Open iToim app
Зочин | 4 мин уншина

С.Наранцогт: "Эрдэнэс Тавантолгой" компанид 5 захирал, 2 ТУЗ-ийн гишүүнийг гаднын улсаас сонгон шалгаруулж томилно

С.Наранцогт: "Эрдэнэс Тавантолгой" компанид 5 захирал, 2 ТУЗ-ийн гишүүнийг гаднын улсаас сонгон шалгаруулж томилно
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 7
“Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанид таван захирал гаднын улсуудаас сонгон шалгаруулж томилох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгвэл энэ хүмүүст хэдэн төгрөгийн цалин өгөх тооцоолол гарсан бэ. Олон улсын жишгийн дагуу цалинжуулах байх?
-Урдьчлаад бид өндөр хэмжээний цалин тавиад явах нь зохимжгүй. Тавихгүй байна гэхээр бид олон улсын хүний нөөцийн компаниудтай хамтарч ажиллаж байгаа учраас “та нар ямар хэмжээний цалин, хөлс өгөх вэ” гэдэг асуудлыг ярьж байгаа. Урьдчилсан байдлаар хамгийн багадаа нэг хүнд жилийн 650 мянган ам.доллар орчмын цалин өгөхөөр ярьж байна. Гэхдээ эцэслээгүй. Бидний барьж байгаа бодлого бол мэргэжлийн ур чадварын шаардлага тавина, ийм нөхцөлөөр ажиллах шаардлага тавина гэдэг нөхцөлөө хэлнэ. Харин сонгон шалгаруулалтад оролцогчид ямар цалин хөлс, хангамж хүсэж байгаа саналаа мөн ирүүлнэ.
Гэхдээ монгол захирлууд 10 мянга хүрэхгүй ам.долларын цалинтай. Гэтэл гадаад захирлуудад зөвхөн үндсэн цалинд 650 мянган ам.долларын цалин өгөх талаар ярьж байна. Дээр нь нүүлгэх зардал, эрүүл мэндийн даатгал, жилдээ 2-3 удаа гэртээ харих зардлыг төлнө гээд зардал асар өндөр юм билээ. Гэтэл нөгөө талдаа ялангуяа "Эрдэнэс Тавантолгой" хэтэрхий их улс төрийн хамраалад орчихоод байгаа учраас улстөрөөс ангид байлгах үүднээс ийм шийдвэр гаргасан.
-Гаднын хүмүүст өндөр цалин өгч, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдуулах нь зөв шийдэл мөн үү. Хөгжлийн банкийг анх байгуулаад гаднын менежерүүдээр удирдуулсан ч манай төрийнхөн гаргасан шийдвэрийг нь огт дагадаггүй байсан. Улс төрийн шийдвэр гаргаад гаднын удирдлагын зөвлөмжөө авдаггүй алдаа “Эрдэнэс Тавантолгой” дээр давтагдах вий?
-Хувьцаа эзэмшигч буюу Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн улс төрийн нөлөөг багасгах үүднээс л гаднаас гүйцэтгэх захирал томилох шийдвэр гаргасан. Өмнө нь ч гаднын хүмүүс удирдан ажиллаж байсан. Аливаа асуудал хоёр талтай. Сайн хийж чадвал сайн үр дан гарна. Муу хийвэл муу үр дүн гарах ч магадлал байгаа. Тиймээс Төлөөлөн удирдах зөвлөл дээр нь хоёр гаднын гишүүн ажиллуулъя гэж байгаа. Зөвхөн гүйцэтгэх удирдлагын түвшинд хэдэн хүн ажиллаад ТУЗ дээрээ ойлголцохгүй бол үр дүнгүй гэж үзсэн.
-Яг хэдэн албан тушаал дээр гаднын захирлууд томилох вэ?
-Ажлын хэсэг дээр яриад эцэслэнэ. Засгийн газар дээр таван захирал, ТУЗ-ийн хараат бус хоёр гишүүн гаднаас томилох нь зүйтэй гэж ярьсан. Тэгэхээр 5-7 албан тушаалын сонгон шалгаруулалт яригдаж байна.
-Тавантолгой төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгө гаргаж барьсан учраас шилжүүлж авсан гэсэн. Цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” гүйцэтгэх удирдлагаар хангаад явах юм уу?
-Төмөр замын удирдлага зохион байгуулалтыг Зам тээврийн яам хариуцаж байна. Зам тээврийн яам Тавантолгой төмөр зам, Монголын төмөр замын давхардсан чиг үүргийг арилгаж, ашигтай ажиллуулах ёстой гэж үзэж байгаа. Үүнтэй санал нэг байгаа. Гэхдээ хөрөнгийг гаргаж, бүтээн байгуулалт хийсэн компани дээр бүртгэлгүй байж болохгүй. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой” компанид шилжүүлсэн. Зам тээврийн яам удирдлага зохион байгуулалтаар хангана.
-Хөрөнгө нь л танай дээр бүртгэлтэй болж байгаа юм уу?
-Хөрөнгө нь байна. Мөн хөрөнгийн удирдлагын ажлыг хийнэ. Тэр хөрөнгө зүгээр байгаад байж болохгүй, үр ашиг өгөх ёстой.
Баялгийн сангийн тухай хуульд хөрөнгөө гаргаж барьсан төмөр зам, авто зам, дэд бүтэц, эрчим хүч цахилгаан станцуудаа компани эзэмших, удирдлага зохион байгуулалтыг хийнэ гэж заасан. Энэ бол хөрөнгө оруулалтын үндсэн зарчим. Манай дээр гарч байгаа алдаа бол төрийн ч, хувийн ч компани бүтээн байгуулалт хийнэ гэхээр салбарын яам нь авах гээд дайрдаг. Энэ нь хөрөнгө оруулалтыг дэмжих биш зогсоох бодлого болчихоод байгаа юм. Тиймээс төрийн өмчийн компани ч хөрөнгөө гаргаж барьсан бол өмчөө салбар яаманд өгөх биш өөрөө авах ёстой. Ингэж байж төслүүд үр өгөөж, оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөж гэж заавал компани дээр байх ёстой.
-Тэтгэврийн зээлийг тэглэсэн өрийг төр төлсөн үү?
-Энэ асуудлаар Засгийн газрын өмнөх хуралдаанаас тодорхой шийдвэр гаргасан. Тэтгэврийн зээл тэглээд нэг их наяд гаруй төгрөгийн өр үүссэн. “Эрдэнэс силвер ресурс” үйл ажиллагаанаасаа өрийг барагдуулаад явж байгаа. 930 тэрбум төгрөгөөс 2024 онд 80 тэрбум төгрөгийн өрийг төлсөн. Одоо 850 тэрбумын өртэй байгаа. Компанийн мөнгөний нөөц дуусаж байгаа учраас “Эрдэнэс силвер ресурс” компани энэ өрийг төлж чадахгүй нөхцөл үүссэн. Тиймээс “Эрдэнэс силвер ресурс” буюу одоо нэрийг нь “Эрдэнэс Алт” болгон өөрчилсөн, “Эрдэнэс алт” компани дээр алтны хоёр төсөл хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэж байгаа. Гэхдээ хугацаа шаардах учраас Засгийн газар баталгаа гаргасан. Өөрөөр хэлбэл, гаргасан бондын хугацаа энэ жил дуусаж байгаа учраас Засгийн газар баталгаа гаргахаар шийдвэрлээд энэ асуудал дампуурал зарлах эрсдэлгүй болсон. Гэхдээ өр бол тэглэгдээгүй, хэвээрээ байгаа.
-Засгийн газрын баталгаа хэдэн жилийн хугацаатай вэ. Энэ хооронд шинэ төслүүдээсээ өрөө дарна гэж тооцож байгаа юм уу?
-Урт хугацаандаа өрөө төлөх боломжтой гэж үзэж байгаа. Богино хугацаанд төлөх боломжгүй учраас л Засгийн газар баталгаа гаргаж байгаа гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн