Open iToim app
Эрүүл монгол | 7 мин уншина

Д.Дулмаа: Цусаа хандивлах үйл ажиллагаа нь эрүүл хүний л хийж чадах зүйл юм

Д.Дулмаа: Цусаа хандивлах үйл ажиллагаа нь эрүүл хүний л хийж чадах зүйл юм
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 14
Дэлхий дахинд жилд давхардсан тоогоор 118.4 сая цусны хандив цуглардаг байна. Харин манай улсын хувьд 2024 оны байдлаар 45,577 донор цусаа хандивлажээ. Монгол Улсын цус, цусан бүтээгдэхүүний талаар Цус сэлбэлт үндэсний төвийн маркетинг, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Дулмаатай ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тогтмол цусаа хандивладаг хэдэн донор байдаг вэ?
-Статистик мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд 34,256 донор цусаа хандивласан. Эдгээр нь бүгд шинэ донорын тоо юм. Монгол Улсын цусны албаны хэмжээнд хүндэт донор гэх 3100 орчим хүн бий. Үүнээс идэвхтэй цусаа өгдөг донорууд нийслэлийн хэмжээнд 780 гаруй байгаа. 
-120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан донорыг Хүндэт донор гэж үзэн “Шударга журам” медалиар шагнадаг. Одоогийн байдлаар нийт хэдэн хүн энэхүү медалиар шагнуулсан бэ?
-Бидний хамгийн том зорилго бол хүн нэг удаа цусаа өгөөд зогсох бус тогтмол цусаа өгдөг болгохын тулд тухайн хүнд өндөр сэтгэгдэл төрүүлж, ая тухтай орчинд, түргэн шуурхай, хандлага сайтайгаар үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. 2018 оны нэгдүгээр сард батлагдсан цусны донор болон эд эрхтний донорын тухай хууль бий. Энэ хуулийн хүрээнд цусаа бэлэглэгч донорыг 22.1 заалтад Цусаа бэлэглэгч донорыг алдаршуулж, урамшуулах хэрэгтэй гэсэн байдаг. Манай төвөөс хүндэт доноруудыг алдаршуулах ажлыг 2016 оноос хойш тогтвортой хийж байна. Бидний хамгийн эхэнд хийсэн ажил бол 35 удаа цусаа өгвөл Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүндэт донор цол тэмдэг авахаар болсон. 35 удаагаас дээш цусаа өгсөн доноруудыг цаашдаа ч үргэлжлүүлэн өгүүлэхийн тулд 2016 оноос Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирлын санаачлалаар алт, мөнгө, хүрэл донорууд гэж бий болгосон юм.
Монгол Улсын хэмжээнд алтан донор 13, мөнгөн донор 77, хүрэл донор 219 байна. 1987 онд ардын депутатуудын тогтоол шийдвэрээр хүний амь нас аварсан доноруудыг шударга журам медалиар шагнана гэж байдаг. 2012-2025 оны байдлаар шударга журмаар шагнагдсан хүндэт донорын тоо 44 байгаа юм. Хамгийн сүүлд 2025 оны гуравдугаар сард есөн отгон донороо шагнасан. 
-Донорууд цусаа тогтмол хугацаанд өгснөөр тухайн хүний биед ямар сайн нөлөө үзүүлдэг вэ?
-Донор гэж хэнийг хэлэх вэ гэвэл 17-60 насны аль ч бүлгийн цустай эрүүл хүн донор болох боломжтой. Донор болохын тулд нэг талдаа донорын эрүүл мэнд. Нөгөө талдаа үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс маш өндөр шалгуурыг тавьж цус цуглуулдаг. Донор болохын тулд тодорхой хэдэн шалгууруудыг хангах ёстой. Мөн эдгээр шалгууруудыг хангаж чадвал эрэгтэй хүмүүс хоёр сар тутамд нэг удаа, эмэгтэй хүмүүс гурван сар тутамд нэг удаа цусаа өгөх боломжтой. 
Харин цусаа өгөх боломжгүй хүмүүс гэвэл элэгний B, C вирус, ДОХ, тэмбүүгээр амьдралдаа нэг удаа өвдсөн болон архаг хууч өвчнөөр эмчийн хяналтад байдаг бол цусаа өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, цусаа хандивлах үйл ажиллагаа нь эрүүл хүний л хийж чадах зүйл юм.  Мөн доноруудыг түр хойшлуулах үе гэж бий. Ойрын зургаан сарын хугацаанд ямар нэгэн мэс ажилбар, зүү төөнүүр, шүд авхуулах жижиг мэс ажилбар хийлгүүлсэн бол зургаан сараар цусаа өгөхийг хойшлуулдаг. Ханиад хүрч антибиотик хэрэглэсэн бол 14 хоногоор, сарын тэмдэг нь ирсэн бол гурав хоногоор хойшлуулдаг. Энэ мэт 36 асуумж бүхий анкетыг бөглөснөөр цусаа өгөх боломжтой. Донороос авсан цус нь хамгийн багадаа гурван нэр төрлийн бүтээгдэхүүн болж задардаг. Гурван нэр төрөл болж задарснаар гурван өөр хүнд амьдрал бэлэглэж байгаа юм. Цусаа өгөхийн ач холбогдлын хувьд донорууд цусаа тогтмол хугацаанд өгснөөр хүний биед агуулагдах илүүдэл төмрийн түвшин буурч, хорт хавдар, зүрхний шигдээс, элэг гэмтэхээс сэргийлдэг. 
-Манай улсын цус сэлбэлт судлалын салбарт сүүлийн жилүүдэд 15 шинэ технологийг амжилттай нэвтрүүлсэн гэж сонссон. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?
-2015 оноос хойш Эрүүл мэндийн салбарын тав гэгдэх төсөл хэрэгжиж эхэлсэн. Харин 2016 онд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар шинэ төв баригдсан. Энэхүү тусламжаар зөвхөн байшин барилгын тусламжаас гадна маш олон нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүд оруулж ирэхэд тусламж үзүүлсэн юм. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотод байгаа цусны төвөөс гадна салбар цусны төвүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр барилга барих, эмч сувилагч нарыг бэлтгэх сургалтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн таван  жил үргэлжилсэн чухал төсөл байсан. Өмнө нь бид 2016 он хүртэл 15 нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг байсан бол шинэ технологи орж ирж, шинэ тоног төхөөрөмжтэй болсноор 36 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болсон. 
-Эмнэлгүүдийн цусны хэрэгцээ хэр их байдаг вэ?
-Цус цуглуулалтын статистик үзүүлэлтээр 2014 онд  26,097 цус цуглуулж байсан. Гэтэл 2024 онд улсын хэмжээнд 45,000 гаруй донорууд цусаа өгсөн гэдэг. Энэхүү үзүүлэлтийг харвал цусаа хандивлах буюу цус цуглуулалтын тоо 75 хувиар өссөн байна. Цаашдаа 2030 он хүртэл 33 хувиар нэмэгдүүлэх хэтийн төлөвлөгөө бидэнд бий. Сүүлийн жилүүдэд цус, цусан бүтээгдэхүүн нь хэрэглээний хувьд нэмэгдэж байна. Монгол Улсад шинэ технологиуд орж ирэн шинэ мэс заслын төрлүүд нэмэгдэж байгаа. Жишээлбэл, элэг шилжүүлэн суулгах мэс засал гэхэд 300 гаруй удаа хийсэн байна. Нэг удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд хамгийн багадаа 150 донорын цус цусан бүтээгдэхүүн бэлтгэх шаардлагатай байдаг. Монгол Улсад ганцхан л элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэггүй. Өөр олон мэс заслууд хийгддэг. Энэ олон хагалгааны хажуугаар аваар осол, түлэгдэлт, төрөхийн хүндрэлийн цус алдалт гээд цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ маш их өссөн. Өмнө нь бид 80-100 донорын цус цуглуулаад бүхий л эмнэлгүүдийн хэрэгцээг хангадаг байсан бол одоо хамгийн багадаа 150 донорын цусыг цуглуулж байж нэг өдрийн хэрэгцээ шаардлагыг хангах боломж бүрдэж байна. Цус цусан бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа харилцан адилгүй байдаг. Зарим нь тав хоног хадгалдаг бол заримыг нь 35 хоног хадгалдаг. -80 хэмийн хөлдөөгчид таван жил хадгалдаг сийвэнгийн бүтээгдэхүүн ч гэж байдаг. Ялтас эсийн бүтээгдэхүүнийг бид таван хоног хадгалах боломжтой байдаг. Тэгэхээр тав хоног хадгалдаг бүтээгдэхүүнийг бий болгохын тулд донорууд тогтмол цусаа хандивлах нь чухал юм. Түүнээс биш нэг өдөрт 500 донороос цус аваад 7 хоногийн хэрэгцээг болголоо гээд дахиад цус цуглуулахгүй байх боломжгүй юм. Тиймээс цус цусан бүтээгдэхүүн олгож үйлчилдэг түгээлтийн хэсэг нь 24 цагаар тасралтгүй хэрэгцээ шаардлага нь байгаа эрүүл мэндийн салбарт цус олгох үйлчилгээ үзүүлдэг. Бидний зүгээс цус цуглуулах үйл ажиллагаагаа явуулын болон суурин хэлбэрээр ажлын таван өдөрт өглөө 08:30-13:00 цаг хүртэл цус цуглуулдаг. Сүүлийн жилүүдэд сар бүрийн хоёр дахь 7 хоногийн бямба гарагт ажиллах болсон. 
-Цусны төвд улирлын хамааралтай цусны нөөц буурах асуудал хэр их байдаг вэ?
-Донор л орж ирэхгүй бол манай үйл ажиллагаа алдагдах болно. Оюутнуудын хичээл амраагүй буюу төвлөрсөн бөөгнөрсөн үед нь манай төв явуулын аргаар тухайн газарт очоод цус цуглуулдаг. Одоогийн байдлаар манай төвд цусны нөөц хангалттай байгаа гэж хэлж болно. Гэхдээ гэнэтийн аваар осол, гэнэтийн байгалийн гамшиг, эрсдэлт хүчин зүйлүүд бий болох эрсдэлийг тооцоолж цусны нөөцийг бэлтгэсээр байдаг. Тэгээд зун цаг буюу амралтын үе эхлэх үед бүлгийн хамаарлаар цусны нөөц буурах хандлага ажиглагддаг. Гэхдээ бидний зүгээс нөөцийг бууруулахгүй тогтвортой байлгахын тулд 4-6 саруудад маш эрчимтэй ажилладаг. 
-Дэлхийн 70 орчим оронд 100 хувь сайн дурын донороос бэлтгэсэн цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа бол 40 гаруй хувь нь төрөл төрөгсдийн болон төлбөртэй донороос цус бэлтгэдэг гэж байсан. Манай улсын хувьд аль нь бол?
-Манай улс 1994 он хүртэл авлагатайгаар цус авч байсан. Харин 2016 он гэхэд 100 хувь сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдсэн. 1994 оноос хойш бүрэн шилжих гээд чадахгүй байсан зүйл нь төрөл төрөгсдийн донорын эзлэх хувь нэг хувийг эзэлсээр байсан нь юм. 
Бидний алсын хараа бол Азидаа тэргүүлэгч цусны салбар төв болох байсан. Бидний энэхүү зорилго 2023 онд биеллээ олж Азийн цус сэлбэлтийн холбооны шилдэг байгууллагаар шалгараад олон улсын шагнал авсан юм. Бид өөрсдөө л энэ ажлыг амжилттай хийдэг бус маш олон сайн дурын донорууд мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд, цэрэг цагдаа, хүчний байгууллагууд зэрэг олон хүнтэй хамтарч ажиллан хийсэн зүйл юм. 
Манай төв донороос цус цуглуулна. Цуглуулсан цусаа шинжилнэ. Шинжилснээ бүтээгдэхүүн болгодог. Үүнийгээ тодорхой горимуудад хадгалж байгаад эмнэлгүүдэд олгох үе шаттайгаар үйл ажиллагаа зохион байгуулдаг. Бидний хамтын үйл ажиллагааны үр дүнд хүмүүнлэгийн сайн үйлс буюу эрдэнэт хүний амь насыг аврах үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг бий болгох ажил маань явагдсаар байгаа. Биднийг үргэлж дэмжин ажилладаг нийт монголын ард иргэд болон бүхий л байгууллагууддаа хэрэглэгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн