Хүн төрөлхтөн дэлхийг гэрээ гэж суурьшсан амьд биесийн зөвхөн нэг хэсэг нь. Бидэнтэй хамт тоолж баршгүй ан амьтад, ургамал ногоо, амьд оршихуй зэрэгцэн оршиж байна. Гэвч хүмүүсийн галыг нь ноцоосон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган, зуд, үер, хар салхи зэрэг гамшгийн давтамж, тархац, хор хохирол жил ирэх тусам хүрээгээ тэлж, дэлхий дээрх бүхий л оршихуйд аюул учруулах боллоо.
Тэр дундаа дэлхийн өнцөг булан бүрт байгаа малчид, тариаланчид, фермерүүдийн амьжиргаанд ноцтой аюул учруулах болсон нь өнөөдрийн жишээ, маргаашийн сэрэмжлүүлгээс тодхон харагдана. Нүүдлийн мал аж ахуйг түшиглэн амьдардаг малчдын хувьд энэ асуудал чихнийхээ хажуугаар тоолгүй өнгөрөөх асуудал огтоос биш. Үүнийг ч бид өнгөрсөн онуудын олон олон жишээгээр мэдэж авсан.
ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд: 1990 онд нэгдлийн мал хувьчлагдаж, малчид малынхаа тоо толгойг өсгөх чиглэлд түлхүү анхаарах болсон. Гэвч 2000, 2010 оны зуд болон сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, зудын давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор малын зүй бус хорогдол ихэссэн. Жишээлбэл, 2018 онд 2.6 сая, 2020 онд 2 сая, 2021 онд 3 сая, 2023 онд 4.9 сая, 2024 онд 9.4 сая толгой мал хорогдсон.
Сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 14 сая гаруй толгой мал зүй бусаар хорогдсон байна. Харин 2010 оны зудын үеэр оны эхний малын 23.4 хувь буюу 10 сая толгой мал хорогдож байсан нь Монгол Улсын түүхэнд хамгийн их хорогдолтой жил болж бүртгэгдсэн юм.
Өнгөрсөн онд мал хорогдол хамгийн их бүртгэгдсэн аймагт Сүхбаатар, Хэнтий, Архангай, Төв, Дорноговь гэсэн аймгууд багтаж байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Харин энэ оны эхний улирлын байдлаар малын хорогдол өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй буурч, нийт 83.8 мянган толгой мал хорогдсон үзүүлэлттэй байна.
Тоо баримт, статистик мэдээллээс цухас сонордоход л энэ мэт муу мэдээ биднийг угтаж байна. Ийнхүү мал сүрэг олноороо зүй бусаар хорогдож, малчид эд хөрөнгө, бие сэтгэлийн хувьд ихээхэн хохирч байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор нэмэгдэж буй байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн үр дагавар юм. Байгалийн жам ёсны аюулт үзэгдлүүд хэзээд оршсоор ирсэн ч энэ цаг үед энгийн байх хэмжээнээсээ хэд дахин илүү нүүрлэх болжээ.
Бэлчээр доройтлын цаадах шалтгаан ба бидний хийх ёстой алхмууд
Монголын тал нутгийн уудам бэлчээр бол монголчуудын амьдрал, соёл, эдийн засгийн тулгуур багана билээ. Мал аж ахуй хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг бүрдүүлж, нийт хүн амын гуравны нэг орчим нь нүүдлийн мал аж ахуйгаар амьжиргаагаа залгуулж байна.
Гэсэн ч өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай ашиглалт зэргээс үүдэн бидний итгэлт хөрст дэлхий доройтож, гамшигт өртөмтгий болсоор байна. Гэнэтийн аюулын хажуугаар гэтэж ирдэг аюул нь бэлчээрийн доройтол, цөлжилт болоод буй. Бэлчээр доройтвол үер, ган, зуд, түймэр зэрэг байгалийн гамшиг дагаад ирдэг нь нууц биш. Тэгвэл энэ бүхний эсрэг тэмцэх хамгийн ухаалаг, байгалийн арга нь бэлчээрээ нөхөн сэргээж, зөв зохистой ашиглах юм.
Сүүлийн 30 жилийн хугацаанд малын тоо толгой огцом өссөнөөр бэлчээрийн экологийн чадавхийг хэтрүүлэн ашиглах үзэгдэл газар авч, үүний үр дүнд хээрийн экосистем доройтож, цөлжилт гүнзгийрэх нөхцөл бүрдсэнийг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт С.Цогтгэрэл гуай нэгэнтээ:
"Манай орны бэлчээр уудам дэлгэр, олон төрлийн өвс ургамалтай. Ингэхлээр бэлчээр бол бидний гарт байгаа шавхагдашгүй их нөөц баялаг. Гэхдээ энэ их нөөц баялгаа хайрлан, зөв зохистой ашиглах явдал их чухал. Хамгийн эхлээд бэлчээрийг зөв ашиглах төлөвлөгөө боловсруулж, отор нүүдлийн зам гаргаж, хуваарь хийнэ. Тэгснээрээ бэлчээрийг тодорхой судалгаатай ашиглах боломж бүрддэг. Бэлчээрийг зөв ашиглаж сурна гэдэг нь, газар ус, өвс ургамлаа хайрлан хямгадах, эх орныхоо нөөц баялгийг ариг гамтай ашиглаж, малаа жилийн дөрвөн улиралд идэш тэжээлтэй байлгана гэсэн үг” хэмээн захиж хэлж байжээ.
Бэлчээрийн бүтэц, бүрэлдэхүүн үндсээрээ өөрчлөгдөж, агь шарилж зэрэг талхлагдлыг илэрхийлэгч ургамлууд зонхилсон, нэгж талбайд байх ургамлын тоо эрс цөөрч, шингэрсэн, мал иддэг ургамал бараг байхгүй болсон бэлчээрийг "Доройтсон бэлчээр" хэмээн нэрлэдэг.
Монгол орны бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж тодорхой хэмжээгээр доройтсон.

Эх сурвалж: Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
Монгол Улсын ихэнх хэсэгт, ялангуяа хойд болон төвийн хэсгүүдэд бэлчээрийн төлөв байдал тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн нь дээрх зураг дээр илхэн харагдана. Төв суурин газруудтай ойрхон газар бэлчээрийн доройтол илүү тод ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч нэгэнт өөрчлөгдөж, доройтсон бэлчээр гээд тэр чигт нь хаявал ирээдүйгээ өөрсдөө баллаж байгаа хэрэг болох нь дамжиггүй.
Учир нь доройтсон бэлчээрийн 90 хувь нь 10 хүртэл жилийн хугацаанд сэргэх боломжтой.

Эх сурвалж: Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан
Дээрх зураг дээр харагдаж байгаачлан манай улсын хувьд Түвшин 1 буюу соргог байдал 62 хувьтай давамгайлж байна. Энэ түвшний өөрчлөлт нь 1-3 жилд сэргэх боломжтой. Харин 25 хувийг эзэлж буй бага зэрэг өөрчлөгдсөн төлөв байдал нь 3-5 жилд сэргэдэг байна.
Бэлчээр сэргэг байх үед ус хөрсөнд хурдан шингэж, үер буух магадлал буурах бөгөөд ганд тэсвэртэй экосистем өөрөө бий болдог. Мал сүрэг тэжээлийн хомсдолд орохгүй тул зудын хор хөнөөл ч мэдэгдэхүйц багасна. Мөн эрүүл бэлчээр дээр илүүдэл шатамхай ургамал хуримтлагдахгүй учраас ой хээрийн түймрийн эрсдэл ч буурах ашиг тустай юм.
Харин доройтсон бэлчээртэй газар нутаг ганд мэдрэмтгий, салхи шуурганд өртөмтгий болдог. Ингэснээр хөрс нимгэрч, амьдралын эх үндэс болох шим тэжээл ч алдагдах нь бий. Үр дүнд нь байгаль хамгаалалтын арга хэмжээ авч амжаагүй нутагт гамшиг ар араасаа залган ирэх нь дамжиггүй.
Монгол орны өнөөгийн нөхцөлд малын тоо өссөнөөр бэлчээрийн даац хэд дахин давж, ургамлын төрөл зүйл багасч, хөрс доройтон, бэлчээр сэргэх боломж буурсаар байна. Бэлчээрийн даацын хэтрэлт гэдэг нь 1 га бэлчээрт байх ёстой малаас илүү тооны мал бэлчээрлэхийг хэлдэг. Бэлчээрийг доройтуулахаас сэргийлэх хамгийн энгийн арга нь ургацын талыг ашиглаж, нөгөө талыг үлдээж нөхөн сэргээлтэд боломж олгох явдал юм. Ингэхдээ ургамлын 50 хувийг малын тэжээлд, 50 хувийг хөрсөнд үлдээж, ургамалд төлжин ургах боломж олгодог байна.

Эх сурвалж: "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бэлчээрийн тогтвортой менежмент” сэдэвт сургалтын материал
Бэлчээр, хадлангийн газрыг доройтлоос хамгаалах хамгийн найдвартай арга нь сэлгээ ажээ. Бэлчээрийн доройтлыг бууруулахын тулд малчид, ард иргэд жил бүр нэг газрыг нэг хугацаанд давтаж ашиглахгүй байх, эрчимтэй ашигласан бол дараа жил хөнгөн ашиглах, бэлчээр доройтсон шинж төлөв ажиглагдсан бол малын хөлөөс чөлөөлж амраах хэрэгтэй. Бэлчээрийн ургамалд 2-3 жилд нэг удаа ч болов үрээ гөвөх боломж олгохыг мэргэжилтнүүд сануулж байна.
Бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааны нэг нь бэлчээрийг малчид нийтээрээ дундаа ашиглах болсноор хариуцлага хүлээх эзэнгүй болсонд оршино. Үүнийг зохицуулахын тулд бэлчээрийг эзэнжүүлэх, ашиглалтад нь тодорхой хариуцлага тооцох эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжүүдийн удирдлага бэлчээрийн нөөцийг хамгаалах, доройтлоос сэргийлэх цогц менежментийн арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Энэ хүрээнд хэрэгжүүлж буй ажил юу байна вэ?
Өнөөдөр малчид, хоршоод, төрийн байгууллагууд хамтран бэлчээрээ хамгаалах шинэ хандлагыг төлөвшүүлж эхэлжээ. Малчдын хэсэг, бүлгийн хүрээнд гэрээт ашиглалт хийж, сэлгээ нүүдлийг зохицуулан, үр дүнгийн хариуцлагыг тооцох боломж бүрдэж байна. Бэлчээрийг сайжруулж, нөхөн сэргээсэн тохиолдолд урамшуулал олгох механизмыг хэрэгжүүлж байгаа нь мөн сайн жишээ юм.
“Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”
Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтэд тусгагдсан сум тус бүр бэлчээр ашиглах журам, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах гэсэн заалтыг үндэслэн аймаг, сумдыг “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-тай болгох, хэрэгжүүлэх ажил үргэлжилсээр байна. 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 8 аймгийн 19 сум, 1 аймаг “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төслийг сум тус бүрийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулжээ. Тэгвэл 2022 онд шинээр 24 сум нэмэгдсэн байна.
Хот айлын бэлчээрийн даац, өдрийн хуваарь, бэлчээрлэлтийн эрчмийг тааруулах /алсын, ойрын, нөмөр дулаан, нөөц гэж хуваан сэлгээтэй ашиглах/;
Хот айлд байх малын тооны хязгаар, малын төрөл тоо, сүргийн бүтцийг тохируулах;
Малын илүү хөдөлгөөнийг хязгаарлах /мал бэлчээрлэх хотлох хугацаа, адууг хашаалах, нойтон үед мал бэлчээхгүй байх, малыг нэг замаар бэлчээрт хүргэж байх/;
Бэлчээр сонгох /үхэр болон бог маын бэлчээр тусдаа байх, ойт хээрийн бүсэд үхрийг чийглэг хөндий нугад, бог малыг уулын энгэр ээвэр газар бэлчээх, малыг хэт өлсгөхгүй байх/ зэрэг шүүдлүүдийг тусгажээ.
Хэсэг, бүлгийн зохион байгуулалтыг бэхжүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, бэлчээрийн менежментийг хамтын удирдлагаар хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлэх үүднээс "Бэлчээр ашиглалтын гэрээ"-г байгуулж байна. Одоогоор гэрээгээр ашиглаж буй бэлчээрийн талбай 50.8 сая га байгаа бол бэлчээрийн гэрээнд 46.6 мянган хүн хамрагдаад байна.
Уг гэрээнээс гарч буй эерэг үр дүнгүүд
Цөлжилтийг сааруулах, нүүдлийн соёл иргэншлийг хадгалж үлдэх боломж бүрдэж байна.
Орон нутгийн түвшинд бэлчээрийн менежмент хэрэгжиж, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах нөхцөл бүрдэж байна.
Бэлчээрийг мэдлэгт суурилсан төлөвлөгөөтэйгээр ашиглах, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэв.
Төрийн байгууллагуудын үүрэг хариуцлага тодорхой болж, малчид, тариаланчид болон уул уурхайн салбарын хоорондын зөрчил буурч байна.
Бэлчээрийг нөхөн сэргээх, зөв менежмент хийх нь дан ганц малчдын ашиг сонирхлыг хамгаалаад зогсохгүй, улс орны хэмжээнд байгалийн гамшгийг багасгах урт хугацааны баталгаа болдог. Жишээлбэл, улиралчилсан нүүдлийг хэвшүүлэх, бэлчээрт амралт өгөх, нөхөн тарилт хийх зэрэг арга замуудыг хэрэгжүүлснээр бид газар эхдээ амьсгалах боломж олгож байна гэсэн үг.
Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх нь хадлангийн газрыг тордох, талбайг цэвэрлэх, тэгшлэх, цас тогтоох, үерийн хуурай сайрыг ашиглах зэрэг аргаар үр дүнтэй хийгдэж байна. Мөн таримал бэлчээр байгуулах туршлагыг өргөжүүлснээр бэлчээрийн үр ашиг, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
Гэвч бэлчээрийн тулгамдсан асуудлууд зөвхөн малчдын хүчин чармайлтаар шийдэгдэх боломжгүй. Сайн хажуугаар саар гэдэг шиг хууль эрх зүйн зохицуулалт байгаа ч хэрэгжилт сул, хувийн ашиг сонирхлын зөрчил ихсэж, уламжлалт хамтын зохион байгуулалт алдагдаж буй нь малчдын амьжиргааны асуудлыг хүндрүүлж байна.
Малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, малын тоо бус чанарт анхаарч, цахим мэдээлэл ашиглан цаг уур, бэлчээрийн нөхцөлийг бодитоор үнэлж, оновчтой шийдвэр гаргах чадварт суралцаж байна. Хоршоод хамтын нөөц бүрдүүлж, санхүүгийн дэмжлэг олгож, сургалт, зөвлөгөөгөөр дамжуулан малчдын чадавхыг нэмэгдүүлж байгаа бол төрийн байгууллагууд гамшгийн эрт сэрэмжлүүлэг түгээж, малын индексжүүлсэн даатгалаар дамжуулан эрсдэлийг бууруулах, бэлчээрийн нөхцөл байдлыг сансрын зургаар хянах зэрэг дэвшилтэт арга хэрэгжүүлж байна. Харин хувийн хэвшлийнхэн инновацын шийдэл, ногоон хөрөнгө оруулалтаар байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжиж, орон нутгийн удирдлагууд эрсдэлийн үнэлгээ хийж, иргэдийн оролцоог хангахыг зорьж байгаа нь сайшаалтай.
Бэлчээрийн менежментийн олон улсын сайн туршлага
Олон улсад бэлчээрийн доройтлыг бууруулах, тогтвортой ашиглалтыг дэмжих, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх чиглэлээр олон төрлийн сайн туршлагыг хэрэгжүүлж байна. Эдгээр туршлагуудаас танилцуулбал:
Эргэлтийн бэлчээр ашиглалтын систем + Бэлчээрийн мониторинг ба менежментийн төлөвлөгөө + Агроойжуулалт ба ойт бэлчээрийн системүүд
Бэлчээрийг нөхөн үрслүүлэх ба хөрс сайжруулах ажил + Олон нийтийн хамтын бэлчээрийн менежмент + Бэлчээрээс үзүүлж буй экосистемийн үйлчилгээг үнэлж, экосистемийн үйлчилгээний төлбөр (PES) олгох тогтолцоо
Бэлчээрийн тогтвортой менежментэд бодлого, эрх зүйн дэмжлэг чухал үүрэгтэй. Европын Холбооны орнууд Хөдөө аж ахуйн нийтлэг бодлогын хүрээнд тогтвортой бэлчээр ашиглалтыг дэмжиж, байгаль хамгааллын хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй. Мөн уламжлалт бэлчээрийн эрхийг хуулиар хамгаалах, газрын маргааныг бууруулах арга хэмжээ авч байна.
Эдгээр сайн туршлагыг хуваалцаж, нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх нь тогтвортой, үр ашигтай, уян хатан бэлчээрийн систем рүү урагшлах чухал алхам болох юм.
Монгол Улсад ямар сайн туршлагууд хэрэгжиж байна вэ
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын гамшгийн эрсдэлийг бууруулах, дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх зорилготой АДАПТ төсөл Монгол Улсад олон талт үр дүнтэй ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Уг төслийг Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгуудад хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаануудыг эргэн харвал үндэсний болон орон нутгийн түвшинд уур амьсгалын нөлөөлөлд тэсвэртэй хөгжлийг дэмжихэд бодит ахиц гарсан нь тод харагдана.
Юун түрүүнд цаг уурын эрсдэлийг илүү үр дүнтэй удирдах, эрт зарлан мэдээлэх тогтолцоог сайжруулах зорилгоор “Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ (IBF)” гаргах аргачлалыг боловсруулан судалсан нь онцлох ажил юм. Уламжлалт сэрэмжлүүлгийн мэдээнээс ялгаатай нь, IBF аргачлал нь цаг уурын аюулын үр нөлөөг тодорхойлох, хохирлыг тооцоолох боломжийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь гамшгийн эрсдэлийг урьдчилан бууруулахад чухал хувь нэмэр оруулж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийг нарийвчлан тооцоолох, улирлын болон урт хугацааны төсөөллийг гаргах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор өндөр хүчин чадалтай суперкомпьютерийг худалдан авч, ашиглалтад оруулсан явдал АДАПТ төслийн бас нэгэн томоохон амжилт байв. Энэхүү шинэ суперкомпьютерийн тусламжтайгаар Монгол Улсын цаг уурын урьдчилсан мэдээний нарийвчлал, хүртээмж үлэмж сайжрах боломжтой болох юм.
Мөн бэлчээрийн даацад нийцсэн хариуцлагатай ашиглалтыг дэмжих зорилгоор 92 Нөөц Ашиглалтын Гэрээг байгуулж, бэлчээр ашиглалтад хяналт тавих тогтолцоог орон нутгийн түвшинд нэвтрүүлжээ. Төсөлд хамрагдсан малчдын бүлгүүдийн хувьд бэлчээрийн даац хэтрэлт 4.6 хувиар буурсан нь АДАПТ төслийн үр дүнг тод харуулж байна.
Уур амьсгалын эрсдэлд өртөмтгий бүс нутагт татмын ой нөхөн сэргээх, отрын бүс нутгийн хадлангийн газрыг хамгаалах, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлуудыг өргөн хүрээнд хэрэгжүүлсэн. Тухайлбал, нийт 1,604 га талбайд ойжуулалт, 3,000 гаруй га талбайд бэлчээрийн менежментийн арга хэмжээ хэрэгжүүлж, өвс, тэжээлийн 45 агуулахыг байгуулсан нь уур амьсгалын цочирдолд малчдын амьжиргааг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Түүнчлэн хадлангийн болон нөөц бэлчээрийн газар хамгаалах, нөхөн сэргээх ажиллагаа нь малчдын хүндрэлтэй улиралд тэсэж үлдэх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой байлаа. Нийт 290 га газарт хадлан тэжээлийн нөөц газар байгуулагдсан бөгөөд энэ нь малчдын амьжиргааны тогтвортой байдлыг хангахад бодит дэмжлэг болсон.
Нийт дүнгээр авч үзвэл АДАПТ төсөл нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, байгаль орчин, мал аж ахуй, гамшгийн эрсдэлийн удирдлагын салбарт бодит өөрчлөлт авчирч буй амжилттай төслүүдийн нэг болж чаджээ.
Ийнхүү Монголын малчид, төр, хувийн хэвшил, олон улсын санхүүжилттэй төсөл хөтөлбөр, орон нутгийн байгууллагууд нэгдэж уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сорилтод хариу өгөх шинэ боломжуудыг нээсээр байна.
Бэлчээр гэдэг нь дан ганц мал сүргийн идэш тэжээл биш, харин байгалийн гамшгийн эсрэг бамбай болох хүчтэй зэвсэг гэдгийг та бид ойлгох хэрэгтэй. Тиймээс бэлчээрээ хамгаалж, сэргээн сайжруулах нь Монгол орны ирээдүйн баталгаа болох юм.
Энэхүү бүтээлийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд бүтээв.