Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

Хятад руу 100 сая тонн нүүрс экспортлох Монголын амбицад тулгарч буй сорилтууд

Хятад руу 100 сая тонн нүүрс экспортлох Монголын амбицад тулгарч буй сорилтууд
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 28
Монгол Улс 2025 онд БНХАУ руу 100 сая тонн нүүрс экспортлох амбицтай зорилт тавьсан. 2024 онд 83.7 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн нь ийм өндөр зорилт тавих үндэслэл болсон юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавьснаар экспортын хүчин чадал 30 сая тонноор нэмэгдэх боломж бүрдсэн. Гэсэн хэдий ч хил холболт бүрэн хийгдээгүй зэрэг шалтгаанаас Монголын экспорт удаашралтай байна. Мөн 2025 оны эхний улирлын байдлаар Хятадын нүүрсний зах зээлд гарч буй өөрчлөлтүүд Монголын экспортын боломж, орлогын төлөвт тодорхой эрсдэл дагуулж байна.
Хятадын нүүрсний импортын ерөнхий чиг хандлага
Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2025 оны I улиралд тус улс нийт 27.4 сая тонн металлургийн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 2 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ багахан өсөлт нь Канад болон АНУ-аас хийсэн импортын өсөлтөөр дэмжигдсэн бол Монголын нийлүүлэлтийн огцом бууралтаар саармагжжээ.
Импортын бууралтын гол шалтгаан нь дотоодын хэрэглээний сулрал, боомтын агуулахуудад хуримтлагдсан нөөц, дотоодын нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшинд хүрсэнтэй холбоотой юм. Ийм нөхцөлд Монголын нүүрсний эрэлт цаашид хэрхэн хадгалагдах нь тодорхойгүй байна.
Нүүрсний гол нийлүүлэгч орнуудын байр суурь
Монгол Улс Хятадын металлургийн нүүрсний хамгийн том нийлүүлэгчийн байр сууриа хадгалсаар байна. 2025 оны гуравдугаар сард Хятад улс нийт 8.4 сая тонн коксжих нүүрс импортолсны 51 хувийг Монгол Улсаас авчээ. Монголын дараа ОХУ (32%), Канад (10%), АНУ (2%), Австрали (2%) жагсаж байна. Эдгээр таван орон нийлээд Хятадын нийт коксжих нүүрсний импортын 98 хувийг бүрдүүлжээ.
Гэсэн хэдий ч Монголын нийлүүлэлт 2025 оны I улиралд 10.9 сая тонн болж, өмнөх жилийн мөн үеэс 20 хувиар буурсан байна. Үүний гол шалтгаан нь Монголын нүүрсний үнэ Хятадын дотоодын нүүрстэй өрсөлдөх чадваргүй болсон явдал байв. Харин гуравдугаар сард Монголын нүүрсний үнэ буурч, нийлүүлэлт хоёрдугаар сараас 40 хувиар өссөн нь зах зээлийн боломж сэргэсэн шинж юм.
Канад, АНУ зэрэг орнууд Хятад руу хийх нүүрсний экспортоо өсгөсөн боловч тэдний нийлүүлэлтийн хэмжээ Монголтой харьцуулахад бага хэвээр байна. Канадын экспорт I улиралд 62 хувиар өсөж, 2.9 сая тонн болсон бол АНУ-ын экспорт 44 хувиар өсч, 2.8 сая тоннд хүрсэн. Гэсэн ч АНУ-ын нүүрсэнд тавигдсан харилцан татварын нэмэгдэл гуравдугаар сард тэдний нийлүүлэлтийг огцом бууруулсан байна.
Мөн ОХУ гол нийлүүлэгч хэвээр үлдсэн бөгөөд I улиралд 8.1 сая тонн нүүрс нийлүүлж, өмнөх оныхоос 21 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Гэвч дөрөвдүгээр сараас нүүрсний үнэ буурсан нь Оросын уурхайчдад санхүүгийн алдагдал учруулж, нийлүүлэлт буурах нөхцөл үүсгэжээ.
2025 оны гуравдугаар сард Хятадын Оросоос хийсэн нүүрсний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар нэмэгдэж, 7.33 сая тонн болсон байна. Энэ өсөлт нь 2024 онд буурсан импортын дараах сэргэлт болжээ.
2025 оны нэгдүгээр сард нийтлэгдсэн тайлангуудаас харахад, Хятад дотоодын нүүрсний хэрэглээ тасралтгүй өсч байсан ч Оросоос хийж буй нүүрсний импортоо бууруулж, Австрали болон Монгол зэрэг бусад нийлүүлэгч рүү шилжиж эхэлжээ.
2024 онд Оросоос Хятад руу хийсэн нүүрсний экспорт өмнөх оноос бараг 7 хувиар буурсан гэж мэдээлсэн байна. Энэ нь Оросын нүүрсний салбарт дахин нэг том цохилт болсон бөгөөд тус салбар өмнө нь хэдэн тэрбумаар хэмжигдэх алдагдал хүлээж, олон компани дампуурч байв. Орос, Хятадын эдийн засгийн харилцаа тэлж буй ч Барууны хориг арга хэмжээнүүд нь хоёр улсын худалдаанд улам бүр ноцтой саад болж байгаа нь харагдаж байна.
Нүүрсний үнэ ба ирээдүйн төлөв
2024 онд Монголын нүүрсний экспортын дундаж үнэ 1 тонн тутамд 103 ам.доллар байсан бөгөөд төлөвлөсөн 115 ам.доллараас доогуур байв. 2025 оны төсөвт дундаж үнийг 105 ам.доллар гэж тооцсон боловч бодит байдал дээр нүүрсний үнэ 2025 оны эхэнд огцом буурсан. Тухайлбал, 2024 оны 11-р сард тонн тутамд 141 ам.доллар байсан үнэ 2025 оны эхэнд 104.75 ам.доллар болж унажээ.
Дэлхийн Банк 2025 онд нүүрсний үнэ 12-13 хувиар дахин буурахыг таамаглаж байгаа бөгөөд үнэ тонн тутамд 70-80 ам.доллар орчим тогтворжих төлөвтэй байна. Ийм нөхцөлд Монгол Улс 100 сая тонн нүүрс экспортолж чадсан ч, нэгж үнэ унасан учраас нийт орлого өмнөх жилийн түвшинд хүрэх магадлал тун бага байна.
Монгол Улс 2025 онд нүүрсний экспортоо 100 сая тоннд хүргэх боломжтой дэд бүтцийн чадамжтай болсон боловч олон улсын болон Хятадын нүүрсний зах зээлд үүссэн шинэ нөхцөл байдлууд энэ зорилтыг биелүүлэхэд хүндрэл учруулж байна.
Хятадын нүүрсний импортын хэмжээ тогтвортой бус, дотоодын үнэ буурсан, гадны нийлүүлэгчид нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлс Монголын нүүрсний үнэ, борлуулалтад сөргөөр нөлөөлөх төлөвтэй.
Иймээс Монгол Улс зөвхөн экспортын тоо хэмжээнд бус, нүүрсний чанар, өрсөлдөх үнэ, ложистикийн үр ашиг зэрэг хүчин зүйлсийг сайтар тооцож, стратегиа илүү нарийн боловсруулж байж зорилтоо бүрэн биелүүлэх боломжтой юм. Хэдий экспортын хэмжээг нэмэгдүүлж чадлаа ч, нүүрсний нэгж үнэ буурч, нийт орлого өмнөх жилтэй харьцуулахад буурах магадлал өндөр байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн