Засгийн газрын ээлжит хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарлахаа танилцуулж, Засгийн газрын гишүүд дэмжсэн байна. 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласнаар зургаан бүлэг ажил хийхээр төлөвлөжээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр "2026 оныг боловсролын жил болгосноор 6 шинэчлэлийг төгөлдөршүүлнэ. Хөтөлбөрийн шинэчлэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн шинэчлэл, цахим шинэчлэл, багшийн гурван тулгуурт бодлогын шинэчлэл зэрэг шинэчлэлийг хийж, төгөлдөршүүлнэ. Хамгийн гол нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Бидний гаргасан тооцоогоор 2030 он гэхэд 88 мянган хүүхдээр ЕБС-ийн сурагчийн тоо нэмэгдэнэ. Энэ хүүхдүүдэд зориулсан ЕБ-ын 108 сургууль, 95 цэцэрлэг хэрэгтэй байгаа. Энэ бүх өгөгдөл, хүн амын нягтаршлын талаарх биг дата, хүнээс үл хамаарсан програмд оруулаад байршуулсан. Энд үндэслэн төсвүүд тавигдана. Багшийн дутагдлаас гарах, багшийг хөгжүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт, төсөв хуваарилагддаг болно.
Боловсролыг дэмжих жилийн гол бодлого хүний нөөцийн бодлоготой шууд уялдана. Өнөөдөр Монгол Улс хүний нөөцийн ноцтой дутагдалд орсон байна. Энэ хүний нөөцийн дутагдлаас гарахад боловсролын шинэчлэл чиглэгдэнэ. Бид хүний нөөцийг нэмэгдүүлэх дунд хугацааны стратеги боловсруулж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллана.
Боловсролыг дэмжих жил Монгол Улсын ирээдүйг дэмжих жил юм. Мөн эдийн засгийг өөрийг нь, салбар дундын уялдаа холбоог хангах, салбаруудын үзүүлэлт, чадавхыг сайжруулах чиглэсэн үндсэн суурь шинэчлэлийн жил байх болно" гэлээ.