Хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх бэлэн байдлын үнэлгээгээр Монгол Улс 98 дугаар байрт жагсаж байна. Манай улсын хувьд үндэсний стратегигүй байгаа нь оноо алдахад хүргэсэн. Тодруулбал, хувийн хэвшил хиймэл оюуныг хэрэглээнд нэвтрүүлээд тодорхой түвшинд хөгжүүлээд ирсэн. Харин төрийн байгууллагууд иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү хурдтай, үр дүнтэй болгоход хиймэл оюун ухааныг ашиглахад бэлэн байгаагаа илэрхийлж буй нь давуу тал юм. Бусад орны жишээ татвал АНЭУ, Сингапур, Эстони улс үндэсний стратегидаа хиймэл оюуны төв байна гэдгээ зарласан. Харин АНУ, БНХАУ хиймэл оюун ухааныг инновацаар тэргүүлэх чиглэлд ашиглаж байна. Европ болон Канад хариуцлага, ёс зүйтэй хиймэл оюун ухааныг нэвтрүүлнэ гэдгээ зарласан. Улс болгон үндэсний стратегиа аль чиглэлд баримтлахаа тодорхойлох нь ач холбогдолтой байдгийг эдгээр жишээнээс харах боломжтой. Иймд Монгол Улс хиймэл оюун ухааныг илүү хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйг “Эйя Айя Академи Ази”-ийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.
-Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд Монгол Улс одоо ямар түвшинд байна гэж харж байгаа вэ?
-Ер нь Монгол Улсын хувьд хиймэл оюун ухааны хөгжүүлэлт эхлээгүй байна гэж хэлэхэд буруудахгүй. Бид өнөөдөр байгаа байдлаа бодитоор үнэлж байж цаашаа явна. Иймд хамгийн эхний гарц бол хиймэл оюун ухааны боловсролыг залууст, компаниудад төрөл бүрийн түвшинд нэвтрүүлэх юм. Дэлхийн хиймэл оюун ухааны технологиуд өдөр тутам хөгжөөд явж байгаа. Үүнийг яаж олон улсад сайн ашиглах, хиймэл оюун ухааныг ашигладаг, дараагийн түвшинд бүтээдэг мэргэжилтнүүдийг бэлдэх вэ гэдгийг улсынхаа хувьд анхаарах хэрэгтэй. Нөгөө талдаа хиймэл оюун ухааныг өөрийнхөө, компанийнхаа, улсынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэл гэж харах хэрэгтэй.