Монголын баримт шалгах төвийн “БаримТАд нэгд” гишүүнчлэлийн хөтөлбөрийн нээлт өчигдөр/2025.04.02/ болсон билээ. Энэ үеэр “Хуурамч мэдээллийн хор нөлөө, түүнээс сэргийлэх, олон нийтийн мэдээллийн боловсролд хувь нэмэр оруулахад чиглэсэн шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг өрнөсөн. Тус хэлэлцүүлэгт худал мэдээлэлтэй тодорхой хэмжээнд нүүр тулж тэмцэж буй салбар бүрийн төлөөлөл оролцсон. Хэлэлцүүлгийн үеэр ярьсан онцлох мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.
Г.Пэлжидмаа: Худал мэдээллийн эсрэг тэмцэхэд үнэнч хэрэглэгчдийн итгэл хамгийн дэмтэй байдаг
”Сүү” ХК-ийн Маркетинг, борлуулалт хариуцсан дэд захирал Г.Пэлжидмаа: ”Сүү” ХК-ийн талаар 2024 онд гүтгэлгийн чанартай худал мэдээлэл тараасан гурван удаагийн тохиолдол гарсан. Энэ дундаас “Миний Монголын сүү хорт хавдар үүсгэдэг” гэсэн худал мэдээлэл хамгийн их тархсан. Маш олон хүний хөдөлмөр, үнэ цэнийг үгүйсгэж байгаа үйл явдал болсон.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сард худал мэдээлэл бидний өмнө нь огт харж байгаагүй Facebook Medee.mn гэсэн сувгаар цацагдсан. Мэдээлэл гарсан даруйдаа хурдан тархаж 2000 хариу үйлдэлтэй болж 24-25 мянган удаа түгээгдсэн. Тухайн мэдээллийн агуулга нь Сүү ХК-ийн бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэх химийн хортой бодис, Хятадаас хуурай сүүг импортоор оруулж ирдэг гэсэн. Энэхүү агуулгуудыг батлахдаа Нийгмийн эрүүл байгууллагын мэргэжилтний нэлээн өмнө TV5 телевизэд өгсөн инстант кофены хуурай сүүний талаар ярьсныг хэсэгчилэн оруулсан. Мөн ХХАХҮ-ийн өмнөх сайдын импортын хуурай сүүний мэдээллийг оруулж түгээсэн байсан. Сүү ХК 1958 оноос хойш 60 жил сүү, сүүн бүтээгдэхүүн хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа. Бүх төрлийн стандартыг нэвтрүүлсэн, үйлдвэрлэлийн шат дамжлага болгоныг ил тод мэдээлэлдэг. Худал мэдээлэл хүчтэй тархахад бидний үнэнч хэрэглэгчид дэмтэй байсан. Бидний хувьд энэ гүтгэлэг, худал мэдээллийн цаана эзэн холбогдогч хэн бэ гэдгийг олж тогтоохыг эрмэлздэг. Худал мэдээлэл нь цахимаар цацагдсан тул Цагдаагийн байгууллагын Кибер аюулгүй байдлын хэлтэст хандахаар харьяа дүүргийнхээ Цагдаагийн газарт гомдол гарга гэсэн. Түүнийх нь дагуу гомдол гаргахаар буцаагаад Кибер аюулгүй байдлын хэлтэс рүү албан тоот явуулж харилцдаг юм билээ. Ер нь их удаашралтай, хүнд сурталтай байна. Учир нь 9 сард тухайн хэрэг болоод өнөөдрийг хүртэл прокурор болон Цагдаагийн байгууллагад хандахад ямар нэгэн хариугүй байна. Эзэн холбогдогч нь олдоогүй. Эцсийн дүндээ Сүү ХК-ийн үнэнч хэрэглэгчид өөрсдөө бүтээгдэхүүнээ хамгаалсан гэж үзэж байгаа. Б.Болдбаяр: Үнэгүй зүйл хавханд л байдаг

Монголын банкны холбооны Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Болдбаяр: Хуучин цагт өөрийгөө банканд таниулж нүүр тулж байж аливаа нэгэн гүйлгээгээ хийдэг байсан. Дараа нь цахим шилжилт болж интернэт банк бий болсон. Энэ үеэс цахим аюулгүй байдалд банкнууд анхаарч эхэлсэн. Гэхдээ ковидоос өмнө цахим залилан манай улсад харьцангуй цөөн гардаг байсан. Олон улсад л мэр сэр гардаг байлаа. Цахим залилан эрчимжихэд хүчтэй түлхэц өгсөн зүйл нь Ковид. Мөн бүх байгууллагууд цахим технологи руу хөрвөж байгаа. Иймд хамгаалалт, аюулгүй байдал маш чухал. Үүнтэй холбоотойгоор холбогдох мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг нэвтрүүлж ажиллах шаардлага бий. Үнэгүй зүйл хавханд л байдаг. Харилцагчид өөрсдөө хэрсүү байх хэрэгтэй. Хэзээ ч 2-3 дахин үржүүлж өгнө, та мэдээллээ өгвөл мөнгө болгож буцаана гэдэг зүйл хаана ч байдаггүй. Банкнууд мэдээллийн бизнес хийдэг тул харилцагчийн мэдээлэл маш чухал. Тэгэхээр тухайн харилцагчийн мэдээллийг хамгаалахын тулд банкнууд маш сайн хөрөнгө оруулалтуудыг хийж ажиллаж байгаа. Гэтэл хэрэглэгч тал мэдээлэл дутмаг байгаагаасаа болоод алдаад байдаг тал бий. Банкны холбоо сар бүр харилцагчийг мэдлэгжүүлэх мэдээллийн аян өрнүүлдэг. Банк хэзээ ч харилцагчийн нууц үгийг ямар ч мэдээллийн сувгаар асуудаггүй, авдаггүй. Үүнийг сайн ойлгож санхүүдээ эзэн байя.
Г.Ану: Цахим залилангийн хамгийн эмзэг цэг нь хэрэглэгч өөрөө болоод байна

Контент бүтээгч Г.Ану: Таны мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой гээд байгууллагууд, оролцогч бүх талууд нь хамгаалаад байдаг ч хэрэглэгч бид өөрсдөө мэдээллээ хамгаалдаггүй. Цахим залилангийн хамгийн эмзэг цэг нь хэрэглэгч өөрөө болоод байна. Хэрхэн хурдан баяжих вэ биш яаж өөрийнхөө санхүүг оновчтой удирдах вэ гэдгийг судлахаас эхлэх юм болов уу. Жишээлбэл, 50 сая төгрөг өгье, шилжүүлгийн үйлчилгээний төлбөр нь 990 мянган төгрөг шилжүүл гэдэг худал постод хүмүүс мөнгөө шилжүүлчхээд, нөгөө 50 сая төгрөг нь орж ирээгүй гэдэг мэдээлэл явж байсан. Иймд би сайжрах хэрэгтэй юм биш үү гэдэгтээ өөрсдөө анхаарах хэрэгтэй. Нөгөө талаасаа хэрэглэгч, оролцогчид талуудын буруу биш гэдэг өнцгөөс харах гэж үзье. Өнөөгийн байдлаар санхүүгийн боловсрол түгээх ажлыг банкнууд, санхүүгийн байгууллагууд хийдэг. Магадгүй боловсролын систем рүүгээ бидэнд яагаад дунд ангиас эхлээд юм уу аж ахуйн зүйлийг зүйлийг зааж өгч байгаагүй юм бэ. Бид нийгмийн боловсролыг олигтой сураагүй юм биш үү. Магадгүй сургах үүрэг нь хэнд байсан бэ. Хувийн санхүүгээс илүү хувийн зүйл гэж юу байх вэ. Тэгэхээр хувийн санхүүгээ хамгаалж сурах, үүнийгээ эрэлхийлдэг байх шаардлагатай.
О.Уламсайхан: Худал Lenordo dicaprio шиг байхад үнэн бол над шиг залуу байна

Ноорог Креатив Студиогийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Уламсайхан: Одоо гарсан байгаа худал мэдээллүүдээс харвал би мөрийтэй тоглоом зохион байгуулдаг, 9.3 тэрбумтай, Land-300 унадаг, караоке ажиллуулдаг, Өмнөговьд автобус компанитай хүн байгаа. Худал мэдээлэл хэт seху байна. Хүмүүс далд ухамсартаа ид шидийн зүйлд итгэх сонирхолтой. Тодруулбал, худал Lenordo dicaprio шиг байхад үнэн бол над шиг залуу байна. Гэхдээ тэмцэж болж байгаа. Хүмүүс юун түрүүнд ямар мэдээллийн сувгаас мэдээлэл авахгүй вэ гэдгээ мэддэг байх нь илүү чухал санагдсан. Манай байгууллага ойрын үед гарсан худал мэдээлэлтэй ямар ч зардалгүй тэмцэж чадсан. Учир нь бид ёс зүйн зураасыг давж байгаагүйтэй холбоотой юм болов уу. Худал мэдээлэлтэй тэмцдэг хувь хүн илүү олуулаа гарч ирвэл худал мэдээллийн шуургатай илүү сайн тэмцэж чадах юм байна гэж ойлгосон. Хүрч чадахгүй байгаа сегментдээ хүрэхийн тухайн сегментийнх нь бүтээгчдийг ашиглах ёстой юм байна. Мөн хүрч чадахгүй байгаа сегментдээ их очих ёстой гэж бодсон.
А.Уянга: Хүүхэдтэй холбоотой худал, ташаа мэдээлэл эцэг эхчүүдийн шийдвэр гаргалтад нөлөөлжбайна

Child.mn үүсгэн байгуулагч А.Уянга: Хүүхэдтэй холбоотой сэдэв эмзэг бөгөөд хүн болгоны сэтгэлд ойрхон тусдаг. Хүүхэдтэй холбоотой худал, ташаа мэдээлэл эцэг эхчүүдийн шийдвэр гаргалтад нөлөөлөөд байна. Жишээлбэл, умайн хүзүүн хорт хавдраас сэргийлэх вакцинтай холбоотой худал мэдээлэл маш их түгсэн. Түүнээс хойш наад захын өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр очиход хүүхдийн хуульд заасан товлолт вакцинаас татгалзаж байгаа эцэг эхчүүд цөөн тоогоор гарч ирж байна. Иймд мэдээлэл уншихдаа ямар хаягаар түгээж байгааг нягтлах, мэдээг нь уншихад хэдэн эх сурвалжтай байгааг нь анзаарч, баттай, баримттай мэдээлэл түгээдэг редакцын мэдээллийг уншиж, үздэг дадалтай болох хэрэгтэй байна. Хүүхдийн болон хүний эрхтэй холбоотой худал ташаа, сенсацтай мэдээллийг илүү дэвэргэж түгээх, санамсаргүй байдлаар төөрөгдүүлсэн байдлаар сурвалжлах нь мэдрэмж дутдагтай холбоотой. Тэгэхээр редакцууд шинэ боловсон хүчин орж ирэх тоолонд хүний эрх, хүүхдийн эрхийн талаар яаж мэдрэмжтэй эрхийг нь зөрчихгүйгээр сурвалжлах, энэ чиглэлийн баримт шалгах ухаалаг хэрэгслүүд ашиглаад яаж хийх вэ гэдгийг хавсарч мэргэшүүлэх шаардлагатай байна.