Өмнөд Солонгосын зохиолч Хан Кан нь 2024 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн анхны ази эмэгтэй болсон билээ. Өдгөө 54 настай уг зохиолч хүн төрөлхтний хүчирхийллийн үнэн чанарыг хөндсөн бүтээлүүдээрээ алдартай нэгэн. Аав нь зохиолч байсан учраас номоор дүүрэн гэрт өссөн тэрбээр 2023 онд Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ном миний хувьд яг л тасралтгүй хүрээгээ тэлж, олширч байдаг хагас амьд оршихуй байсан” гэж хэлж байжээ.
Ингээд Нобелийн шагналтан Хан Кан зохиолчийн онцлох ярилцлагуудаас түүвэрлэн хүргэж байна.
2017 онд Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагын хэсгээс
-Таны шинэ ном болох “The White Book” дээр төрөөд хоёр цагийн дараа нас барсан эгчийн тань талаар өгүүлдэг шүү дээ. Юу таныг одоо түүний тухай бичих боломжтой болгож, бичихийг хүсэхэд хүргэсэн бэ?
-Би эгчийнхээ тухай бичих бодолгүй байлаа. Би өөрөө эгчийг маань мартаж чадаагүй аав, ээж дээрээ өссөн хүн. “Human Acts”-г бичиж байхад нэг мөр харилцан яриа байсан юм. “Битгий үх. Битгий үхээрэй” гэж. Тэр надад хачирхалтай гэмээр танил байсан болохоор миний дотор эргэлдээд л байсан. Тэгээд би гэнэт ээжийн маань дурсамжийн нэг хэсэг байсныг олж мэдсэн. Намайг төрөхөөс өмнө нас барсан эгчид маань энэ үгсийг дахин дахин хэлж байснаа надад хэлсэн юм.
-Та үхэл тохиосон газар төрж, өссөн тухайгаа бичсэн шүү дээ. Өсөж том болоход тань энэ бүхэн хэрхэн нөлөөлсөн бэ?
-Дан ганц тэр гарзын тухай биш л дээ. Бидний ямар үнэ цэнтэй тухай байсан л даа. Аав, ээж хоёр ах бид хоёрт “Та хоёр бидэнд маш нандин хүмүүс болж ирсэн. Бас та хоёрыг удаан хүлээсэн” гэж хэлсэн. Гэхдээ уй гашуу ч мөн адил байсан. Гашуудал, амьдралын нандиныг мэдрэх мэдрэмжийн холимог байсан даа.
-Хэрэв ээжийн тань анхны хоёр хүүхэд нас бараагүй байсан бол та болон таны дүү төрөхгүй байх байсан гэдгийг та номдоо дурддаг. Тэр ямар санагддаг вэ?
-Ээж маань намайг тээж байхдаа хүнд өвчтэй байсан болохоор эм их уудаг байсан. Бие нь их сул байсан учраас үр хөндөлт хийлгэх талаар ч бодсон гэсэн. Харин дараа нь миний дотор нь хөдөлж байгааг мэдрээд намайг төрүүлэхээр шийдсэн. Би хорвоо ертөнц түр зуурынх гэж боддог л доо. Мөн надад энэ хорвоо азаар олдсон гэж боддог.
-Та өсвөр наснаасаа л мигрень өвчнөөр өвчилсөн шүү дээ. Энэ өвчин таныг их зовоодог уу?
-Мигрень өвчин намайг хүн гэдгийг минь үргэлж сануулдаг. Мигрениэр өвдөх үед би ажил, номын уншлага, амьдралын хэв маягаа зогсоох хэрэгтэй болдог учраас намайг үргэлж хүлцэнгүй болгож, өөрийгөө мөнх бус, хэврэг нэгэн гэдгийг ойлгоход тусалдаг. Магадгүй би 100 хувь эрүүл саруул байсан бол зохиолч болж чадахгүй байсан байх.
-Та 14 настайдаа зохиолч болохыг хүсэж байгаагаа мэдсэн гэж хэлсэн. Яг яаж мэдсэн бэ?
-Би ерөнхий асуултуудын хариултыг хайж байсан. Тэгээд уншигчийн хувьд зохиолч бүр хариулт хайхынхаа хажуугаар ямар ч дүгнэлт байхгүй ч гэлээ бичсээр байдгийг ойлгосон. Тэгээд л би яагаад хийж болохгүй гэж гэж бодсон.
-Зохиол бичихэд тань ямар зохиолч хамгийн их нөлөөлсөн бэ?
-Солонгос зохиолчдоос би Им Чол Вүгийн богино өгүүллэгт дуртай. Гадаадын зохиолчдоос гэвэл Достоевскийд дуртай.
“Banana Writers” сайтад өгсөн ярилцлагын хэсгээс
-Ер нь та яагаад бичдэг вэ?
-Бичих нь миний хувьд асуулт асуух арга л гэсэн үг. Би хариулт олох гэж оролддоггүй, харин асуултаа дуусгах эсвэл аль болох урт хугацаанд асуултын дотор үлдэхийг хичээдэг. Нэг ёсондоо бичихийг нааш цааш алхахтай зүйрлэж болно. Урагшаа явж, дараа нь дахиж буцаж ирээд л дотоод сэтгэлийг чинь түгшээж, бие арзайлгадаг асуултуудыг тунгаан боддог доо.
-Та "Хүмүүс аймшигтай, бас би тэдний нэг" гэж хэлж байсан. Түүгээрээ юуг илэрхийлсэн бэ?
-Би 1980 оны нэгдүгээр сард есөн настайдаа гэр бүлийнхээ хамт Гванжүгаас Сөүл рүү нүүсэн. Гванжүгийн бослого болохоос ердөө дөрвөн сарын өмнө байсан юм. Хэдэн жилийн дараа тэр үеийн талаарх гэрэл зургийн номууд хэвлэгдэж, баримт болгож үлдээхийн тулд нууцаар тараасан байлаа. Би аавынхаа номын тавиур дээрээс тэр номуудын нэгийг олсон нь нэг ёсондоо миний амьдралыг тодорхойлох туршлага болсон. Хэрвээ би тийм бага залуу байгаагүй бол улс төрийн талаар илүү мэдлэгтэй байх байсан. Гэхдээ би дөнгөж 12 настай байсан. Гэрэл зургийн номд гүн шархдаж үхсэн олон хүний царай үлдсэн байсан. Тэр ном дуусахад би дотроо "Хүн аймшигтай юм" гэж бодсон. Би тэр "хүмүүсийн" нэг гэдгээ хүлээн зөвшөөрөх арга зам олж чадаагүй. Гэхдээ хүний эрхэм чанар, тайлагдашгүй хүч чадлын жишээ гэрэл зурагт үлдсэн байсан. Жишээ нь, би Онц байдлын цэргийн арми хүмүүсийг олноор нь буудсаны дараахан шархадсан хүмүүсийн төлөө цусаа өгөхийг хүссэн жирийн иргэдийн эцэс төгсгөлгүй цувааг харсан. Тэр үед миний толгойд ийм хоёр тайлагдашгүй асуулт үлдсэн юм.
-Хүмүүс яаж ийм хэрцгий байж чаддаг байна аа?
-Хүмүүс тэр аймшигт хүчирхийллийн эсрэг тэмцэхийн тулд юу хийж чадах вэ?
2024 онд “Maeil Business Newspaper”-т өгсөн ярилцлагын хэсгээс
-Таны бодлоор роман бичих, уншихын хүч, өөрөөр хэлбэл роман хорвоо дэлхийд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ. Ийм хатуу ширүүн ертөнцөд роман ямар хүч чадалтай вэ?
-Бидний өдөр тутмын амьдралд үнэхээр гүн гүнзгий үнэнийг олж харах, харуулах амаргүй байдаг. Яг л найзтайгаа хооллож байхдаа "Би ойрд амьдрал гэж юу болох талаар их бодож байгаа" гэж хэлэхэд хэцүү байдаг шиг. Уран зохиол ил гаргаж ирэхэд амаргүй чухал сэтгэл хөдлөл, гүн гүнзгий асуултууд, мэдрэмжүүдийг хөнддөг ч гэлээ түүнийг уншсан хүмүүс гэнэт л өөрийнхөө дотор байсан тэр зүйлсийг гаргаж ирдэг. Уншиж байгаа зохиолынхоо доторх нэг хүн нь болж, өөрөөсөө дахин дахин зугтсаар дараа нь буцаж ирэхдээ өөр доторх хоосон зайгаа мэдэрч, өөртэйгөө ил тодоор нүүр тулдаг. Тийм ч учраас роман бол илүүдэл зүйл биш, харин биднийг холбодог утас шиг бидэнд хэрэгтэй зүйл гэж боддог.
Эх сурвалж: The Guardian, Banana Writers, Maeil Business Newspaper