Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Х.Булгантуяа: Засгийн газрын авто бааз хувийн хэвшилтэй өрсөлдөж, сурталчилгаа хийж болохгүй

Х.Булгантуяа: Засгийн газрын авто бааз хувийн хэвшилтэй өрсөлдөж, сурталчилгаа хийж болохгүй
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 19
Засгийн газрын авто бааз нь төрийн үйлчилгээний ажлыг тасралтгүй, найдвартай, хурдан шуурхай хүргэх үүрэгтэй байгууллага юм. Тус байгууллага нь төрийн өмчийн хөрөнгөөр хувийн хэвшилтэй өрсөлдөх зорилготой сурталчилгаа явуулж эхэлснээр олон нийтийн дунд маргаан, шүүмжлэл дагуулаад байна.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Засгийн газрын авто баазын үйл ажиллагааны анхны хөрөнгө оруулалт татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн нь зарчмын хувьд буруу. Хэрвээ энэ байгууллага төрийн өмчит компанийн зарчмаар ажиллах гэж байгаа бол хамгийн түрүүнд машин болон жолоочийнхоо тоог цөөлөх шаардлагатай. Өмнө нь төрийн байгууллагууд тус бүрдээ автомашинтай байхыг хориглож, нэгтгэн зохицуулах шийдвэр гарсан. Ингэснээр яам, агентлагууд автомашины түрээсийн зардлыг өөрсдийн төсвөөс гаргаж, авто баазаас түрээслэх зохицуулалт хийсэн. Үүний үр дүнд авто бааз өөрийн орлогоор үйл ажиллагаагаа санхүүжүүлж, урсгал зардлаа даах нөхцөл байдал үүссэн. Цаашлаад UB Cab шиг захиалгаар орлого олдог хэлбэр рүү шилжих зорилт тавьж байсан.
Гэвч өнөөгийн нөхцөлд иргэдийн дунд төрийн байгууллагууд өөрсдөө автомашинтай болж, авто баазын үйлчилгээг ашиглахаа больж байгаа юм уу гэх эргэлзээ үүсээд байна. Үүний улмаас авто бааз ашгаа олохын тулд хувийн хэвшилтэй өрсөлдөх байдлаар ажиллаж, зар сурталчилгаа хийх болсон нь маргаан дагуулж байна. Төрийн байгууллагууд дундын хэрэглээндээ зориулан олон машинтай байх нь үр ашиггүй. Байнгын хэрэглээ шаардлагагүй том оврын машинуудыг хадгалж байхын оронд шаардлагатай үед авто баазаас түрээслэх нь зүйтэй. Хэрэв авто баазын автомашинуудын чанар, хүртээмж хангалтгүй байвал байгууллагууд чанартайг нь сонгож, тааруу машинууд үлддэг нь ч асуудал үүсгэж байна.
Тиймээс төрийн өмчит энэ байгууллага хувийн хэвшилтэй өрсөлдөх нөхцөлд орж, зар сурталчилгаа хийх хэмжээнд хүрсэн бол зохистой хэмнэлтийн бодлого баримтлан, автомашин болон жолоочийн тоог цөөлөх шаардлагатай. Түүнчлэн ирээдүйд шинээр автомашин худалдан авах гэж байгаа бол энэ нь татвар төлөгчдийн мөнгөөр бус, байгууллагын өөрийн орлогоос санхүүжигдэх ёстой юм.
undefined
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Төрийн болон орон нутгийн өмчит 800 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх бодлогыг баримтлахгүй. Өмнөх засгийн газрын үед “Засгийн газрын авто бааз”-ыг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын статустай болгож, өөрсдийн орлогоор үйл ажиллагаа, цалингаа санхүүжүүлэх шаардлагыг тавьсан байдаг. Тухайн байгууллага энэ өөрчлөлтөд бэлтгэлгүй байсан тул хүндрэл үүссэн юм.
Цаашид зөвхөн авто бааз төдийгүй, хэд хэдэн төрийн байгууллагын аж ахуйн тооцоот статуст өөрчлөлт оруулж, төрөөс тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх зохицуулалт хийх болно. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг хоёр ангилалд хуваана.
1. Аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг байгууллага
2. Нийтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага хэмээн ялгаж, нийтийн үйлчилгээний байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн үндсийг “Нийтийн өмчийн тухай хууль”-иар тодорхой болгохоор ажиллаж байгаа.
Тус хууль батлагдсанаар төрийн өмчит байгууллагуудын чиг үүрэг, санхүүжилтийн асуудал, хувийн хэвшилтэй харьцах хэм хэмжээ илүү тодорхой, ойлгомжтой болох болно.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн