Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

Америк-Хятадын хамгийн өндөр харилцан тариф ногдуулсан бараа бүтээгдэхүүнүүд

Америк-Хятадын хамгийн өндөр харилцан тариф ногдуулсан бараа бүтээгдэхүүнүүд
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 15
АНУ ба БНХАУ-ын хооронд эрчимжиж буй худалдааны дайн Хятадын ханган нийлүүлэгчдэд найдаж ажилладаг Америкийн компаниудад том цохилт, мөн тодорхойгүй байдлыг үүсгээд байна. Сүүлийн өдрүүдэд хоёр орны ногдуулсан тарифууд харилцан импортын бараанд маш өндөр татвар ногдуулж байгаа бөгөөд зарим тохиолдолд татвар нь тухайн барааны үнийн дүнгээс ч илүү гарч байна.
Гэсэн хэдий ч байнга өөрчлөгдөж буй худалдааны дүрмүүдийн улмаас бүх бараанд ижил өндөр тариф ногдуулахгүй гэж худалдааны хуульчид, гаалийн зуучлагчид, импортлогчид үзэж байгаа аж. Зарим тохиолдолд нэг төрлийн тариф дээр өөр тариф нэмэгдэнэ. Харин зарим тохиолдолд татвар буурах, эсвэл шинээр тавигдсан татварыг тэнцвэржүүлж, үр дүнгүй болгох боломжтой юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон 125 хувийн тариф ихэнх тохиолдолд урьд өмнө тогтоогдсон гаалийн татварууд дээр нэмэгдэнэ. Татварын хувь хэмжээ нь яг ямар бараа импортоор орж ирж байгаа, ямар материал ашигласан (хаанаас), ямар онцгой тариф хэрэгжиж байгаа болон ямар бараа чөлөөлөгдөж байгаагаас хамаарна.
Хамгийн өндөр тариф ногдож буй АНУ руу экспортолдог Хятадын бараа бүтээгдэхүүнүүд
Тарилга, зүү - 245 хувийн тариф
Тарилга болон зүү нь хамгийн өндөр тарифын дүнд хамрагдаж байгаа бараануудын нэг юм. Эдгээр барааг Трамп анхны засаг захиргааны үедээ анх онилж, дараа нь Байдены үед нэмэлт татвартай болсон. Байден өнгөрсөн есдүгээр сард эдгээрт 100 хувийн тариф ногдуулсан нь Америкийн үйлдвэрүүдийг хамгаалах, Хятадад хатуу байр суурьтай байгаагаа харуулах зорилготой байв.
Хятадын ижил төрлийн бараанд 7.5–100 хувь хүртэлх тариф ногдуулдаг бөгөөд үүнд хувцас, нарны зайн хавтан, цахилгаан машин зэрэг Америкийн компаниудын зардаг үнээс хэт хямд үнээр нийлүүлэгдэж буй бараа бүтээгдэхүүнүүд ордог.
Ухаалаг гар утас - 20 хувийн тариф
2024 онд АНУ ойролцоогоор 52 тэрбум ам.долларын ухаалаг гар утас импортолсон бөгөөд түүний 80 гаруй хувь нь Хятадаас иржээ. Эхэндээ эдгээр утсанд 145 хувийн татвар ногдуулж байсан ч өнгөрсөн баасан гаригт гарсан гаалийн заавраар зөөврийн компьютер болон ухаалаг гар утсыг Хятадын ихэнх бараанд ногдуулах 125 хувийн “харилцан” тарифаас чөлөөлсөн. Гэсэн ч энэ оны эхээр тогтоосон шинэ импортын татварууд эдгээр төхөөрөмжид үргэлжлэн үйлчилж байгаа.
Тоглоом - 145 хувийн тариф
АНУ-д импортлогдож буй тоглоомын 75 хувиас илүүг Хятад нийлүүлж байгаа нь Хятадыг АНУ-ын тоглоомын хамгийн том нийлүүлэгч болгож байна. Өмнө нь дугуй, зөөлөн тоглоом, хүүхэлдэй, эвлүүлдэг тоглоом зэрэг бараа татваргүй орж ирдэг байв. Харин одоо эдгээр бүх бараанд 145 хувийн импортын татвар ногдуулж байна. Үүний улмаас жижиглэнгийн үнэ эрс нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Ноосон цамц - 168,5 хувийн тариф
Зарим бараанд гарал үүсэл хамаарахгүйгээр ангилал тус бүрд зориулсан татвар ногдуулдаг. Ноосон цамцанд энэ нь 16 хувь. Түүнчлэн Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд тогтоосон нэмэлт тарифт хамрагдаж байв. 2024 онд АНУ-д Хятадаас ирсэн 170 сая ам.долларын ноосон цамцанд дунджаар 24 хувийн татвар ногдуулсан нь тухайн үедээ өндөрт тооцогдож байлаа.
Харин энэ хоёрдугаар сард Хятадаас АНУ руу фентанил оруулж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор тавьсан тариф болон шинэ “харилцан” татваруудын нөлөөгөөр ноосон цамцны импортын татвар мэдэгдэхүйц нэмэгдсэн.
Хөнгөн цагаан сандал - 70 хувийн тариф
Трамп 2025 оны гуравдугаар сард гадаадын бүх төмөр, хөнгөн цагаан эд ангиудад 25 хувийн татвар ногдуулахаасаа өмнө Хятадын зарим металл импортод татвар ногдуулсан байсан. Үүнийгээ дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилготой арга хэмжээний нэг гэж тайлбарлаж байв. Харин шинэ тарифууд зөвхөн ган, хөнгөн цагаан биш, эдгээрийг агуулсан бүтээгдэхүүнүүдийг ч хамарсан бөгөөд татварын хамрах хүрээг эрс тэлжээ.
АНУ ихэнх металлыг Канад зэрэг бусад орнуудаас авдаг ч, Хятадаас металл эд анги агуулсан олон бүтээгдэхүүн нийлүүлдэг.
Гэсэн хэдий ч хөнгөн цагаан, ган бүтээгдэхүүнүүдийг энэ долоо хоногийн “харилцан” тарифаас чөлөөлсөн тул эдгээр бараанд ногдуулах нийт татварын хувь бусад бараатай харьцуулахад харьцангуй бага болж байна.
Хятад улс ч АНУ-аас орж ирж буй импортын бараанд харилцан 125 хувийн тариф ногдуулаад байна. Энэ арга хэмжээ нь АНУ-ын Хятадын бараанд тавьсан 145 хувийн тарифын эсрэг авч буй хариу үйлдэл юм.
АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн Газрын мэдээлснээр 2024 онд АНУ Хятад руу нийт 144 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Үүний 125 тэрбум ам.доллар нь тус улсад ургуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан бараа байсан бол үлдсэн хэсэг нь гадаадаас оруулж ирээд дахин Хятад руу нийлүүлсэн бараа байжээ.
Хятадын татварын эсрэг арга хэмжээний нөлөөнд орох АНУ-ын гол бүтээгдэхүүнүүдэд дараах зүйлс багтаж байна.
Үр тариа, үр, жимс
2024 онд АНУ-аас Хятад руу 13.35 тэрбум ам.долларын үр тариа, жимсний төрлийн бүтээгдэхүүн экспортолсон. Уг ангилалд шар буурцаг, улаан буудай, эрдэнэ шиш зэрэг ургамал, хүнсний болон малын тэжээлийн зориулалттай бүтээгдэхүүнүүд багтана. Хятадын хариу тарифаар хамгийн их өртдөг салбаруудын нэг бөгөөд АНУ–Хятадын худалдааны яриа хэлэлцээний үед гол хөзөр болдог.
Нисэх онгоцны эд анги – 10.2 тэрбум ам.доллар
2024 онд АНУ-аас Хятад руу 10.2 тэрбум ам.долларын нисэх онгоцны эд анги экспортолсон. Арилжааны нисэх онгоцны сэлбэг, засвар үйлчилгээний эд анги, агаарын тээврийн системүүдийг хамарна. Улс төрийн хурцадмал байдалтай байсан ч Хятадын агаарын тээврийн салбарын АНУ-ын технологид хамаарал ихтэй тул энэ салбар хариу тарифт бага өртсөн.
Цахилгаан төхөөрөмж, телевизийн сэлбэг – 11.49 тэрбум ам.доллар
2024 онд АНУ-аас Хятад руу 11.49 тэрбум ам.долларын Цахилгаан төхөөрөмж, телевизийн сэлбэг төрлийн бүтээгдэхүүн экспортолсон. Үүнд АНУ-д үйлдвэрлэсэн хагас дамжуулагч, цахилгаан эд анги, тусгай зориулалтын электроникийн бүтээгдэхүүнүүд орно. Хятад улс эдгээр технологид өндөр хамааралтай тул энэ төрлийн бүтээгдэхүүнүүд хариу тарифт бага өртдөг.
2000 оноос хойш АНУ Хятадаас их хэмжээний бараа бүтээгдэхүүн импортолж ирсэн хэдий ч өөрөө Хятад руу харьцангуй бага хэмжээний экспорт хийсээр иржээ. Энэ тэнцвэргүй байдал 2018 онд дээд цэгтээ хүрч, АНУ-ын худалдааны алдагдал 418.2 тэрбум ам.долларт хүрсэн нь хоёр орны эдийн засгийн харилцааны эмзэг талыг тодотгосон үйл явдал болсон юм.
Гэсэн хэдий ч Хятад улс АНУ-ын хувьд чухал экспортын зах зээл хэвээр байв. Тухайлбал, 2023 онд тус улс Канад, Мексикийн дараа орж, АНУ-ын гурав дахь том экспортын түнш болсон бөгөөд Америкийн компаниуд нийт 145 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн Хятад руу нийлүүлжээ. Харин 2024 онд энэ үзүүлэлт 143.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 3 хувиар буурсан.
Үүний зэрэгцээ Хятадаас АНУ-д хийж буй экспорт өсөлттэй байж, 2024 онд 438.9 тэрбум ам.долларт хүрсэн нь худалдааны тэнцвэргүй байдлыг улам гүнзгийрүүлэв. Ийнхүү хоёр орны худалдааны алдагдал 295.4 тэрбум ам.доллараас давсан нь АНУ-ын дотоод үйлдвэрлэл, гадаад худалдааны бодлогод томоохон сорилт болсон билээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн