Open iToim app
Эрүүл монгол | 8 мин уншина

Ш.Ариунаа: Хавдраас байнга урьдчилан сэргийлдэг, эрүүл байх зөв нийгмийг бүтээх хэрэгтэй байна

Ш.Ариунаа:  Хавдраас байнга урьдчилан сэргийлдэг,  эрүүл байх зөв нийгмийг бүтээх хэрэгтэй байна
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 8
Монгол Улсад жилд 6000 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж, 4000 гаруй хүн хорт хавдраар нас бардаг статистик байна. Гэхдээ энэхүү аймшигт өвчнийг ялан дийлж, энгийн аж амьдралаа үргэлжлүүлж буй олон мянган хүн бидний дунд бий. Иймд манай сайт "Эрүүл монгол" буландаа хорт хавдар гэх аюулт өвчнийг бие сэтгэлээрээ даван туулсан хүмүүсийн түүхийг цувралаар хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт хөхний хорт хавдар өвчнийг даван туулагч, “Наран Ижий заяа” ТББ-ын тэргүүн Ш.Ариунаатай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр хавдар гэх аюулт өвчнийг даван туулаад зогсохгүй хавдраар оношлогдсон олон хүнд ТББ-аараа дамжуулан сэтгэлийн дэм өргөдөг. Ш.Ариунаа нь дөрвөн хүүхдийн ээж бөгөөд хилийн чанадад 10 гаруй жил ажиллаж, амьдарсан юм.
-Хорт хавдартай гэх оношоо хэрхэн олж мэдсэн бэ. Тухайн үед ямар бэрхшээл тулгарч даван гарсан бэ?
-Хавдар гэдэг өвчнийг 2019 оны аравдугаар сарын эхээр олж мэдсэн. Хилийн гадна ажиллаж амьдарч байлаа. Тэр оныхоо наймдугаар сарын 8-нд тухайн газраа бүх шинжилгээгээ өгөөд таван жил ажиллах тусгай зөвшөөрлөө авсан. Гэтэл сарын  дараа хавдар гэх өвчин туссан байна гэхэд би үнэхээр цочирдсон. Хавдартай гэх онош сонсоод тогоо хөмрөх шиг айдас төрсөн. Би яагаад ийм өвчин тусав гэдэг гомдол төрсөн. Хүн болгоны л туулдаг айдастай замыг туулсан. Ингээд  сар гаруйн хугацаанд бие хямарч нойргүйдсэн, даралт ихэссэн. Хүн цагаа тулахаар дотроо түгжээд асуудлаа хэлж чаддаггүй. Хүүхдүүдээ харахаар өөрийн эрхгүй гомдол төрөөд, сэтгэл зүй тогтож өгөхгүй байсан. Айдастай байсан болохоор дандаа л муу зүйл бодсон. Буруу талаас нь хөөж бодож байсан үе надад бий. Тэгээд Монголдоо түр хугацаанд ирж хүүтэйгээ ярилцсан. Хүний газар 10 гаруй жил хөдөлмөрлөөд гэр бүл элэг бүтэн байх гээд тэмцэж явсан болохоор өөрийгөө ч нэлээд хаяж амьдралын төлөө цаг наргүй зүтгэж байж. Бодит үнэнтэй нүүр тулсан болохоор яагаад гэдэг асуулт л надад их байсан. Гэхдээ хавдар гэх өвчнийг би ганцаараа даван туулж байгаа биш. Хамт эмчилгээ хийлгэж байсан амьдрах боломжтой хүн нас барахаар их харуусал төрдөг юм билээ. Тухайн үед химийн өртөг өндөр, эмчилгээнүүд даатгалд ороогүй байсан. Тиймдээ ч эмчилгээнийхээ төлбөрийг бүрдүүлж чадахгүй нас барсан тохиолдол ч бий. Харамсалтай түүхтэй олон л таарч байлаа.
-Хавдрын эмчилгээний төлбөрөө дийлэхгүй нас барж байсан хүмүүстэй таарч байсан гэлээ. Хавдрын эмчилгээний төлбөр ер нь хэдэн төгрөг байдаг вэ. Төрөөс эмчилгээний төлбөрийг хариуцахаар хуульчилсан байдаг биз дээ?
-Тийм ээ. 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуулиар “Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн зарим нэг өвчнийг төр хариуцна” гээд хуульчилсан. Гэхдээ намайг өвдөж эхлэх үед эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцдаггүй байсан. Тухайн үед 104 хүн тухайн тариаг хийлгэж байснаас 50 гаруй нь хөхний хавдраар өвдсөн байсан. Тунгалагийн булчирхайн хавдрын өвчилсөн эмэгтэй бас хийлгэж байсан. Тэр хүн 132.7 сая төгрөг зарцуулсан. Амьдрах гээд л тэмцэж байгаа байхгүй юү. Хөхний хорт хавдар дээр бай эмчилгээг хамгийн багадаа 17-18 удаа хийдэг. Өөрт байгаа бүх зүйлээ зарж байна. Иймд миний хувьд хавдрын бай эмчилгээг даатгалд оруулахын тулд “Наран Ижий заяа” ТББ-ыг байгуулсан. Бай эмчилгээ даатгалд орсноор олон хүний амьдралын чанар сайжирсан. Стресс, санхүүгийн дарамтаас бага ч гэсэн чөлөөлөгдсөн. Сэтгэл их өвддөг, одоо ч гэсэн. Дархлаа эмчилгээ даатгалд ороогүй байна. Дэлхийд эмийн стандарт чанар сайжраад дархлаа эмчилгээ рүү орсон. Гэхдээ өртөг их өндөр. 
-Хавдартай гэх айдастай хэрхэн нүүр тулав. Хавдар даван туулсан процессынхоо талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Цагаа тулахаар хүн аминдаа хайртай, яаж ийгээд л даван туулахыг боддог юм билээ. Тухайн үед монгол хэл дээрх хавдрын талаар мэдээлэл ховор байсан. Тийм болохоор Япон, Америк, Хятад хэл дээрх мэдээллийг орчуулж үзээд өвдөөд дараа нь яах вэ гэдгийг харж байсан. Даван туулж явахад ар гэр бүх талаараа маш их хямардаг гэдгийг биеэрээ мэдэрсэн. Хагалгаанд орох үед мах мяраатай шарх эдгэхгүй байх магадлал өндөр байсан юм билээ. Үүнийг хагалгаанд орсноос сарын дараа л эмч хэлсэн. Хүний сэтгэл зүй их чухал юм билээ. Оношоо мэдсэнээс хойш сар гаруйн  дараа хагалгаанд орох болоод сэтгэл зүйгээ сайн бэлдээд хүлээн зөвшөөрсөн.
Хавдрын хамгийн сайн эмчилгээ бол юун түрүүнд бүтэн хагалгаа хийж авах зарчмаар хагалгаандаа орсон. Дараа нь химийн эмчилгээнд дөрвөн удаа орсон. Уншиж судалсан болохоор өөрийгөө их дайчилсан. Заримдаа нурж унана, дотор муухай оргино, үнэр авахгүй, шөнө нойргүйднэ, толгой хүзүүгээр юм гарна, ам гэмтэж байгаа юм шиг болно. Хооллолт маш чухал. Давхар хордлого тайлах эм тангаа зөв ууж байсан. Дасгал хөдөлгөөн ч сайн хийсэн.
-Хавдар даван туулж байгаа мөч бүр л амаргүй байгаа байх. Гэхдээ хэзээ хамгийн их шантарч түүнийгээ даван туулж байсан бэ?
-Эхний химийн эмчилгээнд ороход миний үс унахгүй, гайгүй гээд өөрийгөө маш хүчтэй барьсан байсан. Нээрээ л унахгүй нь дээ гэтэл маргааш химийн эмчилгээндээ орно гэтэл унасан. Яг 20 дахь орж үсээ засуулсан. Ингэхдээ тас тас инээгээд л гарч байсан. Эмэгтэй хүн хүүхдүүддээ ямар харагдах бол, гоо сайхан, үзэмж гээд л их бодогдсон. Тэгээд л дараагийн химийн эмчилгээндээ орсон. Энэ үед л их хямарч бас даваад л гарсан. Хүн бусдыг хараад хэрэггүй, гол нь өөртэйгөө ажиллах ёстой гэж бодсон. Өөрийнхөө биеийн зовуурийг өөрөө л мэднэ. Сэтгэл хямрахаар нойргүйддэг юм билээ. Нойргүй байх тусам өвчин хүндрээд л байна. Тийм амар байгаагүй.
quote photo
Боломж үргэлж байдаг шүү. Боломжгүй зүйл гэж байхгүй. Нэг ч бай 10 ч бай хоногийн боломж байгаа.
Ш.Ариунаа
-Хагалгаа болон химийн эмчилгээний дараа хүндрэлүүд гарсан уу?
-Миний хувьд хавдар даван туулаад 2.5-3 жилийн дараа гайгүй болсон гэж удирдлагаа алдсан нь миний буруу гэж харж байгаа. Яагаад гэвэл хүчтэй эм тарианы хордлогын дагалдах хүндрэлүүд гарч эхэлж байна. Тухайлбал, ясны сийрэгжилт, D витамины дутагдал зэрэг байна. Хөхнөөс цаашаа уушги, улаан хоолой, толгой, элэг рүү гээд үсэрхийлэх эрсдэлтэй. Миний хувьд гэхэд элгээ сайн анхаарах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр мөнхийн айдастай гэхээс илүү хүн хүчтэй, даван туулах чадамжтай байх хэрэгтэй. Үүнд ар гэр, найз нөхөд гэхэд хүрээлэл л их нөлөөлдөг. Хагалгаа хийлгэсэн талдаа одоо ч тариа хийлгэдэггүй. Насан туршдаа л биедээ анхаарч явах хэрэгтэй. Үүнийг өөрөө болон ар гэрийнхэн сайн ойлгох, түүнтэйгээ тэмцэх хэрэгтэй.
Өвдөж, зовж явахад гуравдагч этгээд хооллодог гэдэг шиг сүлжээний сайн, муу зүйл их орж ирж байна. Сэргээн засварлах эмчилгээ бидэнд л чухал. Үүнд, клиник сувилал, тухайн шинж тэмдгийг дарж явах эмчилгээнүүд чухал байдаг аж. Манай улсад энэ зүйл огт байдаггүй. Хүмүүс ч хавдрын эмчилгээний дараах хүндрэлүүдийг тэр бүр яриад байдаггүй. Үүнийгээ яривал нэр хүндгүй болж байна. Ах, дүү нар нь хаяж байна. Гэр бүл салж байна. Тэр байтугай Увс аймагт өмхийрч амьдаараа хүн үхсэн шүү дээ. Хавдар задрахаараа ямар хэцүү байдаг гээч. Олон хүнтэй уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэж нүүр тулж уулзаж явж байсан. Бидний чаддаг зүйл бол сэтгэлийн дэм л өгөх юм. Эдийн засаг бол хүнд шүү дээ. Ер нь 5-6 хоноод л гэртээ гарна гэдэг айдас. Олон улсын стандарт нь 1-2 сар эмнэлэгтээ байдаг юм билээ.
-Монгол Улсад хөхний хорт хавдраар өвчлөл тохиолдол сүүлийн жилүүдэд ихсэж байна. Энэ нь юутай холбоотой гэж Та харж байгаа вэ?
-Олон шалтгааны улмаас хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Жишээлбэл, төрөөд сар гаруйн дараа “Мөөм Жагаа” гээд хүнээр хөхөө бариулсан хүн байсан. Тэгээд 11 удаа химийн тариа хийлгээд ч хавдар эдгэхгүй байна гэхээр тухайн бариа их буруу байж дээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Дараа нь “Мөөм Жагаа” гэдэг хүн дээр очсон хүүхнүүд эдгэхгүй тохиолдол гарч байсан. Тэр дунд эмч мэргэжилтэй хүн ч байсан. Залуугаараа нас барсан. Энэ нь хөхийг барьж болохгүй гэдэг сануулга болсон. Хэрвээ шинэхэн төрөөд горьдсон бол гарын хор оруулахгүйгээр саалтуураар саах хэрэгтэй. Хөх эмзэг эрхтэн.
Надтай нэг өдөр хагалгаанд орсон хүүхэн наймаа хийгээд зах зээлийн үед явдаг байсан юм билээ. Олон жилийн өмнө вагонд суухдаа хүнд түлхэгдээд хөхөө нидэрсэн. Түүнээсээ бол үрэвсэл өгөөд тухайн үедээ нам дарсан. Гэвч бараг 10-иад жилийн дараа үрэвсээд хавдар болсон гэж байсан. Мөн эмнэлэгт хими тариа хийлгээд байж байхад дөнгөж 20 гарч байгаа охин тэмцээнд оролцож байгаад хөхөндөө цохилт өгөөд түүнээсээ болоод хорт хавдар болсон гэж байсан. Ер нь их олон шалтгаан бий.  Түүнийг нэг бүрчлэн хэлэх боломжгүй.
Уг нь 2015 оноос өмнө жилдээ шинэ тохиолдол 100 гаруй байдаг байсан. Одоо бол 300 гараад л байна. Энэ бол аюул. Монгол Улсын хэмжээнд 2022 онд  3000 орчим хөхний хорт хавдрын даван туулагч бий гэсэн тоо гарсан. Түүнээс 500-600 нь эмчилгээнд удаан хугацаанд явж байна. 
-Тантай ижил хавдрыг даван туулж байгаа хүмүүстээ зөвлөгөө өгвөл?
-Боломж үргэлж байдаг шүү. Боломжгүй зүйл гэж байхгүй. Нэг ч бай 10 ч бай хоногийн боломж байгаа. Энэ болгоноос эргээд харахад хүн өөрийгөө хайрлах, цагаа зөв зохион байгуулах хэрэгтэй юм билээ. Нэг л өдөр нас барвал юу ч хийж чадахгүй. Хавдар гэдэг их аюултай өвчин. Эрт илрүүлж оношлоод тухайн хүн хүчтэй байж чадвал даван туулж, амьдралынхаа чанарыг сайжруулаад явна.
-Миний асууж амжаагүй таны хэлэхийг хүсэж байгаа зүйл бий юү?
-Бид дундаасаа л хүнээ алдаад байна. Бүх эмчилгээг төр даана хийнэ гээд хуулиараа баталсан. Гэхдээ өвдсөн хойно нь л биш өвдөхгүй байх боломжийг яагаад гаргаж өгөхгүй байгаа вэ. Нийгмийн эрүүл мэнд үүн рүү чиглэж ажиллах ёстой. Иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг сайжруулах ажлыг яагаад хийхгүй, олгож өгөхгүй байна вэ. Бид хүүхдээ бага байхаас нь эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарахгүй бол аюулын харанга дэлдсэн. Хавдар даван туулж байгаагаа ярих нь онц биш. Харин хавдраас урьдчилан сэргийлж өвдөхгүй, эрүүл байх зөв замыг бид тавьж өгөх ёстой юм байна. Эрүүл Монгол, Элэг бүтэн Монгол, Хавдаргүй Монголынхоо мөн чанарыг олохгүй бол эндээс цаашаа явбал мэдэхгүй, айдастай. Үүнд сэтгэл эмзэглэдэг. Хавдрын өвчлөл минут, секундээр хэмжигдэж байна. Нэг удаагийн эмчилгээ тасрахад л юу болох вэ. 
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн