Open iToim app
Хөндөх сэдэв | 2 мин уншина

Хүүхдэд ээлгүй Монгол: Гэмтсэн гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна

Хүүхдэд ээлгүй Монгол: Гэмтсэн гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 9
Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг бүтээх тунхагтай Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл Монголд ийм орчин бүрдсэнгүй. Тодруулбал, сүүлийн 20 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 987 хүүхэд амь насаа алджээ. Харамсалтай нь, хүүхдүүдийн дийлэнх нь буюу 443 нь усны осол, 361 нь объектын гал түймэрт өртөж эндсэн байна.
Хүүхдийн бэртэл гэмтэх болон нас баралтын шалтгаан болж байгаа ослыг авч үзвэл:
  • Зам тээврийн осол
  • Мориноос унах
  • Амьгүй механик хүчинд өртөх буюу кран, хүнд, том оврын хэрэгсэлд даруулах
  • Хүчирхийлэлд өртөх
  • Нохойд хазуулах
  • Усанд живэх
  • Түлэгдэх
  • Өндрөөс унах
  • Амиа хорлох зэрэг шалтгаан жагсаалтыг тэргүүлж байна
Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс жил бүр гаргадаг Осол гэмтлийн тандалтын тайланд дурдсанаар Монгол Улсын хэмжээнд гэмтсэн гурван хүн тутмын нэг нь 0-15 насны хүүхэд байдаг ажээ. Золгүй байдлаар амиа алдаж буй хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг насны бүлгээр нь авч үзвэл дараах байдлаар эрэмбэлэгдэж байна.
0-4 нас:
1. Амьсгал боогдох,
2. Зам тээврийн осолд өртөх,
3. Түлэгдэх,
4. Усанд живэх,
5. Өндрөөс унах.
5-9 нас:
1. Зам тээврийн осолд өртөх,
2. Усанд живэх,
3. Түлэгдэх,
4. Өндрөөс унах,
5. Хордлогод орох.
10-14 нас:
1. Амиа хорлох,
2. Зам тээврийн осолд өртөх,
3. Усанд живэх,
4. Амьгүй механик хүчинд өртөх буюу кран, хүнд, том оврын хэрэгсэлд даруулах,
5. Түлэгдэх.
15-18 нас:
1. Амиа хорлох,
2. Зам тээврийн осолд өртөх,
3. Хордлогод орох,
4. Усанд живэх,
5. Хүчирхийлэлд өртөх.
Мөн тоон баримт харвал, Монгол Улс нийт гурван сая 409 мянга 939 хүн амтай. Эдгээрээс 0-18 насны хүүхэд нэг сая 272 мянга 856 бий. Хүн амын 37.3 хувийг эзэлдэг хүүхдүүдээ асран хамгаалагчийн хэнэггүй байдал, ээлгүй хотын бүтээн байгуулалтаас, төрийн авлига, хариуцлагагүй бодлого шийдвэрээс шалтгаалж хүүхэд бэртэж гэмтэх, зуурдаар амь насаа алдсаар байгааг дээрх тоон мэдээлэл үүний тод жишээ болж байна. Үүнтэй холбоотой хэдэн кейс дурдъя.
  • 2018 оны зургаадугаар сар. 11 настай хүү тоглоомын талбайд хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан.
  • 2019 оны зургаадугаар сар. Есөн настай хүү тогонд цохиулж амиа алдсан.
  • 2019 оны зургаадугаар сар. 11 настай хүү компанийн тогтоол усанд осолдсон.
  • 2020 он. Барилга дээр ажиллаж байсан 17 настай хүү өндрөөс унаж нас барсан.
  • 2020 он. 8-12 насны дөрвөн хүүхэд халианд живж амиа алдсан
Ийнхүү цаг бусаар өөд болж буй хүүхдийн тоо, харамсалтай хэргүүдээс харахад томчууд бид нар улам хариуцлагатай байх ёстойг сануулсаар байна. Гэсэн ч жил бүр ослоос шалтгаалсан хүүхдийн нас баралт, гэмтэх бэртэх тохиолдол буурахгүй байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн