Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царай, гоо сайханд гарах өөрчлөлтийг харуулдаг төхөөрөмжийг нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
Энэхүү төхөөрөмжийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ашиглах бөгөөд өсвөр үеийнхэнд мансууруулах бодисын хор уршгийг ойлгуулах зорилготой юм.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа П.Сандагсүрэн "Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил улам илүү нэмэгдэж байгаа. Мансууруулах бодис хэрэглэгчдийн 91.2 хувийг 13-35 насны хүүхэд, залуус эзэлж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын санд эрсдэл учруулж байна. Иймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, дэвшилтэт техник, технологийг ашиглан иргэдэд мэдээлэл хүргэх нь чухал.
Иймд ийм төрлийн гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгийг дэвшилтэт техник, технологи ашиглан иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор нийслэлийн долоон дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд мансууруулах бодис хэрэглэсэн үед хүний нүүр царай, гоо сайханд гарах өөрчлөлтийг таниулах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Энэхүү тоног төхөөрөмжийг ашиглан хариуцсан дүүргийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгийг таниулах чиглэлээр дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн байгууллага болон боловсролын байгууллага хамтран ажиллаж өсвөр насны хүүхэд залуучууд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн дээшилнэ хэмээн үзсэн” гэлээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг "Мансууруулах бодисын нийлүүлэлтийг таслан зогсоох чиглэлээр олон төрлийн үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа ч нийлүүлэлт таслан зогсоогдохгүй хэвээр байна. Энэ нь гаднын улс орны нөхцөл байдалтай холбоотой. Олон улсад хар тамхины үйлдвэрлэл, нийлүүлэлт өссөөр байгаа юм. Ялангуяа Зүүн азийн орнууд манай улс руу мансууруулах бодис нийлүүлж байгаа нийлүүлэлт их байна. Бидний зүгээс нийлүүлэлтийг зогсоохын зэрэгцээ эрэлтийг бууруулах нь илүү үр дүнтэй гэж үзсэн. Тиймээс сүүлийн гурван жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулж байна.
2024 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 6.4 хувиар, зөрчил 65 хувиар өссөн. Өсвөр насны хүүхдүүдийн дунд энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 15-20 насны 18 хүүхэд энэ төрлийн хэрэгт холбогдсон бөгөөд тэдний 8 нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч байсан. Сүүлийн таван жилийн хугацаанд 58 сургуулийн сурагч ял шийтгэл эдэлсэн.
Мансууруулах бодисоос болж 10 хүүхэд амиа алдаж, 40 гаруй хүүхэд гар хуруугаа тайруулсан тохиолдол гарчээ.
Эмийн зохицуулалтыг чангатгах шаардлагатай
Сүүлийн жилүүдэд зөвхөн гаднаас орж ирсэн мансууруулах бодис хэрэглээд зогсохгүй эмийн сангаас олгодог зарим эмийг урвуулан ашиглаж мансуурч байгаа тохиолдлууд нэмэгдсэн.
Эмийн жороор олгодог зарим эмийг хяналтгүй хэрэглэж мансуурдаг асуудал газар аваад байна. Энэхүү эмийг мансуурах зориулалттай эмийн жагсаалтад оруулах, эсвэл бүр Монгол Улсад хэрэглэдэг эмийн жагсаалтаас хасах саналаа Эрүүл мэндийн яаманд дөрвөн удаа хүргүүлсэн ч хариу ирээгүй байна.
Хамгийн сүүлд бүртгэгдсэн хэрэг гэвэл Хөвсгөл аймгаас 980 ширхэг эмийг оруулж ирсэн этгээдүүдийг шалгаж байгаа. Говьсүмбэр аймагт гэхэд энэ төрлийн хэрэг жилийн өмнө бүртгэгдээгүй байсан боловч оны өмнө нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Судалгаагаар 11 аймгийн нутаг дэвсгэрт эмийг урвуулан хэрэглэж мансуурч буй асуудлууд бүртгэгдсэн.
Хар тамхитай тэмцэх газраас Ордос хотод хэрэгжиж буй технологийн шийдлүүдийг судалж, Монгол Улсад нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэхүү ажлын эхлэл болгож нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтээр дээрх төхөөрөмжийг худалдан авсан. Өнөөдрийн энэхүү ажил бол зөвхөн эхлэл бөгөөд үүнээс цааш бид бүхэн Ордос хотод нэвтэрсэн технологийн төвийг Монгол Улсад байгуулахыг зорьж, судалгааны ажлыг хийж байна" гэв.