрийн оролцоо эдийн засагт их байх нь ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
-Монгол Улсад сүүлийн 10 гаруй жил төрийн байгууллага, албан хаагч, төр хариуцдаг, үйл ажиллагаагаа явуулдаг объектын тоо маш их нэмэгдсэн. Үүний бүх зардал, үйл ажиллагааг санхүүжүүлэх гэж татвараа нэмэх байдлаар асуудлуудыг шийдсэн. Хоёрдугаарт, хамгийн үр ашигтай салбаруудад төр бизнес хийж хувийн хэвшилтэй өрсөлдөж байгаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар тэр чигтээ төрд очих хэмжээнд хүрээд байна. Ялангуяа стратегийн орд гэдэг ойлголт гарснаас хойш бараг л бүх түвшинд ордыг төр тодорхой хэмжээг нь авч үйл ажиллагааг нь явуулна гэдэг зүйл газар авлаа. Төр банкны, нийтийн үйлчилгээ, тээврийн салбар гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Зарим зах, худалдааны төв нь хүртэл орон нутгийн өмч байх жишээтэй. Ийм нөхцөлд хувийн хэвшил тэлж чаддаггүй. Хаана, хэн ажлын байрыг бий болгож эдийн засгийн өсгөдөг вэ гэвэл хувийн ААН юм.  Гэтэл манай улсад энэ байдал эсрэгээрээ төрийн оролцоо өндөртэй байна. Төсөв 2025 оны байдлаар ДНБ-ий 40 орчим хувийг эзэлж байсан. Үүн дээр төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийг нэмбэл 70-80 хувь руу очих хэмжээний төрийн оролцоотой эдийн засагтай байна гэсэн үг.
-Стратегийн ордуудын тоог нэмж төр тодорхой хувийг эзэмшинэ гэж яриад буй. Ингэснээр ямар үр дүн гарах вэ?
-Хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа ордод төр ямар нэгэн байдлаар хувь эзэмшвэл тэнд тодорхой хэмжээнд төрийг төлөөлсөн хүмүүс очиж ажиллана гэсэн үг. Энэ нь эргээд авлига, хулгай, үр ашиггүй байдлыг нэмэгдүүлнэ. Уг нь уул уурхайн бизнесийг ямар ч хувийн компани хийж чадаж байгаа. Үүнд төр орох ямар ч шаардлагагүй. Төр хангалттай татвараа аваад Баялгийн санд оруулаад, үлдсэн хэсгийг нь тухайн жилийнхээ төсөв буюу төрийн үйл ажиллагаанд ашиглаад явах хангалттай бололцоотой гэж харж байгаа. Манай улсад том хэмжээний хөрөнгө оруулагч татах уул уурхайн салбар, дэд бүтцийн салбар л байж магадгүй. Гэтэл энэ салбарууд дахь төрийн оролцоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гаднын ямар ч сайн хөрөнгө оруулагч хэзээ ч манай төртэй хамтарч ажиллаж бизнес хийхгүй. Төр зөвхөн бодлого, эрх зүйн орчныг нь хангадаг нөхцөл үүсвэл Монголын хувийн компаниудтай хамтраад хөрөнгө оруулалт хийх боломжтой. Хөрөнгө оруулагч татаж буй үндсэн салбаруудад төр хувь эзэмших хандлага нэмэгдвэл шинэ орд нээгдэнэ гэдэг хэцүү. Яагаад гэвэл тухайн хүмүүс хувийн зардлаараа хайгуулаа хийж олборлох, боловсруулах үйлдвэрээ барина. Хувийн зардлаа цаашаа тээвэрлэх дэд бүтцээ хийнэ. Энэ бүгдийнх нь 34-50 хувь нь ямар нэгэн хөрөнгө оруулаагүй талд очно гэвэл хөрөнгө оруулагч орж ирэх магадлал улам буурна. Том хөрөнгө оруулагчийн орон зайг хумьсан байгаа тохиолдолд бусад салбаруудад гаднын хөрөнгө оруулагч угаасаа орж ирэхгүй. Яагаад гэвэл иргэд нь орлогогүй, бизнес хийх бололцоогүй ийм улсад ямар ч хүн хөрөнгө оруулалт хийхгүй.
-Засгийн газар хэмнэлтийн горим руугаа шилжээд төрийн албан хаагчдыг цомхотгох ажил явуулж байгаагаа мэдэгдсэн. Энэ ажил үр дүнгээ өгч чадаж байна уу?
-Төрийн хэмнэлтийн хууль байнгын хэрэгжих ёстой. Ковид дууссан, эдийн засгийн нөхцөл байдал гайгүй болсон болохоор энэ хууль хүчингүй болж байгаа гэж зарим хүн буруу ойлгодог юм билээ. Тухайн хууль хүчинтэй хэрэгжсэн хэвээр байгаа. Гэхдээ шинэ 126 гишүүнтэй УИХ байгуулагдсан. Түүний үр дүнд бий болсон Засгийн газар бол бүтэц, орон тооны хувьд хэмнэлт хийгээгүй байгаа. Олон орон тоо, бүтцийг шинээр бий болгосон. Магадгүй хамтарсан засгийнхаа улс төрийн ач холбогдолтой хүмүүсийг бүгдийг нь ажилд аваад байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Олон нийт маш зөв асуудлыг хөндөж байна гэж харж байна. Татварын ачааллыг буулгая, татвар төлөгчдийн төлсөн татварыг үр ашигтай зүйлд зарцуулъя гэвэл төр бүтэц, орон тоогоо 2-3 дахин багасгах ёстой. Тэгж байж л үр дүн гарна.
quote photo
Хувийн хэвшлийнхэн, хувь хүмүүст өөр өөрийн амьдралаа аваад явах орон зайг нь төр олгож байж л хөгжинө. Түүнээс биш бүгдийг дээрээс шийдэх, зохион байгуулах гэдэг оролдлого бусад улс орны жишээ дээр амжилт авчирч байгаагүй
Р.Шинэгэрэл
- Та Хүн амын орлогын албан татварыг 1 хувь болгох саналыг гаргасан. Таны саналыг 100 мянган иргэн дэмжсэн учир УИХ-аар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварыг үнэхээр 1 хувьд хүргэх боломжтой юу. Та ямар үндэслэлээр энэхүү санаачилгыг гаргасан бэ?
-Монголын хувь хүний орлогын албан татвар нь 2-3 онцлогтой байна. Нэгдүгээрт, иргэн өөрийн нийт орлогоос төлж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө зардлыг хасагдаагүй дүнгээс төлдөг гэсэн үг. Тодруулбал, 2.5 сая төгрөгийн цалинтай иргэн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээрээ хоёр сая төгрөг авдаг. Хэрвээ тухайн хүний байрны зээл, бусад төлбөр хоёр сая төгрөгт сардаа хүрэхгүй бол тухайн хүн нэмж зээл авдаг. Өөрөөр хэлбэл, байнгын зээл өртэй явдаг гэсэн үг. Гэтэл дэлхийн зарим улс оронд амьдралынхаа нэн шаардлагатай зардлуудыг хасаад үлдсэн дүнгээс нь хувь хүний орлогын албан татвар төлдөг. Жишээлбэл, АНУ татварын буцаалт авдаг. Сүүлийн 10 жилийг харьцуулаад үзэхэд татварын орлого бараг 6 дахин өссөн. Гэтэл ажилчдын голч цалин гурав дахин өссөн байдаг. Тийм учраас маш их татварын дарамт байна.
Нөгөө талд нь төр татвар төлөгчдийн мөнгийг маш их үргүй зүйлд зарцуулж байна. Татвар буурвал төр зардлаа үр ашигтай зүйлд зарцуулна. Төсвийн орлого, зарлага гурван жилийн өмнө хоёр дахин өссөн. Гэтэл энэ хугацаанд иргэдийн орлого, цалин хоёр дахин өсөөгүй. Тиймээс энэ төрд хангалттай зардлаа танах, багасгах боломж байгаа. Иймд Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох боломжтой гэж харсан. Төсвөөс 2.5 их наяд төгрөг л хасагдана. Жишээ нь энэ жилийн төсвөөс тухайн дүнг хасахаар 31 их наяд төгрөг үлдэнэ. Гурван жилийн өмнө энэ мөнгөний талтай тэнцэх төсөвтэй байж болж байсан. Гэтэл өнөөдөр яагаад ийм их хэмжээний мөнгөөр болохгүй гэж вэ. Тийм учраас иргэдийнхээ гар дээр очиж байгаа орлогыг илүү нэмэгдүүлье гэсэн утгаар энэ санаачилгыг гаргасан. Ер нь сая орчим иргэд цалингаараа амьдардаг. Энэ цалингийн орлого нь хувь хүний орлогын албан татварын нийт бүрдлийн 81 орчим хувийг эзэлдэг. Тэгэхээр ихэнх хөнгөлөлт цалин дээр л очно.
-Энэ санаачилга амьдрал дээр хэрэгжвэл инфляцыг өдөөх эрсдэлтэй юү?
-Хөдөлмөрлөж олсон орлого инфляцад нөлөөлдөггүй. Хавтгайрсан халамж буюу хөдөлмөрлөөгүй байхад нь хүмүүст тараасан орлого инфляцад нөлөөлдөг. Хувь хүний орлогын татварыг багасгаад сар сардаа хуваагаад явбал их хэмжээний мөнгө биш. Төрийн их оролцоо, татаас, хөнгөлөлтүүд, нүсэр бүтцээ санхүүжүүлэх гээд хүчээр мөнгө хэвлэдэг ч юм уу. Төр өөрөө хууль батлаад инфляцтай уялдуулаад зардлаа нэмдэг нь инфляцад хүчтэй нөлөөлдөг. Нөгөө талд нь нийлүүлэлтийн буюу манай дэд бүтэц, зам харилцаа, боомтын асуудал шийдэгдээгүйгээс үүдэлтэй бараа бүтээгдэхүүний хомсдолоос шалтгаалж үнийн өсөлттэй байгаа.  
-Татвар бууруулах талаар ярьж эхлэхээр ихэвчлэн төсвийн орлого тасалдана, улс орон хэцүүднэ гэдэг. Ер нь манай орны төсвийн хэдэн хувийг татвар бүрдүүлдэг вэ?
-Нийт төсвийн 90 орчим хувийг олон төрлийн татвар бүрдүүлж буй. Бид энэ удаа зөвхөн Хувь хүний орлогын албан татварыг ярьж байгаа. Энэ төсвийн 8 орчим хувийг л эзэлдэг. Ийм хэмжээгээр төсөв буулгахад улсад ямар ч ачаалал гарахгүй. Манай төрийн бүтэц, тогтолцоо, одоо байгаа байдал  сайн жишээ биш. Магадгүй хамгийн муу жишээ. Энэ бүтэц, тогтолцоо, төрийн оролцоог 2-3 дахин багасгаж байж манай улсад бодит өөрчлөлт гарна. Эрх баригчдын зүгээс ярьж байгаа бидний угсарсан сайхан, арай гэж босгох гэж буй бүтэц  гэдэг зүйлтэй би хувьдаа бүрэн санал нийлдэггүй. Энэ бол жинхэнэ том дампуу, нүсэр, давхардсан, үрэлгэн, хэзээ ч хөгжил авчрахааргүй бүтэц.  Нэн даруй 2-3 дахин багасгах ёстой. Ингэж байж л энэ улсад хөгжил ирнэ. Хувийн хэвшлийнхэн, хувь хүмүүст өөр өөрийн амьдралаа аваад явах орон зайг нь төр олгож байж л хөгжинө. Түүнээс биш бүгдийг дээрээс шийдэх, зохион байгуулах гэдэг оролдлого бусад улс орны жишээ дээр амжилт авчирч байгаагүй. Иргэд өөр өөрсдийнхөө амьдралыг босгох гээд хичээсэн санаачилгууд илүү хөгжил, дэвшил авчирсан, улс орнуудыг амжилтад хүргэсэн байдаг. Гэтэл өнөөдөр манайд юм болгонд л бүтэц, орон тоо, хууль, түүнийгээ дагаад зардал гаргадаг.
-Төр татварын дарамтаа багасгахгүй бол цаашдаа ер нь яах вэ?
-Үнэнд гүйцэгдэнэ гэгчээр ямар нэгэн татварын өөрчлөлт, хуулийн шинэчлэл, цаашдаа төрийн бүтэц, үйл ажиллагаа, тогтолцооны шинэчлэл хийхээс аргагүй болоод байгаа. Энэ хэвээрээ илүү цаашаа явбал мухардалд орно, гарцгүй болно. Гадагшаа явж байгаа залуусын урсгал хэзээ ч зогсохгүй улам нэмэгдэнэ. Монгол Улсад ажил, бизнес хийх хүн олдохоо болино. Төр бол бүхнийг хийх боломжгүй, чадахгүй гэдгийг өнгөрсөн 70 жилд харсан.  Иймд эргэж буцаж ч ямар ч хэрэггүй. Тийм учраас эрт энэ асуудлуудаа сайн судлаад шийдэх шаардлагатай.
-Таны санаачилга хэрхэн шийдэгдэнэ гэж харж байгаа вэ?
⁃Сангийн яам вэб сайтдаа  Татварын багц хуулийн хуулийн төслийн шинэчлэлийг байршуулж олон нийтийн саналыг авч байгаа юм билээ. УИХ дээр ажлын хэсэг гарсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж байна. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт алслагдсан бүс нутгийн иргэдээс авах Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох хуулийн төслийг боловсруулж, өргөн барих гэж байна. Энэ бүх асуудлууд нийлээд л хаврын чуулганаар батлагдах ёстой. Татварын орчныг ямар байлгах талаар хэлэлцэх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн