Улсын хэмжээнд 2024 оны 11 сарын байдлаар 1 сая 700 мянган жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус торгуулийн арга хэмжээ тооцуулсан. Үүнээс ойролцоогоор 870 мянга буюу 50 орчим хувь нь торгуулиа хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. Энэ нь торгуулсан хоёр жолоочийн нэг нь торгуулиа тушаагаагүй байна гэсэн үг. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс торгуулиа төлдөггүй жолооч нарт албадан арга хэмжээ авдаг болох аж.
Үүнтэй холбоотойгоор ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Х.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
Тэрээр “Монгол Улсын Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
Хуульд орсон нэмэлт, өөрчлөлтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хамтарсан тушаалаар “Эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага, хоорондын үйл ажиллагааг зохицуулах мэдээлэл солилцох журам”, “Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал”-ыг тус тус баталсан.
Зөрчлийн тухай хуульд торгуулиа хуульд заасан хугацаанд буюу 15 хоногийн дотор төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөрүүлэх, хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу 15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд 50 хувиар нэмэгдүүлнэ. Торгуулийг сар бүр 10 хувиар нэмэгдүүлж тухай бүр нэмэгдүүлсэн дүнгээр жолоочийн бүртгэлтэй “Гар утас” болон “E-Mongolia”-гаар дамжуулж хүргэх болно.
Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ээр дамжуулж торгуулийг шалгаж, иргэнд мэдэгдэл хүргэнэ.
Жишээлбэл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.31 “Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу 50,000 төгрөгөөр торгуулсан бол дээрх журам аргачлалын дагуу таны торгууль 75,000 төгрөг болж нэмэгдэнэ.
Торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй жолооч:
-тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах арга хэмжээнүүдийг цагдаагийн байгууллага, автотээврийн үндэсний төвийн эрх бүхий тушаалтнууд авна.
Хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийг хууль, журамд заасны дагуу тусгай талбайд хүргэх буюу өөрөөр хэлбэл түр саатуулах хашаанд зөөж шилжүүлнэ.
Нийт торгуулийн дүн 50 хүртэл хувиар нэмэгдүүлж тухайн хугацаандаа торгуулиа төлөөгүй бол эрх бүхий албан тушаалтан шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх, нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих санал хүргүүлнэ. Торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс бага бол:
Торгуулийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх буюу төлүүлнэ.
Торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс дээш бол:
Торгуулийн нийлбэр дүнд тохирсон цагаар нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солиулна.
Нийтэд тустай ажлыг өдрийн 8 цагаас дээшгүй хийх бөгөөд нэг өдрийг 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцож шүүх шийдвэрлэнэ. Тодруулбал, нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг жирэмсэн эмэгтэй, 55 дээш насны эмэгтэй, 60 дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй байхаар хуульчилсан.
Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 дэх хэсэгт зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна гэж хуульчилсан.
Иймд торгуулиа хуулийн хугацаанд төлөөгүй, хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг байнга эсхүл ноцтой зөрчсөн зөрчилд эрх хасах шийтгэлийг нэмж оногдуулна.
Жишээлбэл, та замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд цагдаагийн алба хаагч зогсоон шалгаж, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгсэлд дээр хуульд заасан хугацаанд төлөгдөөгүй хэд хэдэн торгууль байвал таны гаргасан зөрчил дээр арга хэмжээ тооцохдоо эрх хасах шийтгэлийг хуульд заасан хугацаагаар нэмж оногдуулна” гэсэн юм.